Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Хангай” зочид буудлын асуудлаар мэдээлэл өглөө. 
Тэрбээр, “Сүүлийн гучин жил Улаанбаатар хот ямар их зохион байгуулалтгүй, замбараагүй, өнгө үзэмжгүй болсныг бид бүгд харж байгаа. Нэгэн жишээ бол Хангай зочид буудлын барилга. Хувьчлагдаж, эзэнтэй болоод 30 жил болсон.
Энэхүү барилгатай холбоотой хоёр асуудал бий. Нэг нь татварын асуудал нөгөөх нь гэмт хэргийн үүр болж буй байдал юм. Мэдээж ардчилсан нийгэмд хувь хүн өмчтэй байж болно. Гэхдээ өмчтэй бол татвараа төлөх ёстой. Мөн тэр өмч нь нийгэмд аюултай орчныг бий болгож болохгүй. 2010 оноос хойш Хангай зочид буудлын бүртгэлийн дугаар нь салсан. Улмаар доод давхрын хоолны газраас дээш хэсэг нь тусдаа бүртгэлтэй ч Улсын татварын газарт бүртгэл байхгүй, татвар төлөөгүй байгаа юм.
Мөн “Буян”-гийн Б.Жаргалсайхан, “Номин”-гийн Ш.Баярсайхан нар нийлж компани байгуулж, “Хангай” зочид буудлын доод давхарт нь хоолны газар ажиллуулж байгаа. Эдгээрийн хамтарсан компани улсын бүртгэлтэй хэр нь огт татвар төлөөгүй байна.
Эзэнгүй мэт явж ирсэн хотоо эзэнтэй болгоё. Эзэн нь гэж бодож байгаа иргэн байвал хариуцлагатайгаар үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй. Хангай зочид буудлыг эзэмшиж байгаа этгээдэд татвараа нөхөж төл, энэ балгас болсон барилгын өнгө үзэмжийг сайжруул гэж шаардаж байна” гэлээ. 
Мөн Хангай зочид буудлын барилга нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийгдээгүй учир хэдий хэмжээний татварын өр үүссэнийг тооцох боломжгүй байгаа аж. Татварын асуудлаар нийслэлийн зүгээс цаашид ч хуулийн дагуу шаардлага тавих болно гэдгээ мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу