Бүгд найрамдах намын хяналтад байдаг АНУ-ын Төлөөлөгчдийн танхим гадаадын холбоотнуудад, ялангуяа Украин, мөн Израиль, Тайваньд дэмжлэг үзүүлэхтэй холбоотой нийт 95 тэрбум ам.долларын тусламжийн багцыг дийлэнх олонхийн саналаар дэмжин батлав.
Ийнхүү Украйныг шууд болон шууд бусаар дэмжих 61 тэрбум орчим ам.доллар хуваарилах, Израйлд 14 тэрбум, мөн  есөн тэрбумыг тус бүс нутагт хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд зарцуулах тухай хууль батлагджээ.
 Мөн “АНУ-д олон хүн Хятадын нөлөөнд өртөж байна” хэмээн “TikTok” программыг хориглох, Иран, Оросын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах, Оросын хураан авсан хөрөнгийг Украин руу шилжүүлэх зэрэг асуудлыг баталжээ. Гэхдээ эдгээр тусламжийг АНУ-ын Төлөөлөгчдийн танхим нэг багцаар бус дөрвөн тусдаа  хууль болгон хэлэлцэж баталсан учир эдгээрийг Сенат дахин шинээр хэлэлцэн баталж, дараа нь ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зурж байж эдгээр хууль хэрэгжиж эхэлнэ. Энэ үйл явцыг түргэвчилсэн зарчмаар явагдаж ирэх долоо хоногт шийдэгдэнэ гэж судлаачид дүгнэсэн байна.
Украины Ерөнхий сайд Денис Шмигал “АНУ-ын Конгрессын Сенат энэ арга хэмжээг баталсны дараа 61 тэрбум ам.долларын санхүүгийн тусламжын 49.9 тэрбум ам.долларыг батлан ​​хамгаалахын хэрэгцээнд, төсвийн хэрэгцээнд 7.8 тэрбум доллар, 1.57 тэрбум долларыг эдийн засгийг дэмжих, 400 сая долларыг  хил хамгаалах, мина устгах ажилд зарцуулагдана.Ойрын хугацаанд уг хуулийн төслийг Сенат амжилттай батална гэдэгт найдаж байна” гэж Facebook хуудсандаа  бичжээ.
Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын шийдвэрийг урьдчилан таамаглаж  байсан зүйл” гээд “Энэ нь АНУ-ыг улам баяжуулж, Украиныг улам бүр сүйрүүлж, Киевийн дэглэмийн буруугаас  олон украинчуудыг үхэлд хүргэнэ” гэсэн тайлбар хийжээ. Тэрээр мөн АНУ дахь Оросын засгийн газрын хөрөнгийг хураах өөр нэг хуулийн төслийн тухай “Хэрэв энэ үнэн бол Америк үүнийхээ төлөө хариуцлага хүлээх болно. Энд ямар нэг түр зуурын арга хэмжээ гэж байхгүй” гэжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу