Ерөнхийлөгч Владимир Зеленский олон улсын байгууллагын төлөөлөгчийн газрын болон Украины гадаад дипломат байгууллагуудын тэргүүн нартай энэ сарын 24-ний лхагва гарагт уулзахдаа “Орос улс ирэх зургадугаар сард Швейцарьт болох дэлхийн энх тайвны дээд хэмжээний уулзалтыг тасалдуулах бодолтой байна” гэж мэдэгдэв.  Украины төрийн тэргүүн “Швейцарьт болох дээд хэмжээний уулзалт нь Украины дайныг зогсоох чиглэлд эхний бодит дипломат алхам болно.
Бидэнд байгаа тагнуулын мэдээлэл Орос улс энх тайвны дээд хэмжээний уулзалтыг тасалдуулахыг хүсээд зогсохгүй, үүнийг хэрхэн хийх, улс орнуудын оролцоог хэрхэн бууруулах, энх тайван тогтоохгүй байхын тулд яаж, хэрхэн ажиллах талаар тодорхой төлөвлөгөөтэй ажиллаж байгааг баталж байна.  Эрхэм түншүүд ээ, бид Оросын энэхүү төлөвлөгөөний тухай мэдээллийг та бүхэнтэй дипломат болон тагнуулын байгууллагын шугамаар хуваалцах болно. Учир нь бид шударга дэлхийн төлөө эв нэгдэлтэй ажиллах ёстой” гэж тэмдэглээд “Энэхүү дээд хэмжээний чуулган зүгээр нэг оролдлого биш, харин бодит үр дүнд хүрэхийг би үнэхээр хүсч байна” гэж онцолжээ.
Киевийн санал болгосон энх тайвны дээд хэмжээний уулзалт Швейцарийн Люцерн хотын ойролцоо орших Бургенсток амралтын газарт зургадугаар сарын 15-16-нд болж, 80-100 орон оролцох төлөвтэй байгаа бөгөөд Оросын цэргийг Украины бүх нутаг дэвсгэрээс гаргах, Киевт нөхөн төлбөр төлөх, Оросын албаны хүмүүсийг шүүх тусгай шүүх байгуулах тухай шийдвэр гаргах юм. Украины талаас БНХАУ-ын дарга Си Жиньпинийг уг дээд чуулганд урьсан гэж хэвлэлүүд мэдээлж байгаа бол ОХУ-ыг оролцуулахгүй байхаар шийдээд байгаа юм.

Г.АМАРСАНАА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу