УИХ-ын өнөөдрийн чуулганаар “Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төсөл”-ийг  хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг дараах байр суурийг илэрхийлсэн юм.
Тэрбээр, “Улс орны хөгжилд хамгийн чухал хууль хаврын чуулганы сүүлээр яаравчлан орж ирж байгаад харамсаж байна. Гэхдээ орж ирж байгаа нь сайшаалтай. Энэ бол үнэхээр цаг алдалгүй гарах ёстой хууль. Уг нь би боловсролын багц хуулийн дараа шууд энэ хууль орж ирнэ гэсэн итгэлтэй байсан. Яагаад гэвэл өнөөдөр манай улсад бүх зүйлд асуудал тулгараад байна гэхээр аливаа юманд шинжлэх ухаанчаар судалгаатайгаар хандахгүйгээс болоод бүх юм араасаа асуудал дагуулж байна.
Санхүүжилтийг дотроосоо зохицуулах бололцоотой гээд том салбарыг үр дүнтэй, үндэслэл судалгаатай, бусад улс орон хиймэл оюун ухаан ярьж байгаа энэ үед бид шинжлэх ухаан технологийн салбараа эрс хөгжүүлэхэд хөрөнгө мөнгө одоохондоо шаардахгүйгээр зохицуулалт хийчих гэж ярих нь бол буруу болов уу гэж бодож байгаа.
Мэдээж төсөвлөсөн байх. Салбарын сайд болон салбарын яамныхан энэ дээр нэг тодорхой мэдээлэл өгөхийг хүсэж байна.
Хүнсний лаборатори, эм, эмнэлгийн хэрэгслийн лаборатори, мал эмнэлгийн лабораториуд нь бүгд тусдаа болчихсон. Энэ лабораториуд хамгийн хоцрогдсон. Бараг  19, 20 дугаар зууны тоног төхөөрөмжтэйгөө ажилласаар байна. Тоног төхөөрөмжийг шинэчлэх хөрөнгө мөнгийг нь улсын төсөвт жил болгон суулгая гээд л ярьдаг.
Суулгаж байтал ямар нэгэн шалтгаанаар хасагдчихдаг эсвэл сайдын багцаас нь хасагдчихна. Эсвэл нөгөө төрийн хэмнэлтийн хууль ч гэдэг юм уу ямар нэгэн зүйлээс болоод хүний нөөцөд сургах болоод энэ технологийн дэвшил технологийн шинэчлэх зүйл яг энэ шинжлэх ухааны салбар дээр манайх хоцрогдчихоод байгаа юм.
Энэ чиглэл дээр ялангуяа тоног төхөөрөмжийг багцаар нь, бие биетэйгээ уусан зохицох тал дээр нь яаж төсөвлөж орж ирж байгаа вэ, хэдэн оноос суулгах юм, тэр нь яаж хэрэгжих юм, хэдэн лаборатори байх юм гэдэг энэ төлөвлөгөөний талаар би товч мэдээлэл авахыг хүсэж байна” гэлээ.
Үүний дараа БШУ-ны сайд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан дараах хариултыг өглөө.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: ” Оюунчимэг гишүүнтэй санал нэг байна. Өнгөрсөн хугацаанд бидний гаргасан бодлогын алдаа сургамж дээрээ л дүгнэж ирээдүйнхээ бодлогыг төлөвлөх ёстой.
Харин энэ Үндсэн хуулийн 38.2-т 1 ийм заалт бий. Засгийн газар нь шинжлэх ухаан технологийн нэгдсэн бодлого батлагдаж байж дараа нь улсын эдийн засаг нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл батлагдана.
Тэгээд нийгмийн үндсэн чиглэл дээр үндэслэн тухайн жилийн улсын төсвөө  баталж УИХ-д оруулж энэ шийдвэрүүдийг хэрэгжүүлэх энэ үүргийг Монгол Улсын Засгийн газарт олгосон. Ийм Үндсэн хуулийн одоо заалттай улс. Гэтэл харамсалтай нь үе үеийн Засгийн газар ерөөсөө Үндсэн хуулийнхаа энэ заалтыг биелүүлээгүй л юм байна лээ.
Үндсэн хууль дээр тусгасан энэ заалтаа бид нар хэрэгжүүлж чадаагүй учраас л яг таны хэлж байгаа одоо шинжлэх ухаанд нөгөө нэг ДНБ-ий 2%-тай тэнцэх хэмжээний одоо зардлыг зарна аа гээд л. Ингээд энэ лоозон болоод үлдчихсэн байхгүй юу. Хий дэмий лоозон хэзээ ч хэрэгждэггүй.
Монгол Улсын Ерөнхийлөгч Хүрэлсүх Ерөнхийлөгчийг Ерөнхий сайд байхад нь шинжлэх ухаанд сүүлийн 60 жилд оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт буюу шинжлэх ухааны нэгдсэн цогцолборыг 150 тэрбум төгрөгийн өртэйгөөр бид барьж байгуулж байна.
Бид ирэх хавар гэхэд шинжлэх ухаан технологийн нэгдсэн цогцолбор буюу Монгол Улсад шинжлэх ухааны парк хэлбэрээр ажиллах энэ том бүтээн байгуулалтын ажлуудыг хийж дуусгана. Энэ бол манай шинжлэх ухаанд оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалтын нэг гэж үзэж болно.
Хоёр дахь асуудал бол санхүүжилтийн тогтолцооны асуудал. Өнөөдрийг хүртэл ерөнхийдөө энэ шинжлэх ухааны салбарыг бүтэн циклээр ер нь санхүүжүүлж байгаагүй л улс.
Жишээ нь сүүлийн 10 жилд энэ ШУТИС-д 190 тэрбум төгрөгийн санхүүжилтээр  4500 орчим судалгаа хийсэн байдаг. Нэг судалгаанд ноогдож байгаа зардал бол 20 сая төгрөг гэсэн үг. 20 сая төгрөгөөр хийсэн судалгаанаас бид нар үр дүн нэхнэ гэдэг бол хэцүү зүйл л дээ.
Тийм учраас энэ шинэ хуулиар  “судалгаа хөгжүүлэлт, инновацын хөгжүүлэлт, бизнесийн хөгжүүлэлт гэсэн яг бүтэн циклээр нь санхүүжүүлдэг” тогтолцоог л санал болгож оруулж ирж байна” хэмээн хариуллаа.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу