УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийж байна. (2023.03.27)


Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Орон нутгийн өмч дээр тулгуурласан, иргэдийн оролцоотой ААН ямар үр дүнтэй ажилладаг гэдгийг та бүхэн өнгөрсөн хугацаанд Тавантолгой ХК-аас харсан байх. Нэгж хувьцаанд хамгийн өндөр ногдол ашиг тараадаг компаниар олон жил тэргүүлж байгаа. 

Өнөөдрийн Монгол Улсын бүтэлгүйтлийн хамгийн гол шалтгаан бол төрийн өмчид нүүрлэсэн хулгай дээрэм. ЖДҮ, Хөгжлийн банк, Нүүрсний хулгай, Төмөр замын хулгай гэх мэт асар их хулгайнууд төрийн өмчит компанид цүнх баригчдаа тавьснаас үүдэж гарсан. Тийм ч учраас 40 их ная төгрөгийн хулгай гэх зүйлийг ярьж гарч ирсэн Засгийн газар өнөөдөр энэ асуудлаа шийдвэрлэж чадахгүй нэг нэгэндээ барьцаалагдсан. Улмаар энэ асуудалдаа сөрөг хүчний нэг гишүүнийг барьцаалуулах замаар хандаж байгаад харамсаж байна.  

Ардчиллын үндсэн суурь бол цөөнхийн эрх ашиг дээр байдаг. Цөөнхийн эрх ашгийг төр засагт төлөөлдөг тэр хүмүүс нь сөрөг хүчин. Энэ сөрөг хүчнээ намнана гэдэг бол Монгол Улс ардчиллаас ухарч байгаа хамгийн том зүйл болж байна. Тийм учраас цөөнхийн эрхийг хамгаалдаг сөрөг хүчнийхээ гишүүнийг өгч явуулахгүй байх талд манай бүлэг бүрэн дүүрэн, 100 хувь байх болно.

Цаашдаа бүх асуудалд АН-ын бүлэг нэгдмэл байр суурьтай байж, эрх баригчдын өнгөрсөн хугацаанд ард түмний амьдралыг сайжруулахын төлөө хийгээгүй тэр зүйлийг олон нийтэд хүргэхийн төлөө, зөвхөн шударга ёс яриад цаанаа юу ч хийхгүй хулгай хийж суудаг энэ засгийн газрын эсрэг нэгдмэл байр суурьтай байх болно” гэлээ. 

Сануулахад, Өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос УИХ-ын даргад хүргүүлээд буй. Эл хүсэлтийг байнгын хороодын саналыг үндэслэн УИХ-аар хэлэлцэж, энэ долоо хоногт багтаан шийдвэрлэнэ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу