Эх дэлхийн өдрийг тохиолдуулан Байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клубийн гишүүд “Earthday-2024” өдөрт нэгдэж, “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ЭХ ДЭЛХИЙ” сэдвээр Монгол орны нөхцөл байдлын талаар ярилцлаа.
Хэлэлцүүлэгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын Нөхөн сэргээлтийн хэлтсийн дарга Б.Ганзориг, Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах, хог хаягдлын менежментийн “Өнгө нэм” төслийн үүсгэн байгуулагч Н.Амгалан-Эрдэнэ, минималист, найруулагч Ц.Нямдулам нар оролцсон юм.
Энэ үеэр Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах хэлсэн үгэндээ, “Хуванцрын хэрэглээг бууруулах, хуванцрын импортыг багасгах чухал хэрэгцээг өнөөдөр хэлэлцэж байна. Манай улсад дахин боловсруулах үйлдвэр байгаа хэр нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа. Нийт хоог хаягдлын дөнгөж 20 хувийг л дахин боловсруулж байна. Нэг талдаа төрийн бодлого, нөгөө талдаа иргэдийн оролцоо дутмаг байдаг. Энэ бүх тулгарч буй асуудалд Байгаль орчны сэтгүүлчдийн дуу хоолой, түгээн дэлгэрүүлэх ажил нэн чухал хэрэгцээтэй байна. Мэдээ мэдээлэл, танин мэдэхүйн олон талт арга хэмжээгээр иргэдэд зөв дадал хэвшлийг бий болгоно” гэдгийг онцоллоо.
Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд дэлхий даяар найман тэрбум тонн хуванцар үйлдвэрлэсэн бөгөөд үүний 90.5 хувийг дахин боловсруулаагүй, байгаль дэлхийд шингэж байна. Бид эрүүл, аюулгүй дэлхий дээр амьдрахыг хүсвэл хуванцрын үйлдвэрлэлийг дор хаяж 60 хувиар бууруулах шаардлагатай. Тиймээс дэлхийн 193 орны нэг тэрбум хүн энэ жилийн Эх Дэлхийн өдрийг ХУВАНЦАР ба ЭХ ДЭЛХИЙ сэдвийн хүрээнд тэмдэглэж байна. 
Мөн энэ үеэр хог хаягдлын менежментийн “Өнгө нэм” төслийн үүсгэн байгуулагч Н.Амгалан-Эрдэнэ “Хог хаягдлыг бууруулах сайн туршлага” сэдвээр богино илтгэл тавилаа.
Тэрбээр, “хог хаягдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг л байдаг. Төрийн байгууллага нэг ажил хийгээд л, иргэд нь бас нэг юм санаачлаад, хувийн байгууллагууд ч мөн өөр нэг ажил хийдэг. Ингээд иргэдэд очиж байгаа мэдээлэл нь ойлгомжгүй болчихдог. Хүртээмжгүй, ойлгомжтой биш. Дахин боловсруулахад шаардлагатай ангилан ялгах үйл ажиллагаа шат шатандаа одоог хүртэл хэвшээгүй байна. Иргэн, СӨХ, аж ахуйн нэгж хоорондоо уялдаа холбоотой ажиллах ёстой.  Бидний зүгээс энэ бүхнийг нэгтгээд нэгдсэн цэгцтэй мэдээлэл, боловсролыг иргэдэд өгөх ажлыг эхлүүлээд байна. Энэ талаар хог хаягдал үүсгэж буй хэрэглэгчдийн судалгаа хийгдэж, улмаар “Go recycle” нөлөөллийн аяныг зохион байгуулж эхэлж байна. Энэ нь богино хугацааны төсөл биш бөгөөд багадаа гурван жилийн хугацаанд хэрэгжүүлснээр тогтворжино” гэсэн юм. 
Мөн Ойн газрын Нөхөн сэргээлтийн хэлтсийн дарга Б.Ганзориг: “Хог хаягдлыг бууруулах ажлын салшгүй нэг хэсэг бол байгаль орчны нөхөн сэргээлт. “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд аж ахуй нэгж, байгууллагуудын мод тарих ажил тогтвортой үргэлжилж байна. Эдгээрээс хамгийн үлгэр жишээч тариалалт хийсэн байгууллага бол Эрдэнэт үйлдвэрийг нэрлэж болно. Манай байгууллагын зүгээс мод тарих айл өрх, байгууллага бүрд зөвлөгөө, мэдээллийг өгч байгаа. Мөн орон нутагт мод тарих, ургуулах ажилд боловсон хүчний дутагдалтай байгаа тул тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын дэмжлэгтэйгээр одоогоор ажиллаж байна. Цаашид шаардлагатай тул боловсон хүчин бэлтгэх сургалтыг зохион байгуулж буй. Ингэснээр аймаг бүрд гурваас доошгүй мэргэжилтэн бэлтгэх төлөвлөгөөтэй байна” гэлээ. 
Өнөөдөр дэлхий дахинаа нэг минут тутамд нэг сая гялгар уут, жилд нийтдээ 500 тэрбум гаруй гялгар уут үйлдвэрлэгдэж байна. Үйлдвэрлэлийн энэ эрчээр явбал 2050 он гэхэд 12 тэрбум тонн хуванцар хаягдал хогийн цэг дээр хаягдах болно гэсэн судалгаа гарчээ.
Дэлхий нийтээр хүн төрөлхтөн, эх дэлхийн сайн сайхны төлөө 2040 он гэхэд бүх хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 60 хувиар бууруулахыг “Эх дэлхийн өдөр-2024”-өөр шаардаж эхэллээ. Хуванцаргүй ирээдүйг хойч үедээ үлдээх нь эцсийн зорилго юм.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу