Хүний амиар туршигдаж байгаа утаагүй түлшийг “Сайн түлш” гэж нэрлэх ямар ч боломж алга

2024 оны эхний 4 сарын байдлаар 21 хүн нас барсан байна. Зарим тохиолдлыг дурдвал, СХД-ийн зургаадугаар хорооны нутагт дэвсгэрт нэг айлд 29-55 насны 10 иргэн нэг дор угаартсан шинжтэй нас барсан. Мөн СХД-ын 41-р хорооны нутаг дэвсгэрт ээж хүү хоёр хамт угаартаж 11 настай хүү нь амиа алдаж, ээж нь дөрөв хоног ухаангүй хэвтсэний эцэст өнөөдөр (2024.04.25) ухаан орсон.
2018 онд манай улсад угаарын хордлогын дуудлага 50 дотор багтдаг байж. Гэтэл 2019 оноос хойш дөрөв дахин нэмэгдсэн буюу мянгаас буухаа больжээ. 2023 онд гэхэд 3184 тохиолдол бүртгэгдсэн байх жишээтэй. Энэ бол өмнөхөөсөө ч дордсон дүр зураг юм.
Энэ бүхэн “сайн” нэртэй шахмал түлшний хор хөнөөл гэдгийг бүгд мэднэ. Агарын бохирдол бууруулахад ямар нөлөө үзүүлж байгааг туршиж, элдэв хольцтой нунтаг нүүрсийг бөөрөнхийлөн зарах болсон тэр цагаас эрдэнэт хүний амь өдрөөс өдөрт хохирсоор иржээ.
 Өдгөө зургаан жилийг ардаа үдэж буй энэ туршилт дахин хэдэн хүний амь насыг авч одох вэ. Энэ хугацаанд угаар мэдрэгчийг айл өрхүүдэд суурилуулж, Угаарын тандалт, хяналтын төвийг ч байгуулан ажиглах болсон. Гэсэн ч гэнэтийн осол, доголдлоос үүдэн угаар мэдрэгч хангалттай сайн ажиллахгүй л байна. Үнэндээ түлж байгаа тэр хортой угаарыг нь бууруулахгүйгээр угаар мэдрэгч мэтийн аар саар зүйлийг сэдэх болов. Сэтгэн бодоод ажил болгосон, сэлбэж гурил хутгасан, өөхшүүлэн дэмжсэн бүх хүнийг нь суулгаж байгаад нээлттэй сонсгол зохион байгуулъя. Нүүрс, эм гэх мэт сонсголуудаас хангалттай шийдвэр гараагүй ч ядаж үнэн мөнийг нь иргэд мэдсэн. Тиймээс шахмал түлшээр олон зуун иргэдийг алсан гэм буруутнуудаас амь нэхэх цаг болсон гэлтэй.  
Гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулах оновчтой олон аргыг хэлэлцэж байсан ч өнөөдөр бидний эрлэг болсон угаарын түлшийг сонгох болсон нь хачирхалтай. Яндаг бууруулж, галлагаа, орон сууцны өөр шийдлийг туршиж түүндээ мөнгөө зарцуулсан бол арай цөөн амь хохирч, арай илүү үр дүн гарах байсан болов уу. Янданг нь ч цөөлөөгүй, гэр хорооллыг нь ч багасгаагүй байж “нүүрсээ түлээд л бай, утаагаа гаргаад л бай” гэж байгаа аятай нүүрсний хог хольж багсарсан энэ үйлдлээ одоо нэг эргэж харсан нь дээр болов уу.
2019 оноос хойш огцом өссөн нас баралтын тоо ирэх жилүүдэд бүр ихсэхээс өмнө аль аль талдаа хараа хяналтаа сайжруулж, арга бодож олцгооё. Гэртээ хэвтэж байгаад л амиа алдана гэж юу гэсэн үг вэ. Дайн өрнөж буй орнуудад л ийм тоо гарч байгаа. Аль нэг зүйлийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай гэвэл эхлээд угаар бий болгодог “сайн” нэртэй үхлийн түлш, харин дараа нь гэр хороолол, дахин төлөвлөлт байх биз ээ. Бид агаарт үүсэн утаатай биш, утаа үүсгэж байгаа эх үүсвэртэй нь тэмцэх ухаантай удирдлага, бодлого шийдвэр хэрэгтэй сэн.
Гэхдээ “сайн” нэртэй муу түлшээр лав дахиж алтан амь солимооргүй байна.
Б.Анх

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу