Гудамжны хоолны үйлчилгээ дэлхийд хэдийнээ эрэлттэй болж, өдөрт 2.5 тэрбум хүн иддэг гэсэн судалгаа гарчээ. Гэтэл Монголд төрийн байгууллагын дарамт, шахалтаас болж хөлөө олохгүй байна. 

Өнгөрсөн жил Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг дарга байхдаа явуулын хоолны үйлчилгээг дэмжихээ илэрхийлж, стандартын шаардлага хангасан газруудад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгож байлаа. Гэтэл энэ жил нийслэлийн хэмжээнд ямар ч явуулын хоолны бизнес эрхлүүлэхгүй гэжээ. 

Б.Нарангэрэл Солонгост 10 гаруй жил ажилласан. Тэнд хийж сурснаа эх орондоо хэрэгжүүлж, гудамжны хоолны үйлчилгээг дэлгэрүүлэхээр иржээ. Ингээд өнгөрсөн жил машин худалдан авч, их дэлгүүрийн урд зогсоод нямбай гэгч нь хоолоо хийж, худалдаалж байлаа. Залуус ч түүний хоолны амтанд орж, идэхийн тулд уртаас урт дараалал үүсгэн зогсдог байв. Ингэж хүсэл мөрөөдлийнхөө нэг хэсгийг биелүүлэн ажиллаж байсан охин энэ жил “Төрийн дарамт шахалтаас залхаж байна, Солонгос руу буцдаг юм билүү” гээд гунигтай гэгч нь ярьж зогсоно. Тэр өнгөрсөн хоёрдугаар сараас хойш харьяа дүүрэг болох Сүхбаатар дүүрэгт гудамжны хоолны үйлчилгээ эрхлэх зөвшөөрлөө авахаар хүсэлт гаргасан боловч удаан хүлээлгэсний эцэст “Хотын А бүсийн аль ч хэсэгт гудамжны хоолны үйлчилгээ эрхлүүлэхгүй” гэх хариуг авсан байна. 

Энэ тухай Б.Нарангэрэл ярихдаа “Гудамжны хоол нь хөгжөөгүй улс манай Монголоос өөр хаана ч байхгүй. Би хэд хэдэн оронд очиж үзсэн, Солонгост арав гаруй жил ажилласан. Тэнд сурсан зүйлээ ашиглан эх орныхоо хөгжилд бага ч болов хувь нэмрээ оруулъя гээд хоолны машин босгоод, үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Маш олон үйлчлүүлэгчтэй болж, Солонгосын телевиз хүртэл надаас ирж ярилцлага авсан. Үүгээр дамжуулж, Солонгосын жуулчид ч манайхыг сонирхож маш ихээр ирдэг. Энэ эх орноо хил давуулаад сурталж байгаа хэлбэр биш гэж үү. 

Гудамжны хоолны бизнес улирлын чанартай учраас дулааны таван сард л ажиллуулдаг юм. Өнгөрсөн жил болно, бүтнэ гэж ажиллуулчихаад нэг жилийн дараа хааж, боогоод байгааг маш их гайхаж байна. 

Би Солонгост сураад, ажиллаад амьдарч болохоор л байсан. Гэхдээ эх орондоо, хайртай хүмүүсийнхээ хажууд, хүссэн бизнесээ эрхлээд амьдаръя гэж бодсон юм. Гэтэл төр хааж, боогоод, дарамтлаад байхаар юу ч хийх хүсэлгүй болж байна. Хэл амнаас залхаад больдог юм билүү, буцаад Солонгос руу явдаг юм бил үү гэсэн бодол төрж байна. Үнэхээр хэцүү, дарамттай байна” гэв. 

Б.Нарангэрэл энд гудамжны хоол хийж зарахдаа ойр орчимдоо хог хаягдал гаргахгүйд анхаарч, ТҮК-ийн ажилчинд цалин өгч цэвэрлүүлдэг байжээ. Мөн арын ресторантай гэрээ хийж, ус авч, гараа тогтмол угаадаг байсан аж. Энэ мэтээр жижиг зүйлсэд хүртэл анхаарч, ажиллаж байсан ч энэ жил бизнесээ үргэлжлүүлэх боломжгүй. 

Зөвшөөрөл олгохгүй байгаагийн шалтгаан нь энэ салбарт нэг том компани монопол болохоор зэхэж байна гэж Б.Нарангэрэлийн ах Б.Чинзориг харджээ. Учир нь ZUU гэх нэртэй, шар өнгийн явуулын хоолны машин олон цэгт өвөл, зунгүй үйл ажиллагаа явуулсаар байгаа юм. 

Б.Чинзориг хэлэхдээ “Миний дүү өнгөрсөн жил үйл ажиллагаагаа хэвийн явуулсан. Тухайн үед Нийслэлийн Засаг дарга байсан Д.Сумъяабазар  гудамжны хоолны бизнесийг дэмжинэ. Ард түмэнд хор хүргэхгүй л бол хүссэн газар, хүссэн орчиндоо хоолны бизнесээ эрхэлж болно гэж хэлж байлаа. Ингээд өнгөрсөн жил аравдугаар сарын 15-ныг хүртэл ажиллад, үйл ажиллагаагаа зогсоосон. Энэ жил дахин ажиллах гээд хоёрдугаар сард Сүхбаатар дүүрэгт хүсэлтээ өгсөн юм. Биднийг хүлээлгээд л байсан. Ингээд дөрөвдүгээр сар гарсны дараа ажиллуулахгүй гэсэн. Тэгэхээр нь би өмнөх хууль тогтоомжид нь өөрчлөлт оруулчихсан юм болов уу гээд судлаад үзлээ. Тухайн үеийнх нь гаргасан хууль огт өөрчлөгдөөгүй байна. Зүгээр л Сүхбаатар дүүргийн хурлаараа, аравхан хүн шийдчихэж байгаа юм байна. Гудамжны хоолны бизнес эрхэлдэг 30 гаруй хүн бий. Энэ хүмүүсийн амжиргааг аравхан хүн шийдээд, зогсоочихож болохгүй шүү дээ. 

Улсын их дэлгүүрийн ойр орчимд болохгүй юм бол Улаанбаатар хотын А бүсэд хаана ч хамаагүй үйлчилгээ эрхэлье, зөвшөөрөл өгөөч гэж дахин хүссэн юм. Гэтэл хотын захад л боломжтой гэсэн. Тэгсэн мөртлөө “ZUU” гээд явуулын хоолны машин хаа сайгүй ажиллаж байна. Хүүхдийн зуу, Багшийн дээд, Бөхийн өргөө, Халдварт гээд маш олон газар зогсож байна лээ. Тэд мөн л энэ жилийн зөвшөөрлөө аваагүй, 2023 оны зөвшөөрөлтэй. Хүмүүсийн ярьж байгаагаар тэр нь нэг “том” хүний бизнес шиг байгаа юм. Тэр хүн нь “Явуулын хоолоор мөнгө олж болох юм байна” гэж хараад монопол болох гээд хувь хүмүүсийг шахаж, хавчиж эхэллээ. Дүүргийн хүмүүст энэ талаар хэлэхэд “ZUU”-гийн удирдлагад шаардлага хүргүүлсэн гэсэн. Гэтэл тэд ажилласаар л байна.

Бид зөвшөөрлөө авах гэж хоёр сар гаруй хөөцөлдөөд, аргаа бараад үйлчилгээ эрхлэхгүйгээр машинаа авч ирээд байрлуулсан юм. Гэтэл цагдаа нар шууд хөөж байна. Ийм шударга бус зүйл байж болдог юм уу. Заавал хэн нэгэн даргын “бөгс долоож”, эсвэл төрд хамаатан садантай байж бизнес эрхлэх ёстой юм уу” хэмээн хэллээ. 

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ: 

                   

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу