Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар нарын 17 гишүүн Малчны тухай хуулийн төсөл, мөн Малчны тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг өнөөдөр (2024.04.19) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Малчны тухай хуулийн төслийн талаар
Хуулийн төслийн зорилго нь уламжлал, өв соёлыг хамгаалж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэх малчны эрх зүйн үндсийг тодорхойлох, малчны хөгжил, бүтээмж, хариуцлагатай байдал, хамтын санаачилга, өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтыг дэмжин хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэгдэнэ.
Хуулийн төсөл нь 6 бүлэг 21 зүйл бүхий бүтэцтэй байна. Хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, эрх зүйн хүрээнд дараах эерэг үр дүн гарна. Үүнд:
–       Малчдын эрх зүйн байдлыг тодорхой болгож, нийгмийн өмнө хүлээх эрх, үүргийг тогтоож, үйлдвэрлэгч-менежер, хариуцлагатай байх, хөгжих боломжийг нээнэ.
–       Монгол орны бэлчээрийн мал аж ахуй эрхлэх өвөрмөц онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, зан заншлыг хадгалах, хамгаалахад чиглэгдсэн эрх зүйн зохицуулалтын орчин бүрдэнэ.
–       Мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрсдэл даах чадавхтай, үр ашигтай, тогтвортой хөгжилтэй салбар болгон хөгжүүлэх үзэл баримтлалыг хангана.
–       Хариуцан ашиглах эзэн эрхийг малчдад олгох нөхцөлийг бүрдүүлснээр бэлчээрийн газрыг зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, хяналт тавих үйл ажиллагааны хариуцагч эзэн тодорхой болно.
–       Сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах малчдын зохион байгуулалтын тогтолцоо бүрдэнэ.
–       Малчдын дунд уур амьсгалын өөрчлөлт, ган, зудын сөрөг нөлөөллөөс сэргийлэх менежментийг тодорхой болгосноор мал аж ахуйн үйлдвэрлэлийн эрсдэлийг бууруулна.
–       Малчдын залгамж халааг бэлтгэх, малчдад насан туршийн боловсрол олгох, мэдлэгжүүлэх, цахим системийг нэвтрүүлэх тогтолцоог бүрдүүлнэ.
–       Малыг эдийн засгийн эргэлтэд тогтмол оруулах, ашиг шим, чанар, бүтээмжийг сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сонирхлыг бий болгоно.
–       Малчдыг дэмжих үйл ажиллагааны зарчим, цар хүрээ, дэмжлэгийн хэлбэр, төрийн оролцоо, хязгаарыг тодорхой болно.
–       Малчин өрхийн үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих, чанар-үнэ-урамшуулах тогтолцоог хөгжүүлж, эргэлтийг эрчимжүүлэх нөхцөлийг бүрдүүлснээр тэдгээрийн өрхийн орлого, эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлнэ.
–       Хөдөөд суурьшиж, уламжлалт бэлчээрийн мал аж ахуй эрхлэх малчныг урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжсэнээр хотоос хөдөө рүү шилжих урсгалыг нээж, нийслэлийн хэт төвлөрөл, замын ачаалал, агаарын бохирдлын ачаалал, сөрөг нөлөөг бууруулна.
–       Хариуцлагатай малчдыг хөнгөлөлттэй зээлийн болон татварын бодлогоор дэмжсэнээр малчдын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлж, чадавхжих сонирхлыг нэмэгдүүлнэ.
–       Малчдын хөдөөд ая тухтай ажиллаж, амьдрах орчныг сайжруулснаар хөдөөгийн хөгжилд ахиц гарч, малчинд хүргэх нийгмийн үйлчилгээний тогтвортой байдал, эрх тэгш байх эрх хангагдана.
Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн талаар
Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх тухай хуулийн гол зорилго нь нийгмийн даатгалын санд хуульд заасны дагуу төлөх ёстой байсан тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд алданги, хүү, торгууль тооцохгүй байх зохицуулалтыг агуулж байгаа аж. Уг тэтгэврийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасан итгэлцүүрийн дагуу нөхөн төлүүлнэ гэж хууль санаачлагчид үзжээ.
            Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд 2021 онд өөрчлөлт оруулж, 2022 оны 01 дүгээр сарын  01-ний өдрийг хүртэл сунгасан.
Хуулийн төсөл баталснаар Монгол Улсын төрийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, онцгой нөхцөл байдлаас хамаарч малчны тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй малчдын Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхээ эдэлж тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломж бүрдэж, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах болзол, нөхцөл бүрэлдэх аж.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу