БНХАУ, Бүгд Найрамдах Хондурас Улс дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан мэдэгдэлд өнгөрсөн ням гарагт гарын үсэг зурлаа.

“БНХАУ, Бүгд Найрамдах Хондурас Улс нь хоёр ард түмний ашиг сонирхол, хүсэл зоригт нийцүүлэн харилцан бие биенээ хүлээн зөвшөөрч, Элчин сайдын түвшинд дипломат харилцаа тогтоохоор шийдвэрлэсэн бөгөөд энэхүү мэдэгдэлд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно” гэж уг мэдэгдэлд тэмдэглэжээ.

“Мөн бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, бие биенийхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, эрх тэгш, харилцан ашигтай, энх тайвнаар зэрэгцэн орших зарчмын үндсэн дээр хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлэх”-ийг хоёр улсын Засгийн газар зөвшөөрч байгааг онцолсон байна.

Хондурасын Гадаад хэргийн сайд Эдуардо Рейна: “Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг”

Хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, Бүгд Найрамдах Хондурас Улсын Засгийн газар дэлхий дээр зөвхөн ганц Хятад улс байдгийг хүлээн зөвшөөрч, БНХАУ-ын Засгийн газар нь бүх Хятадыг төлөөлж буй хууль ёсны цорын ганц Засгийн газар, харин Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

“Бүгд Найрамдах Хондурас Улсын Засгийн газар энэ өдрөөс эхлэн Тайваньтай “дипломат харилцаагаа” тасалж, цаашид Тайваньтай албан ёсны харилцаа өрнүүлэхгүй байх үүрэг хүлээв. Бүгд Найрамдах Хондурас Улсын Засгийн газрын энэхүү байр суурийг БНХАУ-ын Засгийн газар сайшааж байна” хэмээн мэдэгдэлд тэмдэглэсэн байна.

Тайванийн тусгаар байдлыг одоогоор Белиз, Гватемал, Гаити, Маршаллын арлууд, Науру, Палау, Парагвай, Сент-Винсент, Гренадин, Сент-Китс, Невис, Сент-Люсиа, Тувалу, Эсватини болон Ватикан зэрэг 13 улс албан ёсоор хүлээн зөвшөөрдөг билээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу