УИХ-ын чуулганы Баасан гарагийн (2024.04.19) нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Төрийн өмчийн томоохон компаниудад гарч байгаа хулгай бол хөрөнгө мөнгөөр дэмжиж, УИХ-ын гишүүнийг парламентад гаргачихаад дараа нь өөрөө төрийн өмчит компани дээр очиж хулгай хийдэг цүнх баригч нартай холбоотой.  Гэтэл төрийн өмчит компанийг шилэн ил тод болгох концепцыг Засгийн газар оруулж ирсэнгүй.  Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн өмчит компанийг ард иргэдийн хяналтад оруулахын тулд төлөөллийг нь стратегийн төрийн өмчит компанид  оруулах нь зөв зүйл. Тийм учраас миний санаачлан өргөн барьсан “Эрдэнэт” үйлдвэрийн 20 хувийг Монголын ард түмэнд үнэгүй эзэмшүүлэх, 20 хувийг нийгмийн даатгалын шимтгэл төлдөг ажилтан албан хаагчидтай үндэсний компанид тодорхой хувиар борлуулж эзэмшүүлэх тогтоолын төслийг хамтад нь хэлэлцэх ёстой.

Тогтоолын төсөлд заасны дагуу Компанийн тухай хуулиар 36-аас дээш хувь байх юм бол тухайн төрийн өмчит компанид ард иргэд төлөөллөө оруулах юм.  Иргэдийн төлөөллийг оруулж байж, хариуцлагатай хүмүүсийг ажиллуулж байж, төрийн өмчит компани олон нийтийнх болно. Баялгийн сангийн тухай хуулиар Хуримтлалын сан зэрэг гурван санг яам, Тамгын газраас удирдлагыг сонгох асуудал дахиад орж ирж байгаа. Энэ нь дахиад цүнх баригч томилогдоно гэсэн үг. Ард иргэдийн хяналтад төрийн өмчит компани очихгүй, хувьцаа хангалттай тараагдахгүй гэсэн үг. Энэ хуулийг хэлэлцэхдээ иргэдэд хяналт очих, тогтоолын төслийг хамтатган хэлэлцэх ёстой гэсэн шаардлага тавьж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эрхэм гишүүдийг энэ хуулийн төслийг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Б.Пүрэвдорж гишүүний ярьж байгаа зарим зүйлтэй санал нэг байна. Гэхдээ яг ингэж ярьж байгаад стратегийн ордуудыг авсан шүү. 2006 онд УИХ-аар ороод стратегийн ордын жагсаалтад байсан төслүүдийг “Стратегийн орд биш” гэж лоббидож гаргасан. Тэр баримт УИХ-д байгаа. Удахгүй сонсголоор тодорхой болох байх. Ж.Ганбаатар сайд энэ талаар маш нарийн мэдээлэлтэй байгаа. 

Янз бүрийн лобби хийж байгаа хүмүүсийн ятгалгад УИХ-ын гишүүд автахгүй байхыг чин сэтгэлээсээ хүсэж байна. 2006 онд орсон стратегийн ордууд одоо дийлэнх нь байхгүй болчихсон. Эсвэл хуваагаад, нөөцийг нь багасгаад гаргаад авчихсан байгаа. Эсвэл УИХ-ыг лоббидоод Үндсэн хуулийн цэцэд нь авлига өгч байгаад гаргаад авчихсан. Тэгэхээр стратегийн ордтой холбоотой энэ зохицуулалт дээр хатуу байх ёстой. Уул уурхай хөгжсөн бүх улс тийм байгаа. Норвеги, Чили тийм л байгаа, ялгаатай зүйл хийх гээд байгаа юм биш.

Хоёрдугаарт, үүсмэл ордтой холбоотой асуудлыг П.Цагаанаас эхлээд  хог хаягдал гээд байгаа. Үгүй шүү. Энэ бол стратегийн ордтой адилхан баялаг. Оюутолгойн орд дээр ч бий болно.

Стратегийн ордыг хувь хүнд өгчихвөл ил тод болно гээд байна. Үгүй шүү. “Ачит Ихт” компанийн ард Ц.Элбэгдорж байгаа. Цаглабар гээд дансанд “Ачит Ихт” 13 сая ам.доллар шилжүүлсэн. Удахгүй баримтаар ил болно гэдэгт би итгэлтэй байна.

Энэ ил тод байдал юм уу. Энийг хог гээд гаргаж аваад үүсмэл орд болгоод нэг хүн ашиглаж байгаа нь ил тод байдал юм уу. 

Эрдэнэтийг “Саалийн үнээ шиг хөгшрөөд үхэх гэж байна” гээд авчихаад 600 тэрбум төгрөг өнөөдөр 2 их наяд болоод байгаа нь ил тод байдал юм уу. Ц.Элбэгдорж өнөөдөр “Миний үгийн алдаа байлаа” гэж байгаа. Ийм том стратегийн орд дээр төрийн тэргүүн үгийн алдаа гаргаж болдог юм уу.

Стратегийн ордыг хууль дамжуулж хулгайлдаг асуудал энд хүрээд эцэслэгдэх ёстой. 

Стратегийн орд эзэмшээд луйвардаж авсан хэдэн компаниуд энэ хуультай холбоотойгоор янз бүрийн ойлголт төрүүлдэгээ болих хэрэгтэй. П.Цагаан болих хэрэгтэй. МАК одоо хангалттай, болих хэрэгтэй. 34 хувь Хуримтлалын сан руу шилжих эрхийг нь зүгээр өгчих. Хэрвээ энэ дээр янз бүрийн асуудал гарах юм бол стратегийн ордуудыг буцааж авах, гарахад хэн яаж оролцсон бэ гэдгийг АТГ дээр ярих асуудал байж болохоор байгаа шүү. Тэгэхээр одоо хангалттай. Аятайхан байцгаачих. Яасан их мөнгөтэй юм.

П.Цагаан дээр очихоор ил тод болчих гээд байгаа юм уу. Тийм юм байхгүй шүү. 

Би огт нам ярихгүй байгаа. Хэзээ ч нам ярьж байгаагүй. Авлига байгаа бол шийдье гэж байна. 

Үндэсний баялгийн сангийн тухай хууль гэж 30-аад жил ярилаа.Үндсэн шийдэл дээрээ очих гэж байна.  Үүсмэл орд бол баялаг, хог гэж ард түмнийг тархийг угаадгаа болих хэрэгтэй шүү” хэмээн хэллээ. 

                 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу