Хүний эрхийн үндэсний комиссоос Монгол Улс дахь Хүний эрхийн, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг УИХ-д танилцуулж буй. 

Уг илтгэлээр Ерөнхий боловсролын сургалтын байгууллага дахь хүний эрхийн асуудлыг судалжээ. Энэ хүрээнд багшийн зүгээс хүүхдэд дарамт, шийтгэл үзүүлдэг эсэх талаар сурагчидтай ярилцлага хийсэн байна.

Ярилцлагын явцад зарим багш сурагчидтай хувийн харилцаа тогтоохыг эрмэлзэх, бэлгийн сэдэлтэй үг яриа өдөх тохиолдол гарч байсныг хэлжээ.

Тодруулбал, сурагч “… манай сургуулийн хоёр залуухан эрэгтэй багш манай ангийн охин руу чат бичдэг. Хамт гарах уу гэдэг. Саяхан манай энд шинэ баар нээгдсэн юм. Тэр бааранд орох уу гэсэн, одоо та нар том болчихсон юм чинь хэрэглэж үзэх (согтууруулах ундаа) хэрэгтэй гэдэг… ” хэмээн ярьсан байна. 

Харин энэ асуудлаар сургуулийн удирдлагатай ярилцахад “…Хүүхэдтэй зүй бус харьцдаг, дарамталдаг, ёс зүйгүй багш нар байдаг. Тэр багшийг халсан ч дахиад өөр сургуульд очоод ажиллах эрх нь нээлттэй л байгаа. Дараагийн сургуульдаа очоод арай ч дахиад хүүхдийн эрхийг зөрчихгүй байх л гэж найддаг. Мэргэжлийн багш дутагдалтай үед багшийн хүүхдийн эрх зөрчиж байсан эсэхийг хянан шалгахгүйгээр шууд л авч байгаа…” гэжээ. 

Хэдийгээр хүүхэд хамгааллын эрх зүйн орчин зохих хэмжээнд бүрдсэн хэдий ч хүүхдийг зодож шийтгэх, нэр төрийг нь гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах, цаашлаад бэлгийн дарамт үзүүлсэн тохиолдол боловсролын байгууллагад гарч байна хэмээн ХЭҮК дүгнэсэн байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу