Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны нэг болох Шилэн ажиллагааны талаар тус ажиллагааг хариуцаж буй ЦХХХ-ны сайд, УИХ-ын гишүүн Н.Учрал мэдээлэл өгч байна. (2023.03.27)


Тэрбээр “Шилэн ажиллагааны эх үндэс нь мэдээллийг ил тод, нээлттэй болгохоос эхэлж байгаа. Нуугдаж байгаа мэдээллүүдийг бид эхлээд шилээр харж мэднэ. 

Shilengov.mn гэсэн мэдээллийн нэгдсэн платформ дээр холбогдох мэдээллүүдийг нэгтгэж,  дүн шинжилгээ хийж, мэдээллийг иргэддээ илүү цэгцтэй, ойлгомжтой хэлбэрээр хүргэхээр болсон. 

Энэ хүрээнд shilengov.mn-ээр 426 тусгай зөвшөөрөл эзэмшигч, 2590 хуулийн этгээдийн мэдээллийг нээлттэй болгож байгаа.

Ингэснээр, 

  • Иргэд төрөө тогтмол хянах;
  • Хэвлэл мэдээллийн байгууллагууд илүү эх сурвалжтайгаар мэдээллийг олж авах; 
  • Төрийн бус байгууллагуудад илүү эх сурвалжтай мэдээллийг өгч, хангаж ажиллах; 
  • Бизнесүүд чөлөөтэй өрсөлдөх боломжийг нээх боломж үүснэ.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийн 8-р зүйл бүхэлдээ мэдээллийг ил тод болгоход чиглэсэн байгаа. Үүнд 68 мэдээлэл агуулагддаг. 

shilengov.mn-ээр ил тод байдлын шилэн индексийг сар тутам зарлана. Засгийн газраас шийдсэн орон тооны бус зөвлөл ажиллаж, тухайн төрийн байгууллагыг мэдээллээ ил тод нээлттэй болгосон эсэх, шалгуур шаардлага хангасан эсэхийг хянана. Улмаар байр эзлүүлж, өнгөөр ялгадаг болно. 

Засгийн газрын 352 дугаар тогтоолоор шалгуур үзүүлэлт, үнэлгээ хийх журмыг баталсан. Энэ хүрээнд ЦХХХЯ мэдээллүүдэд үнэлгээ хийж байгаа. Өнгөрөгч оны арванхоёрдугаар сард төрийн бүх байгууллагууд руу хуулийн хүрээнд мэдээллээ ил болгох шаардлагыг хүргүүлсэн. Үнэлгээг 7 хоног бүр хийгээд явж байгаа. Гэтэл цахимжилт явж байна, иргэнд мэдээллийг ил тод байлгаж байна гэж ярьж байгаа хэрнээ найман жилийн өмнө хуучирсан баримт тавьчихсан сайттай төрийн байгууллагууд хүртэл байна.

Жишээлбэл, мэдээллээ ил тод болгох ажлын дундаж хэрэгжилт аймгуудад 43 хувьтай байна. Хагас дутуу нээлттэй байна гэсэн үг. Мэдээлэл ирүүлэх тухай албан бичигт 21 аймгаас 12 аймаг огт хариу ирүүлээгүй. Тиймээс мэдээллийг ил тод болгоход саад учирч байна. Төрийн байгууллагууд мэдээллээ нээлттэй болгох үүргээ биелүүлэхгүй байна. Тиймээс ил тод байдлын шилэн индексийг сар тутам зарлана” гэлээ. 

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу