НЭМЭЛТ:

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиевыг өнөөдөр (2024.04.23) жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар албан ёсны айлчлал эхэллээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүндэт зочны хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатанЖогорку Кенешийн дарга Н.Шакиев хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.

Жогорку Кенешийн дарга Н.Шакиев нь Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар 2024 оны дөрөвдүгээр сарын 23-наас 25-ны өдрүүдэд манай улсад айлчилж байна.  

Айлчлалын үеэр Жогорку Кенешийн дарга Н.Шакиев Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүлээн авч уулзана. Түүнчлэн энэ сарын 25-наас 27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” II чуулга уулзалтад хүндэт зочноор оролцож, илтгэл тавих юм.

Мөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Жогорку Кенешийн дарга Н.Шакиев нар маргааш (2024.04.24) Чингис хаан музейд болох “Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний түүхийн музейн үзэсгэлэн”-гийн нээлтэд оролцож, “Киргиз ард түмний Чингис хаан ба түүний хойч үеийн түүхэн холбоо” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцоно.

Энэхүү албан ёсны айлчлал нь Киргиз Улсын парламентын даргын түвшний Монгол Улсад хийж буй анхны айлчлал бөгөөд  Монгол, Киргизийн хоорондын улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцааны эрх зүйн үндсийг бататгахад чухал хувь нэмэр оруулах юм.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2024 оны хоёрдугаар сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр талууд хоёр улсын парламентын байнгын зөвлөгөөний механизм байгуулах тохиролцоонд хүрсэн билээ.

Хоёр улс 1992 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд уламжлалт найрсаг харилцаатай


Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр (2024.04.23) Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ.

Хүндэт зочдыг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Киргизийн парламентын бүлгийн дарга Б.Бейсен нар албаны бусад хүмүүсийн хамт угтан авлаа. 

Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын олон талт хамтын ажиллагаа болон бусад асуудлаар санал солилцоно.

Энэхүү албан ёсны айлчлал нь Киргиз Улсын парламентын даргын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог төдийгүй хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг шинэ агуулгаар баяжуулж, холбогдох эрх зүйн үндсийг бататгах ач холбогдолтой юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу