УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийж, бүлгийн хуралдаанаар гаргасан шийдвэрээ танилцууллаа. Өнөөдрийн (2023.03.27) бүлгийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн байна. Улмаар сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, 38 нь тойргоор, 38 нь намын жагсаалтаар сонгогдохыг бүлгийн гишүүд дэмжжээ.


Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Өнөөдрийн намын бүлгийн хурлаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, шийдвэрлэлээ. 

УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ ажлын хэсэгт парламентад суудалтай МАН, АН, ХҮН гэсэн гурван намын төлөөлөл гурвуулаа орж ажиллаад, сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулсан. 

Үндсэн хуулийн 21.4-т “Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглон” гэж заасны дагуу бид зургадугаар сарын 20-ноос өмнө сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, батлах үүрэгтэй. 

Тийм учраас Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулж, өнөөдрийн бүлгийн хурлаар хэлэлцүүлээд, лхагва гарагийн Засгийн газрын хурлаас гарах саналыг нь аваад, УИХ-д өргөн барих бэлтгэлийг хангаж байна. 

Сонгуулийн хуультай холбоотой таван томоохон өөрчлөлтийг хэлье.

  1. Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. Манай намын бүлэг болон УИХ-д суудалтай намууд ч сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар ярилцаж байгаа. Өөрөөр хэлбэл, 38+38 буюу 50 хувь нь мажоритар систем, 50 хувь нь пропорциональ хэлбэрээр гэсэн үг. 
  2. Сонгуулийн зардлыг бууруулна. Хэвлэлийнхэн ч, сонгогчид ч сонгуулийн зардлыг бууруулах шаардлагатай байна гэж ярьдаг. Тийм учраас сонгуулийн зардлыг бууруулах чиглэлийн хэд хэдэн өөрчлөлтүүдийг хийхээр тусгасан. Зурагт самбар, ухуулагч, шадар туслахуудын тоо зэргийг бууруулж, аль болох хямд зардалтай сонгууль хийхэд чиглэнэ.
  3. Гадаадад байгаа сонгогчдын саналыг авахад анхаарна. 
  4. Улс төрийн намуудын санал авах босгыг 3 хувь болгож тогтооно. 2012 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахад улс төрийн намуудын санал авах босго нь 5 хувь байсан. Үүнийг багасгаж, 3 хувь болгож байна. 
  5. Нэр дэвшигчдийн доторх нэг хүйсийн эзлэх хувь 30-аас доошгүй байна. Одоо мөрдөж байгаа сонгуулийн хуульд нэг хүйсийн эзлэх хувь 20 байгаа. Үүнийг 30 хувь болгож нэмэгдүүлж байна. 

Эдгээр таван томоохон өөрчлөлтийг хийж байгаа. Бусад процессын шинжтэй нарийн асуудлууд бий” гэлээ. 

Үүний дараа сэтгүүлчид асуулт асууж, бүлгийн дарга хариулт өгөв. 

-Холимог тогтолцоо манай улсад тохирно гэж үзэж байгаа үндэслэл нь юу вэ?

-Улс төрийн намуудаас Монгол Улсын хөгжлийг цаашид тогтвортой байлгахын тулд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах хэрэгтэй байна гэдэг саналыг байнга тавьж байгаа. Тийм учраас энэ санал болон нийгмийн байдлыг харгалзаж үзээд холимог тогтолцоо руу чиглэх ёстой юм байна гэж дүгнэсэн. 

-Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар тойрогт очоод сонгогчдын итгэлийг хүлээх ямар ч найдваргүй хүнээ намын жагсаалтад хийдэг гэх иргэдийн шүүмжлэл үүсдэг. Үүнийг арилгахад арга хэмжээ авч байгаа юу?

-Өнгөрсөн оны зургадугаар сард Үндсэн хуулийн цэцээс 01 тоот тогтоол гаргасан. Үндсэн хуулийн цэцийн тогтоол эцсийн шийдвэр байдаг. Өмнө нь сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудлыг 2, 3 янзаар шийдэж байсан. Сүүлд 2015 онд ҮХЦ холимог тогтолцоог хаах шийдвэр гаргасан. Дараа нь 2022 онд холимог тогтолцоог зөвшөөрч, өмнө нь гаргасан шийдвэрээ хүчингүй болгосон. Тийм учраас одоо холимог тогтолцоо нээлттэй болсон гэсэн үг.

Жагсаалтын тухайд, намын жагсаалтыг гишүүдийн нэртэй байлгана гэж байгаа. Намаар нэр дэвшиж байгаа 38 хүний нэрсийн жагсаалттай байна. Сонгогч саналаа өгөхдөө намыг нь ч хардаг, нэрийг нь ч хардаг системээр өргөн барьж байгаа. УИХ-д мэдээж олон талаас хэлэлцэх байх.

Манай сонгогчдын зүгээс намын ард нуугдаж янз бүрийн хүмүүс сонгогдож байна гэдэг шүүмжлэл байдаг учраас нэрийг нь харж сонголтоо хийх боломж бүрдүүлэхэд анхаарсан. 

-УИХ-ын гишүүдийн тоог 152 болгож нэмэх талаар ярьж байсан. Гэтэл таны өгсөн мэдээллээс гишүүдийн тоог 76 хэвээр нь үлдээж байна гэж ойлголоо?

-Одоогийн хэрэгжиж байгаа Үндсэн хуульд гишүүдийн тоог 76 гэж байна заасан. Тийм учраас бид энэ хуулийнхаа хүрээнд гишүүдийн тоог 38+38 гэж өргөн барьсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан тохиолдолд л гишүүдийн тоог нэмэх асуудлыг ярина. 

-УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр санал ирсэн намын гишүүдийнхээ талаар хэлэлцсэн үү. Үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ-ын даргын нэр дээр Улсын Ерөнхий Прокуророос УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн юм билээ. Энэ асуудлыг хуулийн дагуу энэ долоо хоногт багтаан шийдвэрлэх ёстой. МАН-ын бүлэг өнөөдрийн хурлаараа энэ асуудлыг хэлэлцээгүй. Лхагва, пүрэв гарагийн үед хуралдаж, шийдвэрээ гаргана. УИХ энэ асуудлыг хэлэлцэх тодорхой дэгтэй. Эхлээд УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэнэ. Үүний дараа бүлэг хуралдаж шийдвэрээ гаргана. 

-УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөнөөр Архангай аймагт нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүслээ. Нөхөн сонгуулийн товыг хэзээ гаргах вэ?

-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу УИХ-ын гишүүн чөлөөлөгдөж, нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор УИХ нөхөн сонгуулийн товыг зарлана. 

-Сонгуулийн тогтолцоог өөрчлөх тохиолдолд Үндсэн хуульд тодорхой заах ёстой юу, эсхүл Сонгуулийн тухай хуулиараа зохицуулна гэдэг дүгнэлтийг бүлэг гаргав уу?

-Өнөөдрийн мөрдөж байгаа Үндсэн хуулийн хүрээнд холимог тогтолцоо нэгэнт цэцийн шийдвэрээр нээлттэй байгаа учраас зөвхөн Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар өргөн барьсан.

Манай улс төрийн намуудаас сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд заавал тодорхой тусгамаар байна гэдэг санал тавьдаг. Ингэхгүй бол сонгуулиас сонгуульд эрх барьж байгаа намын сонголтоор тогтолцоог өөрчлөөд байна гэдэг. Тиймээс манай намын тухайд цаашдаа хэрэв Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулбал сонгуулийн тогтолцооны асуудлыг тодорхой тусгах ёстой гэдэг байр суурьтай байгаа. 

-Намын жагсаалтаар нэр дэвшүүлсэн нөхцөлд сонгогч намын нэрийг дугуйлж саналаа өгөх үү, эсхүл өөр хувилбар гаргах уу?

-Сонгогч нам дэмжиж болно, нэр дэвшигч ч дэмжиж болно. Намыг дэмжихгүй гэвэл нэр дэвшигчийг дэмжиж болно. Үүнийг нээлттэй үлдээж байгаа.  

МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, 20 орчим гишүүнийг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ гэдэг мэдээлэл байна.  МАН-ын хэд, хэдэн гишүүн Боловсролын  зээлийн сангаас зээл авсан, үүнд хариуцлага ярих уу?

-Өнгөрсөн онд хуралдсан манай намын их хурлаас гэмт хэрэгт холбогдож яллагдагчаар татагдсан тохиолдолд намын гишүүнээс түдгэлзэнэ гэсэн дүрэм гарсан. Хэрвээ сайн дураараа намын гишүүнчлэлээс түдгэлзэхгүй бол Хяналтын хороо шийдвэр гаргана гэж дүрэмд заасан байдаг. Дүрмийнхээ дагуу л шийднэ.

Боловсролын зээлийн сангаас зээл авсан асуудалд иргэд шүүүмжлэлтэй хандаж байна. Өөрийн гэсэн шалгууртай, зээл авах шалгуураа хангасныг буруутгаж болохгүй. Бүлгийн хурлаар энэ асуудлыг ярилцаагүй.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу