Засгийн газрын өнөөдрийн (2024.04.24) ээлжит хуралдаан дуусжээ. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгч байна. 

Тэрбээр “Ачит Ихт компанитай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулагдаад, жил гаруйн хугацаанд ажилласан. Ингээд өнөөдөр Засгийн газрын хуралдаанд дүнгээ танилцуулж, Эрдэнэт үйлдвэрт тодорхой чиглэлүүдийг өглөө. 

Нэгдүгээрт, Ачит Ихт компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмших, хамгийн анхны буюу 2014 онд байгуулж байсан гэрээгээ биелүүлэх үүрэг чиглэлийг өглөө. Ачит Ихт компани 2003 онд байгуулагдаад 2009 онд хувьцаа эзэмшигчид нь өөрчлөгдөж, 2013 онд Эрдэнэт үйлдвэртэй гэрээ байгуулж, овоолго ашиглах нөхцөл нь үүсэж байсан. Байгуулсан гэрээнд тус компанийн 34 хувийг нь Эрдэнэт үйлдвэр эзэмших нөхцөлтэй. Харамсалтай нь 2015 онд Эрдэнэт үйлдвэрээс гарсан ажлын хэсэг уг гэрээг дүгнээд, Эрдэнэт үйлдвэрт ашиггүй учраас эзэмшлээсээ татгалзах нь зүйтэй гэдэг шийдвэр гарсан байгаа юм. Тиймээс эл шийдвэрийг хүчингүй болгож, гаргасан албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагаар шалгуулна. 

Өнгөрсөн найман жилийн хугацаанд Ачит Ихт компанийн нийт борлуулалтын орлого нь 535 орчим сая ам.доллар болсон байдаг. Харин үйл ажиллагааны зардалдаа маш бага мөнгө гаргадаг. Үүсмэл ордыг бий болгохын тулд Эрдэнэт үйлдвэр 500 орчим сая ам.долларыг зарцуулсан. Тиймээс эл ордыг ашиглаад олсон орлогын тодорхой хувь нь зүй ёсоор Эрдэнэт үйлдвэрт очих ёстой. 

Хоёрдугаарт, өнгөрсөн найман жилийн хугацаанд олох байсан алдагдсан боломжийг тооцоолж, 34 хувьд ногдох ашгийг найман жилийн хугацаагаар нь нэхэмжлэх үүрэг чиглэлийг Эрдэнэт үйлдвэрт өглөө. 

Гуравдугаарт, 500 орчим сая ам.долларыг зарж, бий болгосон үүсмэл ордууд 100 хувь Эрдэнэт үйлдвэрийн өмч байх ёстой. Ачит Ихт компанийн өмчлөөд байгаа овоолго бол Эрдэнэт үйлдвэрийн өмч гэсэн үг. Энэ чиглэлд Эрдэнэт үйлдвэрийнхнийг өөрсдөө судлаад, холбогдох шийдвэрийг гаргахыг үүрэгдлээ” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу