Цар тахлын хүнд үеийг далимдуулсан тухайн үеийн салбарын сайд С.Энхболдын хуудуутай үйлдлүүдийг Үндэсний аудитын газар шалгалт явуулж ил болгоод байгаа билээ. Түүнийг сайдаар ажилласан 2021 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар ихээхэн хэмжээний мөнгөн дүн бүхий зөрчлүүд ил болсон.

 

Өмнө нь бид 62,8 тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор иргэдийг дархлаажуулалтын III тунд хамрагдахыг уриалах, мэдээ, мэдээллийг бэлтгэн сурталчилах, олон нийтэд хүргэх арга хэмжээнд зориулан хэвлэл, мэдээллийн байгууллагуудад урьдчилж олгосон 1,5 тэрбум төгрөг, нийт 64,4 төгрөгийн үнэ төлбөргүй шилжүүлсэн эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, урьдчилж олгосон зардлыг тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй талаарх баримтыг хүргэсэн. ЭНД дарж уншина уу. 

 

Энэ удаа бид 2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн Үндэсний аудитын газрын шаардлагаас хүргэх болно. Тус байгууллагын санхүүгийн тайланд хийсэн аудитаар “Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2021 оны “Коронавируст халдвар /Ковид-19-ын эсрэг эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх журам, тусламж үйлчилгээний багц, төлбөрийн хэмжээ батлах тухай” 67/А/387/99 дугаар хамтарсан тушаалаар ЭМДС-аас тайлант хугацаанд 368 тэрбум 618 сая 174 мянга 700 төгрөгийн Ковид-19-ын эмчилгээний төлбөрийг төр, хувийн хэвшлийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад олгосон байхад Эрүүл мэндийн яам давхардуулан 93 тэрбум 647 сая 571 мянга 100 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж, оношлуур, нэг удаагийн хамгаалах хэрэгслийн худалдан авалтыг хийж, эрүүл мэндийн байгууллагад хуваарилсан байна” хэмээн дүгнэсэн байгаа юм.
Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 “төсвийг хэмнэлттэй, үр ашигтай байхаар төлөвлөж зарцуулах”, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2021 оны 67/А/268 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт “Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх журам, тусламж үйлчилгээний багц, төлбөрийн хэмжээ батлах тухай” журмын 3.7 “энэхүү журмын 3.1-3.5-д заасан  анхүүжилтэд эмч, эмнэлгийн ажилтны цалин, хөлс, нэмэгдэл урамшуулал, эм, урвалж бодисын зэрэг шууд зардал болон холбогдох бусад шууд бус зардал багтана” гэж заасныг зөрчсөн байгаа юм.
Энэ мэтчилэн дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд үед Монгол Улсын хил, гааль хаалттай тул нүүрсний экспорт зогсож төсвийн орлого тасалдаж байсан хүнд үе. Иргэд нь 1000 төгрөгөөс эхлээд Улсын онцгой комисстоо хандив өгч, гаднын донорууд монголд буцалтгүй тусламж үзүүлэх замаар бид хүнд үеийг даван туулж байхад Эрүүл мэндийн сайд С.Энхболд нь ЭМДС-аас олгосон эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуур тэргүүтэй зүйлсийг 93.6 тэрбумаар давхардуулан олгоно гэдэг маш том алдаа дутагдал гаргаж байсны илрэл юм.
Монгол Улсын Төрийн хэмнэлтийн тухай хууль одоо ч хэрэгжиж байхад энэ мэт хүмүүс албан тушаал сэлгэн ажилласаар байгаа нь зүйд нийцэх үү.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…
Р.ЖАРГАЛ

1 сэтгэгдэл

  1. Энэ нэг хүйтэн царайтай нөхөр чинь их хурал дэвшинэ гээл яагаад сурагтай АТГ шалгаачээ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу