Dobu.mn сайт өнгөрч буй долоо хоногт (2024.04.15-2024.03.21) нийтлэсэн онцлох ярилцлагуудаа хүргэж байна.


П.Түдэвдорж: Манайд солгой хоолойтой хүмүүс зөв дуулж сураад, “Мөрөөдөл минь биеллээ” гээд явдаг

-Солгой хоолойтой хүнийг засдаг гэлээ. Энэ тухайгаа дэлгэрүүлбэл?

-Биеийн бүтцийн хувьд солгой хоолой гэж байдаггүй. Хүн бүрийн хоолойны бүтэц яг адилхан. Солгой гээд байгаагийн учир нь тэр хүнээс өөр өнгө л гараад байгаа юм. Сонсголын асуудал байгаа гэсэн үг. Тийм сонсгол мэдрэмжийн асуудалтай хүмүүсийг мэргэжлийн багш нар мэргэжлийн дасгал хийлгэсээр зөв дуулж сургадаг. Дууны өнгийг нь зөв таниулчихвал тэр хүн зөв дуулаад сурчихна.

Жишээлбэл, цагаан өнгийг ийм өнгө байдаг гээд бүх хүн хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүнтэй адил долоон нот дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдчихсөн шүү дээ. Гэтэл цагаан өнгийг энэ бол ногоон өнгө гэвэл ямар байх вэ. Үүнтэй адил “До” өнгийг дугаргаж байхад солгой хоолойтой хүмүүс “Ми” гэж ойлгоод байгаа юм. Тэр хүмүүст энэ бол “До” шүү гэж сонсголын хувьд итгэн үнэмшүүлнэ. Ингээд тэр хүн зөв дуулж сурна.

-Хүн өөртөө байхгүй зүйлээ илүү хүсдэг. Солгой өнгө гаргаад байгаа хүмүүс дуулах маш их хүсэлтэй байдаг. Даанч эргэн тойрныхон нь “Чи солгой юм байна” гээд хэлчихдэг. Ингээд тэр хүн дарагдаад яваад байгаа юм. Манайд солгой хоолойтой хүмүүс маш их ирж, хөгжмөө тавиад дуулдаг болоод, “Мөрөөдөл минь биеллээ” гэдэг. Түүнээс нь бид маш их урам авдаг.

Бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу. 


Б.Саранчимэг: Говийн бүсэд зөвхөн уул уурхай бус худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатай

 

-Тантай холбоотой Боловсролын зээлийн сангийн асуудал гараад байсан шүү дээ. Уг асуудал энэ Америк явсантай холбоотой юу. Хэдэн онд сурахаар явж байсан бэ.

1999 он. Тэр үед гучин нас л хүрч байлаа. Тэр үед, үнэхээр сургуульдаа тэнцсэн сурагч тэтгэлэг авах боломж олдсон. Гадаадад суралцана гэдэг маш хэцүү байлаа шүү дээ. Англи хэлтэй хүн ховор, дээрээс нь тэр мэдээллийг олж авна гэдэг их ховор. Сургуулиа судлаад тийш нь мэйл бичиж байгаа юм. Тэр мэйл ээ датаком дээр очиж бичээд, хариуг нь долоон хоногийн дараа ирдэг байлаа. Сургуульдаа тэнцэхийн тулд удаан хугацаанд бэлдсэн, мөн тэнцэж чадсан. Тэр ч утгаараа улсын тэтгэлэг авч суралцахаар болсон. Тухайн үед мэргэжлээрээ тухайн улсад сураад, эх орондоо ирсний дараа мэргэжлээрээ гурван жил ажиллана гэдэг заалттай байсан. Миний бие ч уг шаардлагыг бүрэн гүйцэт биелүүлсэн.

-Эргээд төлсөн гэдэг асуудал бас яригдаж байсан.

Зээл, тэтгэлэг гэдэг бол хоёр өөр асуудал л даа. Тухайн үед суралцаж ирээд тэтгэлгийн гэрээний дагуух үүргээ би биелүүлж улсдаа гурван жил ажилласан. Гэсэн хэдий ч би суралцсан хугацааны төлбөрөө төлсөн. Нэг ч гэсэн хүүхдэд боломж бэлэглэх гэсэн дээ тэр шүү дээ.

-Одоо бол өөр болсон байна шүү дээ. Мэдээлэл, олон нийтэд ойр байдаг хүмүүс, сайд дарга нарын хүүхдүүд сурахаар явчихлаа гээд л хэл ам болоод байгаа.

Ерөнхийлөгч маань үнэхээр чадвартай, мэдлэгтэй сурагчдын боломжийг нээж, олон сайхан тэтгэлэг зарлаж байна. Үүнтэй адил бас нэгэн том боломжийг олгосон. Мөн сургуульд тэнцэнэ гэдэг бол маш том шалгуур байлаа. Одоогийнх шиг англи хэлтэй хүүхэд ховор, цахим хэрэглээ хөгжөөгүй байсан үед онлайнаар шалгаруулалтад оролцож тэнцэнэ гэдэг бол маш их бэлтгэл, хичээл зүтгэл шаардаж байлаа. тэр хичээл зүтгэл минь ч талаар болоогүй, сургуулиас маань тэнцсэн гэсэн урилга ирж байлаа. Хүссэн сургуулиасаа урилга авсан тэр үе миний амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг.

Америк бол миний хувьд цоо шинэ орчин, нүд нээсэн их том алхам болж байлаа. Тэнд сурсан зүйлээ монголдоо хэрэгжүүлж, үр өгөөжийг нь гаргах юм сан гэсэн хүсэл дүүрэн сурсан даа. Тэр тусмаа тэндхийн ногоон байгууламжууд, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг эх орондоо байгуулах юм сан гэж хүссэн. Хүсэл маань өнөөдөр бага ч гэсэн биелсэнд баярладаг.

-Одоогийн цэцэрлэгт хүрээлэнг та анх төсөл байх үед нь төслийн удирдагчаар ажиллааж байсан санагдаж байна. Тухайн үед газар дээрээ нөхцөл байдал ер нь хэр байсан юм бэ. Одоо бол цэцэрлэгт хүрээлэн сайхан л байгаа.

2008 онд Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр анх сонгогдсон. Тэр үед Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг гаргалцаж байсан. Улмаар 2010 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргаар томилогдож байлаа.  Тэр үед бараг хашаа ч байхгүй, төлөвлөлтгүй, дэд бүтэцгүй байв. 27 ажилтантай, таван бээлий, таван  хүрзтэй л ажлаа эхэлж байсан юм.

Ийнхүү шороо боссон эзгүй газар шинжлэх ухааны суурьтай судалгаа хийж, ажлаа хэлээд таван жилийн дараа иргэдийн очдог газар болгож чадсан. Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 23 хувийг дангаараа эзэлдэг. 170,000 гаруй модыг тарьж ургуулсан, үндэсний хэмжээний том усан оргилуур тэнд бий болсон. Мөн Япон, Солонгос, Хятад зэрэг улсуудад ажилтан, мэргэжилтнүүдээ бэлтгэж сургадаг байлаа.   Ингээд сурсан мэдсэнээ ашиглаад гаднын улс орноос долоон тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг энэхүү бүтээн байгуулалтад авч ирж чадсан байдаг юм.

Бүрэн эхээр ЭНД дарж уншина уу.


Т.Тэгшжаргал: Хүүхдийн гэгээн ертөнцөөс гоё мэдрэмж авдаг учраас ажилдаа дуртай

“Хүүхдийн эмч гэдэг бол гэр бүлийн хамгийн нандин хүний эрүүл мэндийг хариуцсан хүн учраас өөртөө маш өндөр хариуцлага тавьдаг” хэмээн ярих бүсгүйг Т.Тэгшжаргал гэдэг. Тэрбээр Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн Хүүхдийн эмч юм.

“Хүүхдэд үнэхээр хайртай болохоор мэргэжлээсээ огт шантарч байгаагүй. Харин ч өхөөрдөм хүүхдүүдийн гэгээн ертөнцөд байгаагаа аз завшаан гэж боддог” хэмээн Т.Тэгшжаргал ярина. Тус төвд хүүхэдтэйгээ хэвтэн эмчлүүлж буй эцэг, эхчүүд түүнийг ажлаа чин сэтгэлээсээ хийдэг хэмээн ам сайтай байдаг. Иймд бид түүнийг зорин очиж, ярилцлаа.

-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Ажлын цаг маш хурдан өнгөрдөг. Нэг л мэдэхэд өдрийн цайны цаг болж, хүүхдүүдээ үзэж дуусаад, өвчтөний түүх рүүгээ орсон байдаг.

Тасагт ажиллаж байгаа учраас өглөө ирээд хамгийн түрүүнд хүнд хүүхдээ эргэж, биеийн байдал нь тогтвортой хоносон байвал санаа амардаг. Дараа нь гарах хүүхдийнхээ өвчний түүхийг бичиж, эцэг эх, асран хамгаалагчид нь зөвлөгөө өгнө. Ингээд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдээ үздэг.

Мөн л хүүхдүүдээ нэг нэгээр нь үзэж, асран хамгаалагч нарт шинжилгээ болон хийх эмчилгээгээ танилцуулж, утлага хийх заавар, зөвлөгөө өгч дуусахад өдрийн цайны цаг болсон байдаг. Цайны цагийн дараа өвчний түүхээ бичнэ.

Дахиж давтан шинжилгээ авах хүүхдүүдээ эргэж үзэхэд ажлын цаг дууссан байдаг.

Долоо хоногт 1-2 удаа эмнэлэг дээрээ жижүүрлэж хонодог. Энэ үедээ хүнд хүүхдүүдээ хоёр цаг тутамд үзэж, бусад шинж тэмдэгтэй хүүхдүүдээ ойр ойрхон эргэж, үзлэг хийдэг.

-Та ажлаа ямар арга барилаар хийдэг вэ?

-Ажлаа стрессгүй, өөрт амархан байдлаар бөгөөд хүүхдийг бүрэн эдгээгээд гаргах юмсан гэж сэтгэлээсээ хийдэг. Хүүхэд өөрөө маш гэгээлэг ертөнц. Хүүхдийг үзэхэд хайр хүрмээр, гар нь хүртэл маш жижигхэн, өхөөрдөм байдаг.

Зүрхний цохилтыг нь чагнах аз завшаан хүүхдийн эмчид л байдаг.

Тэр бяцхан нэг, хоёрхон сартай, настай хүүхдийн зүрхний цохилтыг нь сонсох тэр мэдрэмж хамгийн гоё. Тийм учраас ажилдаа маш их дуртай.

Бүрэн эхээр ЭНД дарж уншина уу. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу