Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Авьяас сургуулийн математикийн багш Н.Бат-Уянга сурагчдынхаа гар утасны хэрэглээг багасгаж, хичээлийн идэвхийг нэмэгдүүлсэн туршлагаа хуваалцжээ. 

Тэрбээр хүүхдүүд нь гэрийн даалгавраа хийхгүй, хичээлдээ идэвхгүй оролцож байгаагийн шалтгааныг хайж эхэлжээ. Улмаар ихэнх цагаа гар утас ашиглахад зарцуулж байгааг анзаарч, утасны хэрэглээг нь багасгах аргыг хэрэгжүүлсэн байна.

Ингэхдээ сурагч хоёр хичээлийн даалгавар хийгээгүй бол хоёр хоног утсыг нь хураадаг болжээ.

Энэ аргыг хэрэгжүүлснээс хоёр сарын дараа багш, эцэг, эхчүүдээс судалгаа авахад хүүхдүүдийн хичээлийн идэвх сайжирсан талаар ам уралдан ярьцгаасан байна. 

Энэ тухай Н.Бат-УянгаХагас жилийн дүнгээ хараад ямар нэгэн гарц шийдэл хайж эхэлсэн. Яагаад даалгавраа хийхгүй байгаа, хичээл дээр анхаарал төвлөрөхгүй байгааг нь судлахаар хүүхдүүдтэйгээ бас эцэг эхчүүдтэй уулзлаа. Гэтэл хүүхдүүд ихэнх цагаа гар утсаа ухахад л зарцуулдаг юм байна. Үүнийг гадарлаж байсан ч баталгаажуулж авсан гэх үү дээ. Ингээд эцэг эхийн хурал дээрээ энэ асуудлаа яриад, “Монголын төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн багийн зөвлөснөөр зөв дадлыг хэвшүүлэхээр тогтсон юм. Эхлээд ёстой хэцүү байсан, хүүхдүүд “Миний утас цэнэггүй болсон, гэртээ мартжээ…” гээд аргалах гээд үзнэ. 

Шууд утас хурааснаар асуудал цэгцэрдэггүй юм билээ. Иймээс гэрийн даалгавартай уялдуулж утсыг нь хураадаг болсон. Жишээ нь, хоёр хичээлийн даалгавар хийгээгүй бол хоёр хоног утсыг нь хураадаг. Уг нь үр дүн гарч байгаа ч гэсэн барьцаалж л даалгаврыг нь хийлгэж байгаа юм шиг санагдаад болдоггүй. Дунд нь шантарч ч үзсэн. Гэхдээ орхиогүй, ганцхан сар хичээгээд үзсэн.

Хайр хүрмээр шүү, хүүхдүүд гэдэг. Сарын дараа гэхэд өөрсдөө гар утсаа хураалгадаг болцгоосон. “Яах аргагүй гар утсандаа донтоод байсан юм” гэж зарим хүүхдүүд ярьж байсан.

Уян хатан байх үүднээс 1-5 дахь өдрийн хооронд бүх даалгаврыг нь нөхөж хийлгээд, хугацаанаасаа өмнө утсаа авах боломжийг олгодог.

Хоёр сарын дараа хичээл ордог 18 багш болон эцэг эхчүүдээс судалгаа авч үзлээ. Судалгаанаас үзэхэд хүүхдийн хичээлийн оролцоо идэвх нэмэгдэж, багш, эцэг эхчүүд ам сайтай байгааг хараад маш их урам авсан” хэмээжээ. 

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу