Үндэсний баялгийн сангийн тухай хууль эцэслэн батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга үг хэлсэн.
Тэрбээр хэлсэн үгэндээ, 2019 оны Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээмжтэй байх, байгалийн баялаг ашигласнаас олох орлого, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэж хуульчилсныг дурдаад энэхүү үзэл санааны дагуу Засгийн газар манлайлан чухал хуулийн төслийг боловсруулсныг онцлов.
Мөн хууль батлагдсанаар Монгол хүн, Монгол газар, баялагтаа эзэн байх түүний үр шимийг тэгш, шударга хүртэх эрх зүйн үндэс баталгаажиж байна. Өмнө нь Хөгжлийн сангийн тухай, Ирээдүйн өв сангийн тухай хууль батлагдсан ч байгалийн баялгийн орлого, үр өгөөжөөс нь иргэдэд хүртээх зарчмыг зохистой хэрэгжүүлж чадаагүй тул баялгийн хулгай газар авсан. Баялгийн хулгайтай тэмцэх ажлыг Улсын Их Хурал, Засгийн газар манлайлж өнгөрсөн түүхэн дөрвөн жилийн хугацаанд олон өөрчлөлтийг хийсэн. Улсын Их Хурал, Засгийн газраас нээлттэй сонсголуудыг  зохион байгуулж нотлох баримтыг шинжлэн судалж энэ бодит байдлыг ил тод болгосон. Өнөөдөр гэхэд Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Хянан шалгах түр хороог байгуулж, нээлттэй сонсгол зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ бүхэн Үндэсний баялгийн сангийн тухай хууль бодитой хэрэгжих суурь нөхцөл болно.
Түүнчлэн тэрбээр, Энэ хуулиар Баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн гурван төрөлтэй байна. Ирээдүйн өв сан нь баялгийн үр өгөөжийг хуримтлуулах, хуримтлагдсан хөрөнгийг олон улсын санхүүгийн зах зээлийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар үнэ цэнийг нь өсгөх арвижуулахад чиглэгдэнэ. Хуримтлалын санд хуримтлуулсан орлогоор Монгол Улсын иргэдэд эрүүл мэнд, боловсрол, орон сууц худалдан авах зэрэг зориулалтаар дэмжлэг үзүүлнэ. Хөгжлийн сангийн хөрөнгөөр Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлнэ. Монгол Улсын иргэн бүр хуримтлалын нэрийн данстай байна. Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг энэ дансанд бүртгэнэ. Үүнийг хэрэгжүүлэхэд Монголбанк өндөр үүрэг хариуцлагатай байхаар хуульчилсныг тодотгов.
Улсын Их Хурлын дарга  хэлсэн үгийнхээ төгсгөлд, Монгол Улс байгалийн асар их баялагтай, газрын хэвлий эрдэнэс баялгаар дүүрэн орон. Ийм баялагтай улсын ард түмэн ядуу, хөгжлөөс хоцрогдсон байж таарахгүй. Эцэг, өвгөдөөс үр хойч бидэндээ үлдээсэн энэхүү баян, дэлгэр газар нутгийн хөрс шороонд буй баялгаа зөв ашиглаж, үр дүнтэй зарцуулж, ашгийг нь хүртэх нь монгол хүний үндсэн эрх. Монгол хүн болж төрсөн хүн бүхэн энэ эрхийг хэнтэй ч хуваалцахгүйгээр эдлэх ёстойг онцлон тэмдэглэж байлаа 

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу