Энэ сарын 17-нд Чингэлтэй дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр буюу Хайлааст орчимд зам тээврийн ноцтой осол гарсан. Тодруулбал, Toyota Prius маркийн автомашин Hyundai Verna маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас явганаар зорчиж байсан 9-14 насны зургаан хүүхэд, насанд хүрсэн нэг хүнийг мөргөсөн харамсалтай осол болж, 16 настай охин газар дээрээ нас барсан юм.

Осолд нэг гэр бүлийн хүмүүс өртжээ. Нас барсан 16 настай охин төрсөн эгч болоод түүний хүүтэй хамт явж байсан аж. Талийгаач охины эгч нь одоогоор хүүтэйгээ хамт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь маш хүнд байна.

Тэдний нөхцөл байдлын талаар хүүтэйгээ эмчлүүлж буй эмэгтэйн багын найз Г.Шинэтуяа ярилаа. Тэрбээр “Найзын маань ээж нэг хүү, хоёр охинтой. Голынх нь охин нь манай найз. Нас барсан 16 настай охин нь бага нь байсан юм. Талийгаач охиныг маргааш хөдөөлүүлнэ. Гэтэл манай найз амьдрах эсэх дээрээ тулчихсан хүнд байдалтай эмнэлэгт байна. Мөн гуравдугаар ангийн хүү нь бүсэлхийнээс доош нэлээд хүндрэлтэй, тархи нь цус харвалттай. Бас л маргааш хагалгаанд орно” хэмээн хэллээ. 

Хүүтэйгээ эмнэлэгт буй эмэгтэй гурван удаа хагалгаанд орсон ч ухаан ороогүй байгаа юм байна. Түүний уушги, элэг, бөөр, хавирганууд нь бяцралттай, биеийн байдал нь маш хүнд байгаа. Удахгүй дахин нурууны хагалгаанд орохоор болжээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу