Өнгөрөгч гуравдугаар сарын 16-нд Монголын Үндэсний Бөхийн Холбооны “Бүх оддын барилдаан” болсон. 

“Алтан цом”-ын барилдаанд оролцогчдоос үзэгчдээс хамгийн их санал авсан 14 бөх “Бүх оддын барилдаан”-д багт хуваагдан өрсөлдсөн юм. Улмаар даян аварга Н.Батсуурийн баг 15-10-аар ялалт байгуулсан билээ.

Энэхүү барилдаанд ялсан багийг 30 сая төгрөгөөр, ялагдсан багийг 10 сая төгрөгөөр шагнасан хэмээн эрхийн бичиг гардуулсан ч одоог хүртэл өгөөгүй хэмээн Даян аварга Н.Батсуурь цахим хуудсаараа дамжуулан мэдэгдээд байсан. 

Тэгвэл Премьер спортс нэтворк ХХК-аас шагналын мөнгийг нь шилжүүлжээ. 

Сануулахад, Даян аварга Н.Батсуурь “Монголын үндэсний бөхийг хөгжүүлэх зорилгоор Premier sport суваг, Үндэсний алтан цом, Монголын Үндэсний бөхийн холбоо зэрэг байгууллагуудын хамтран зохион байгуулсан Пепси – Алтан цомын бүх оддын барилдаан 2024 оны гуравдугаар сарын 16-ны өдөр болсон.

Энэ барилдаанд нийт нэр бүхий 14 бөх барилдсан бөгөөд зохион байгуулахдаа эдгээр бөхчүүдтэй тохиролцсон шагнал урамшууллаа өдийг болтол өгөөгүй бөгөөд өнөөдрийг хүртэл бөхчүүдийн эрх ашгийг хамгаалах ямарваа нэгэн үйлдэл гаргаагүй байна.

Бөхчүүд өөрсдийн эрх ашгийг хамгаалан дуу хоолойгоо нэгтгэн бөхийн барилдаан зохион байгуулсан нэр бүхий байгууллагууд асуудлыг яаралтай шийдвэрлэн бөхчүүдийн эрх ашгийг хангаж өгөхийг шаардаж байна” хэмээн шаардаад байсан юм. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу