Уран бүтээлч Ч.Золжаргалын “ГҮМҮДА-Тэр ертөнц” бие даасан үзэсгэлэн энэ сарын 6-нд нээлтээ хийсэн. Байгалийн шавар буюу керамикаар хийгдсэн мянган “Гүмүда цэцэг агаарт хөвөх мэт” энэхүү үзэсгэлэн Хаан галерейд энэ сарыг дустал үргэлжлэх юм. Соёл урлагийн Их сургуулийн керамик урлагийн багш, уран бүтээлч Ч.Золжаргалын анхны бие даасан үзэсгэлэнг зорьж түүнтэй хэсэгхэн ярилцсаныг хүргэж байна.

 

Түүний бага нас Улаанбаатар хотод өнгөрчээ. “Аав, ээж ажилдаа явж, эгч дүү нар хичээлдээ явах үед ганцаараа үлдэж зураг зурах, баримал барих зэргээр өөрийгөө саатуулж л өссөн” хэмээн бүдэг зөөлөн дуугаар ярина.

-Дүрслэх урлаг тэр дундаа керамик гэх зүйлтэй анх хэрхэн танилцаж байсан бэ?

Анх байгалийн шавраар бүтээл туурвиж эхэлж байхад хүмүүс керамик гэдэг үгийг ч мэддэггүй байсан. Мэддэг нэг нь тоосго ч юм уу, хуучин шаазан ваарын үйлдвэрээр төсөөлдөг байлаа. Тиймдээ ч би энэ чиглэлийн мэргэжил байдаг ч гэж бодоогүй байсан гэх үү дээ.

Анх зураач болохоор шалгалт өгч сургуулиа аваад, ангиа сонгох гэж байсан. Яг тухайн үед нэг танилын эгч маань ийм анги байдаг тухай хэлсэн. Уран зураг, уран баримал хоёулыг нь хамт эзэмшиж болдог гэдгийг нь мэдээд сонгож байлаа. Одоо ч энэ мэргэжлийг сонгосондоо харамсдаггүй.

-Багадаа зураг зурах дуртай байсан гэсэн. Зарим хүмүүс багадаа морь зурсаар байгаад морины зураач болчихсон байдаг. Та мөн багадаа цэцэг голдуу зурдаг байв уу?

Би багадаа цэцэрлэгт бараг яваагүй шахам гэж хэлж болно. Өглөө босоод л зургийн дэвтэр, баримлын шавраар тоглодог. Өөрөө өөрийгөө саатуулаад л үлддэг байсан хүүхэд \инээв\. Тэр үед зураг зурах нь надад хань болж байсан болов уу. Цонхоор хотыг ажиглаад өдөржин боллоо ч хотын тухай зурдаггүй, юу хүссэн ээ зурдаг байсан. Төрөл, жанр гэж мэдээж ойлгохгүй шүү дээ, юу зурмаар байна түүнийгээ л зурдаг байлаа. Бас зураач, барималчин биш эмч болно гэж боддог хүүхэд байсан. Хичээл номдоо ч гайгүй сурлагатай байсан хэдий ч энэ мэргэжлийг сонгосон.

-Зураг зурах нь бүр багаасаа дуртай байсан зүйл байх нь. Тэгвэл зураг, будаг, шавар танд ямар мэдрэмжийг өгдөг болохоор та үүнд одоог хүртэлд татагдаж яваа юм бэ?

Тухайн уран бүтээлчийн сэтгэл, мэдрэмжид тухайн үед юу, хэрхэн мэдрэгдсэн бэ гэдэг нь бүтээлээр нь дамжуулан харагдаж байдаг онцлогтой. Мөн энэхүү үзэсгэлэнгээс гадна миний шүлгийн ном саяхан хэвлэгдсэн. Шүлэг бичихдээ яруу найраг гэхээсээ илүүтэй ихэвчлэн тэмдэглэл маягаар өөрт төрсөн мэдрэмж, тухайн үеийн бодролоо буулгадаг гэж болно. Тэгэхээр шавраар хийж буй энэхүү бүтээлүүд маань хүн хүнд өөрөөр төрж байгаа мэдрэмжүүд, нийгэмд бий болж буй уур амьсгал зэргийг өөрийнхөөрөө илэрхийлэх боломжийг надад олгодог. Дотор минь бий болсон ямар ч зүйлийг биет болгон гаргаж ирдгээрээ керамик бүтээл урлах нь надад таалагддаг.

Үзэсгэлэнг үзээд шүлгийг маань уншсан нэгэн үзэгч надад хэлсэн л дээ. “Баримал, шавраар биежүүлж чадамгүй зүйлсийг үгээрээ тэмдэглэж үлдээсэн байна” гэсэн. Тиймдээ ч би өөрөө өөрийгөө их ухдаг хүн байж магадгүй.

-Шүлгийн ном бас гаргасан гэж байна шүү дээ. Хэзээнээс эхлэн шүлэг бичиж эхэлсэн юм бэ?

Би яруу найрагч хүн бол биш. Дотроосоо гаргаж тавимаар байгаа зүйлсээ би баримал болгож бүтээдэг, бас шүлэг болгож бичдэг. Ер нь өөрийнхөө зүүдийг, мэдрэмжийг тэмдэглэж үлдээхийг илүүд үздэг гэж болно. Ямар нэг төрлийн яруу найраг биш цэвэр миний дотоод хүн юм болов уу гэж боддог.

Одоог төгсөгсөн тэмдэглэл

Хэн ч бишийн амьдрал дунд

Юу ч бишийн амдралаар алхалж

Хэзээ ч бишийн “3”-ын дунд

Хаана ч бишийн хажууханд оршиж

Амьдралынхаа амьдралыг хасаад

Тэг цэгийн тэнхлэг дунд багтаад

Орших бас оршихгүйтай нэгдээд

Од гаригсын харанхуй нүхэнд жингүйдэж

Хар бас цагаан холилдсон харалган саарлын эзэлхүүнд

Хавчиг гэрлийн ёлтойх завсарт хамраа дүрээд хөлөө жийнэ

Өнгө өнгөөр гэрэлтэх өнөөх саарал хотод л

Үрчийсэн хорчгор эмгэн болоод амар тайван аж төрнө

2024.03.03

Бага ахуйн өөр мэдрэмж, өнгөнүүд өнөөдөр ч өөрийг нь илэрхийлж байгаа гэлтэй. Эсвэл өөрийг нь илэрхийлэх өнгө төрхийг уран бүтээлч төвөггүй гаргаж биежүүлж байгаа мэт. Түүний үзэсгэлэнгийн танхим нам гүм бөгөөд тэнгэрийн орон зайд хөвөх цэцэгсийн чимээ мэт аяз эгшиглэнэ. Энэ аяз яг жингүйдэн хөвөх мэт эсвэл гүнд шумбах мэт ажээ.

Гүмүда 3

Шөнийн тэнгэр одод асгаж үүлсээр хучаад

Шүүдрийн мөнгөн дусал болж хяруунд шингэн, цэцэгст хундагалагдана

Цэцэгс даарч цан татахын цагт одод,

Чиний цонхон дээр гялбаа болон нүд цавчуулна…

-Уран баримал эсвэл яруу найраг хүнд өөр өөр мэдрэмж өгдөг байх. Таны бүтээлийн гол чиглэл болсон керамик нь танд юуг мэдрүүлдэг юм бэ?

Энэ асуултад “керамик гэж яг юу вэ” гэдэг өнцгөөс хариулбал сонирхолтой болов уу гэж бодож байна. Керамик гэдэг нь байгалийн шаврыг боловсруулаад гоёл чимэглэл, уран баримал, хотын баримал, барилга архитектурын материал, сансрын хөлгийн хамгийн тэсвэртэй хэсгийг хүртэл хийдэг. Металлын хайлах температурт керамик нь хатуужиж, биежиж байдаг. Энд буй цэцэгс ч хамгийн бат бөх болсон байгаа. Миний хувьд өөр материал биш керамик вэ гэвэл байгалийн шаврыг усаар зуурч, агаарт хатаадаг, галд бэхжүүлдэг учраас таван махбодын агууламжтай амьд мэт мэдрэмжийг өгдөг. Нэг удаа баримал хийж үзсэн ч хүн үүнд татагддаг, дурладаг. Хэчнээн бүтээх үйл явц нь хэцүү ч гэсэн дурлаж, тэмүүлсэн хүн чинь хийсээр л байдаг юм байна.

-Хамгийн хатуу материалаар хамгийн зөөлөн энхрий зөөлөн цэцэгсийг бүтээсэн байна шүү дээ. “Гүмүда-Тэр ертөнц” хэмээх үзэсгэлэнгийн талаар мэдээлэл өгөөч, хэрхэн анхны санаа төрсөн бэ?

Энэхүү үзэсгэлэн их урт хугацааг туулж дэлгэгдэж байгаа гэж болно. Миний анхны бие даасан үзэсгэлэн. Ихэнх хүмүүс уран баримлын үзэсгэлэн гарна гэсэн хүлээлттэй байсан юм билээ.

Гүмүда цэцэг гэж хайхаар ямар нэг бодит мэдээлэл байдаггүй. Энэ нь санскрит хэлний үг бөгөөд шашны болон уран зохиолын дүрслэлээр амилдаг үлгэр домгийн гэж хэлж болохуйц зүйл. Хоёр жилийн өмнөөс “Угаасаа байхгүй зүйл юм бол би яагаад өөрийнхөөрөө бүтээж болохгүй гэж” гэх бодол төрсөн. Энд байгаа цэцэг бүрийг өөр өөр өнгө, хэлбэртэйгээр бүтээхийг зорьж, тэнгэрт байдаг цэцэг ямар байх бол гэж төсөөлж хийсэн.

Тэр ч утгаараа Гүмүда цэцэг хорвоо ертөнцийн хамгийн ариун цэцэг гэж төсөөлсөн. Тэнгэрийн орны, сарны цэцэг гэж нэрлэдэг. Хорвоод нэг сайн зам мөртэй хүн мэндлэхэд тэнгэрийн оронд нэг Гүмүда цэцэг дэлгэрч байдаг гэлцдэг. Миний хувьд өөрийн гэсэн нэгэн ертөнцийг бүтээх гэж яваа нэгэн байх. Энэ цэцгүүд бол тэр ертөнцийн маань нэг хэсэг. Хүн хэзээ нэгэн цагт орчлонгоос хаа нэг тийшээ явдаг.

Орчин үеийн хэллэгээр хүний энерги үхсэний дараа үлддэг гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл сүнсэн бие чөлөөлөгдөн ертөнцийн татах хүчнээс ангид болдог. Тэр үедээ энэ цэцэгс шиг эрх чөлөөтэйгөөр агаарт хөвөн нисэлдэж байдаг байх. Тиймээс цэцэгсээ агаарт хөвж буйгаар дүрсэлсэн.

Мөн цэцэг бүрийг би нэг амь гэж төсөөлж урласан. Амь гэдэг нь ямар нэгэн оршихуй байж болно, Хүн ч байж болно. Олон хэсэг шавар бэлдээд хийж байх явцад шавар хатдаг л даа. Тэр дэлбээ бүр нь хатаж цуурах, урагдах зэрэг нь тухайн цэцгийн туулах зам ч юм шиг санагдсан. Тэр бүрд тасарсан хэсгийг өөрт нь нааж үлдээсэн. Энэ нь түүний замналыг, туулж буй оршихуйг өөрт нь үлдээж буй хэрэг. Ингэснээр ч илүү дахин давтагдашгүй, өвөрмөц, амьд мэдрэмжийг төрүүлсэн. Хүний амьдралтай их төстэй.  Хүн өөрөө сайн муу олон төрлийн зам туулж байдаг. Түүнээсээ суралцаад улам туршлага сууж байдаг. Зовлон туулах тусам хатуужиж байдаг шинж чанар нь тухайн хүнийг илүү төгс чадварлаг, гоо үзэсгэлэнтэй болгож байдагтай адил зүйл гэж боддог.

Шавран байшин

Шавар байшинг би дотроо бариад тэндээ тухтай гэгч нь төвхөнөлөө

Шал хана, хаалга цонх нь жигнэмэг бишээ шавар

Өөрийн бүхнээ тэндээ тавиад тусдаа гарчихлаа

Өөдлөх айл гээд үүдэндээ ваар тавиад цэцэг тарьчихлаа

Бүгдийг өөртөө гээд өөрөө бүхнийг хийлээ

Бүх зүйл тэгээд сайхан байлаа

Хүрдэн дээр ваар эргүүлээд хүн болгоод тавиур дээр тавилаа

Хүчээ шавхаж бүр томыг хийгээд буйдан дээрээ залчихлаа

Гаднаа гараад агаар амьсгалаад

Голын уснаас зулайгаа шавшлаа

Цэцэг түүгээд тэр дундаа хэвтлээ

Цээл хоолойгоор дуу дуулж бас баахан хашгирлаа

Эргээд байшиндаа ирлээ

Эрээчиж зөндөө зүйл бичлээ

Тэндээ би удаан амьдарлаа

Тэгээд ганцаардаж эхэллээ

Хийсэн хүн минь хань болохгүйг мэдээд

Хичээж байгаад амьруулахаар шийдлээ

Ус уулгаж цусыг нь сэлбээд

Өвс идүүлж биеийг нь тордоод

Үгээр илбэж өөрөөрөө хайрлаад

Өчүүхэн зүрхээ дэвтээн ханьсан суулаа

Та тэнгэр, эрх чөлөө, салхи гэх үгсийг ихээхэн хамаатуулж ярилаа. Орчин үед эрх чөлөөг бүгд л өөр өөрийнхөөрөө тайлбарлана. Өнөөгийн нийгэмд магадгүй цахим орчны нөлөөлөлд хэт авсан энэ үед уран бүтээл нь таны эрх чөлөө юм болов уу гэж харлаа. Та ер нь хэр эрх чөлөөтэй хүн бэ?

Таныг ингэж асуухаар өөрөөсөө “эрх чөлөөтэй хүн мөн үү” гэж асуумаар болж байна. Гэтэл яг бүрэн дүүрэн эрх чөлөөтэй хүн бол биш юм байна. Бусдын эрхээр миний эрх хязгаарлагдаж байгаа үед бол хэзээ ч зуун хувь эрх чөлөөтэй байж чадахгүй бололтой.   Гэхдээ юу бодсон, мэдэрснээ уран бүтээлээрээ дамжуулан илэрхийлэх эрх чөлөө бол надад байгаа.

-Тэгэлгүй яах вэ. Эрх чөлөө гэж ийм байдаг байх гэсэн мэдрэмж энэ нисэлдэх цэцэгсээс харагдах шиг болж суулаа. Ингээд сүүлийн өгүүлбэрийг танд үлдээе.

Үзэсгэлэнгийнхээ тухай л яриагаар өндөрлөе гэж бодлоо. Энэхүү үзэсгэлэн зөвхөн миний дотоод ертөнцийн тухай, мэдрэмжээсээ бүтээсэн нэгэн ертөнцийн тухай байж болно. Гэхдээ миний үзэсгэлэнг үзсэн хэн ч бай өөрийнхөө таньж мэдээгүй чанарыг таньж мэдээсэй, нээж чадаагүй явсан мэдрэмжээ нээгээсэй. Өөр үүнээс ч илүү тансаг ертөнцөө нээгээсэй гэж хүсэж байна.

Үүдэнд байгаа сэтгэгдлийн дэвтэрт нэгэн охин их сайхан үгс бичсэн юм. Тэр охин, би таны үзэсгэлэнг үзээд “эндээс гараад алхвал зөрж өнгөрөх хүн бүрийг мянга мянган цэцэгс агаарт хөвж буй мэтээр мэдрэх байх” гэсэн байсан. Ийм зүйлсээс л сэтгэл минь баяраар дүүрчхэж байгаа юм шүү дээ. Хүн бүхэнд өөрийн гэсэн бүхэл бүтэн ертөнц бий. Түүнийг нь нээхэд миний уран бүтээл бага ч болов нөлөө үзүүлэх байх гэж итгэж байна.  

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Цаашдын ажил, уран бүтээлд тань өндрөөс өндөр амжилт, эрх чөлөөг хүсэн ерөөе.

Заалны орон зайд дүүрэн нисэлдэх цэцэг бүрийг ганцаараа нэг бүрчлэн хийжээ. Хоёр сар гаруй хугацаанд урласан мянган ширхэг Гүмүда бол Ч.Золжаргалын ертөнц байлаа. Зааланд өнөөх л намуухан аяз эгшиглэж татах хүчгүй мэт жингүйдэл л ноёрхоно.

 А.САЙХАНБАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу