УИХ-ын чуулганы Баасан гарагийн (2024.04.19) нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар  “Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Уламжлалт мал аж, ахуйг байгаль цаг уураас хамгаалах гэдэг агуулга уг нь их чухал. Гэтэл оруулж ирж байгаа хуулийнх нь үзэл санаа үнэндээ авах юм алга. Энэ хуулийн нэрийг бараг Уламжлалт мал аж ахуйг социалист тогтолцооноос нь салгах гэж өөрчилмөөр юм байна. 

Малчдыг “Та нар Монголын хөдөөг харж хамгаалж байх ёстой харуулууд шүү, уламжлалт соёлыг тээж явах хүмүүс шүү” гээд хөөргөчихсөн.  Өнгөрсөн хугацаанд явж ирсэн энэ хоосон хошхируулалтыг өөрчилж, эдийн засагжуулах талаар энэ хуульд юу ч алга. 

Сум хөгжүүлэх сангийн мөнгийг хоршоодод дэмжлэг болгож зээл хэлбэрээр өгдөг бодлого хөтөлбөр одоог хүртэл үргэлжилж л байгаа. Тэрний үр дүн нь хаана байгаа юм бэ. Эсрэгээрээ найдваргүй зээлийн хувь маш өндөр болсон. Гэтэл яг адилхан хуулийн төслийг барид ороод ирж байна. 

Сонгуулийн өмнө санхүүгийн механизм ашиглаж мөнгө тараахын тулд Монгол Улсын бүхий л хууль тогтоомжийг уландаа гишгэдэг боллоо.

Таван их наяд төгрөгийн зээлийг хоршоодод өгөөд яах юм. Үүний ард эдийн засгийн ямар ч утга байхгүй. Тийм учраас Ардчилсан намын бүлэг эл хуульд гурав хоногийн завсарлага авъя” хэмээн хэллээ. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Хууль батлагдах гэхээр л Ардчилсан намын зарим гишүүд уурлаж, бухимдаад байх юм. Таван их наядын хөтөлбөрийг нэг өдөр хэрэгжүүлэх гэж байгаа юм биш. Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийх боломжийг нь урт хугацааны бага хүүтэй зээлээр бий болгох гэж байна.

Өнөөдөр малчны дундаж орлого 1.5 сая, дундаж зардал нь 2.1 сая төгрөг байна. Сар бүр 600 мянган төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа энэ хэлбэрийг өөрчилж, малчны сарын дундаж орлого 5 сая төгрөгөөс дээш болох боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр малчид ядуу эгнээг бүрдүүлдэг биш, чинээлэг дундаж давхаргыг төлөөлөх хэмжээний хөрөнгө мөнгөтэй, амьдралын чанартай болно.

Энэ хуулийг жадлан эсэргүүцэж, завсарлага авч байна гэдэг бол та бүхэн ард иргэдийг төлөөлөх эрхэм үүргээсээ няцаж байгаа хэлбэр шүү” хэмээн хэллээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ыг гурав хоногийн завсарлага авах боломжгүйг хэлээд 14:00 цаг хүртэл завсарлага өглөө. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу