Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Сундуйжавын Насанбаттай ярилцлаа.

-Та төвийн бүс, тэр дундаа Дархан-Уул аймгийн жаргал, зовлонг хамгийн сайн мэдэх хүний нэг. Дархан-Уул аймгийн Засаг даргаар найман жил ажилласан, аймгийн ИТХ-ын даргаар дөрвөн жил ажиллаж байна. Дархан-Уул аймгийн цаашид хөгжих гарц шийдлийг та хэрхэн хардаг вэ?

-Дархан-Уул аймгийн хөгжих үндэс суурь нь манай ахмадууд. 1934 онд МАХН-ын  төв хороо, сайд нарын зөвлөлөөс шийдвэр нь гарч Зөвлөлт холбоот улсын эрдэмтэн судлаачид геологи, хайгуулын ажлыг хийж эхэлсэн юм билээ. Хайгуулын явцад газрын доор барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлийн маш сайн баялаг түүхий эд энд байна гэдгийг тогтоосон юм.

Тээвэр логистикийн хувьд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Монгол Улсын өнцөг булан бүрд хүргэдэг байлаа. Тухайлбал, энд хийсэн барилгын материалаар Дорнод аймгийн Чойбалсан хотыг барьж, байгуулж байсан. Дарханд үйлдвэрлэсэн хавтангаар Буянт-Ухаа нисэх онгоцны буудлын онгоц буух талбай, Налайхад цэргийн онгоцны буудлын талбай, Байшин үйлдвэрлэх комбинатыг барьж байсан гээд бод. Мөн Улаанбаатар хотод 11, 10 дугаар хорооллыг босгосон. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад дарханчууд оролцож явсан түүхтэй. Дархан-Уул бол мэдлэгт суурилсан, ажилчин анги бүрэн утгаараа бэлтгэгдсэн хот. Тийм учраас бусад аймгуудаасаа газарзүйн байршил, байгалийн баялаг, дэд бүтэц, төвлөрөл дээрээ бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд суурь нь байгаа учраас сүндэрлээд босох боломжтой.

-Найман жил Засаг даргаар ажиллахдаа ямар ямар томоохон ажлуудыг эхлүүлэв. Та аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж буй энэ үед Төвийн бүсийн гуравдугаар шатлалын эмнэлгийн шав тавигдлаа. Түүхэн үйл явдал болж байна гэх юм?

 -Түүхэн гэж байгаагийн учир нь Дархан-Уул аймагт сүүлийн 30 жил хийгдээгүй маш том бүтээн байгуулалт болох юм. Аймгийн нэгдсэн эмнэлэг 42 мянган хүнтэй хотод зориулж, 1972 онд ашиглалтад орж байсан. Дархан-Уул аймгийн 104 мянган иргэнээс гадна Төв аймгийн хойд хэсэг, Сэлэнгийн зарим иргэдэд эмчилгээ, үйлчилгээ авдаг. Тиймээс манай эмнэлэг ачааллаа дийлэхээ больсон. Бүсчилсэн хөгжлийн бодлого яригдаж буй энэ үед Дархан-Уул аймагт гуравдугаар шатлалын эмнэлэг байгуулж байгаа нь цаг үеэ олсон зөв бүтээн байгуулалт болж байна. Шинэ эмнэлэг 250 ортой, жилд 50 мянган орчим хүнд эмчилгээ, үйлчилгээ үзүүлнэ.

Дарханы иргэд Улаанбаатар явж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах шаардлагагүй болно гэсэн үг. Энэ эмнэлэг маань Улаанбаатар хотын хоёрдугаар, гуравдугаар эмнэлэгтэй дүйхүүц байх юм. Эмнэлгийн барилга 30 орчим сая ам.долларын хөрөнгөөр босно. Хамгийн орчин үеийн эмчилгээ оношилгооны тоног төхөөрөмж, лабораторийг ашиглана. Мөн энд ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг ч хангачихсан.

Намайг Засаг даргын ажил авч байхад Дархан-Уул аймаг хөгжлийнхөө ерөнхий төлөвлөгөөг алдах эрсдэлтэй нүүр тулчихсан байсан. Аймгийн дэд бүтцийн насжилт өндөрсөж, инженерийн шугам хоолойн шинэчлэл, өргөтгөл хийгдээгүйгээс болоод аймаг тэлж чадахгүй хүнд нөхцөлд орчихсон байсан юм. Тиймээс эхний ээлжинд газрын доорх байгууламжаа өргөтгөсөн. Өнөөдөр Дархан хотын өнгө үзэмжийг нэмсэн хотхон, хорооллуудыг барихын тулд үндсэн магистрал шугамуудаа сайн тэлж өгсөн. Дархан хотын эрчим хүчний эх үүсвэр 48 МВт-ыг 35 МВт-аар нэмэгдүүлж чадлаа. 1988 онд ашиглалтад орсноос хойш гар хүрээгүй байсан цэвэрлэх байгууламжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хамгийн орчин үеийн технологийн шийдэл бүхий болгож, иж бүрэн шинэчилсэн.

Үндсэн магистрал шугамуудаа өргөтгөснөөр төлөвлөлтийнхөө дагуу барилга, байгууламж хоорондын зай, орц гарц, зогсоол зэрэг бүх зүйлсээ орчин үеийн хотын стандартын дагуу төлөвлөх боломж бүрдсэн. Үүний хүчинд өнөөдөр Дархан-Уул аймагт нэг ч яндан нэмэгдээгүй.

Аймгийн хойд хэсгээр зам тавьж, Сэлэнгийг Алтанбулагийн замтай холболоо. Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр, 1, 2, 3 дугаар баг руу очих зам нэг урсгалтай байсныг хоёр болголоо. Шинээр барихаар төлөвлөж байсан томоохон хорооллууд руу зам тавьсан. Дархан-Шарын голыг холбосон хатуу хучилттай 49 км зам, Аргалантын гарамд 122 метр төмөр бетонон гүүр барьж, Шарын гол сумыг аймгийн төвтэй хатуу хучилттай замаар холбож дууссан.

Хонгор сумын нутаг дэвсгэрт байрлах Салхит өртөө рүү 17.3 км хатуу хучилттай авто зам тавьсан гэх мэтчилэн дэд бүтцийн асуудлаа бүх боломжоороо шийдлээ. Үүнийг дагаад хувийн хэвшлүүдийг төсөлд сонгон шалгаруулах замаар газар олголт хийж, орон сууцжуулах хөтөлбөрийг идэвхжүүлэн хороолол хотхонуудыг цогцоор нь төлөвлөсөн. 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт “13 дугаар хороолол”, 14 дүгээр багт “Парк таун” орон сууцыг хорооллоор нь төлөвлөж, барилаа.

-Амины орон сууцууд нэлээд баригдсан уу?

-Зах зээлийн эдийн засагт шилжээд өмчийн олон хэлбэрийг хүлээн зөвшөөрснөөр иргэд өөрийн гэсэн өмчтэй байхыг илүүд үздэг болсон байна. Тиймээс амины орон сууцны томоохон хорооллуудыг барьж байна. Тухайлбал, 25, 31, Төмөрлөгийн үйлдвэрийн 134 айл зэрэг 1000 гаруй айлын амины орон сууц барьсан. Ингэж Дарханд амьдарч буй иргэд орон сууцны дутагдалгүй, бололцоотой нь амины орон сууцанд амьдрах боломжийг нээсэн. Энэ ажил цааш үргэлжилнэ.

Мөн 2014 онд энэ ажлыг хийж эхэлсэн “Ч.М” компанийн хийсэн томоохон инженерийн шинэ дэд бүтцийн шугамын ажлын санхүүгийн асуудал шийдэгдээгүй байсан юм. Үүнийг УИХ-д сонгогдсон гурван гишүүнийхээ дэмжлэгтэйгээр шийдүүлж, 7.9 тэрбум төгрөгөөр дахин шинэ шугам татаж, 1000 айлын амины орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боловсруулж байна. Үүний шугам хоолойн ажил удахгүй эхэлнэ. Бид саяхан ИТХ-аар газрыг нь тусгай хэрэгцээнээс гаргахаар шийдвэрлэсэн учир 1000 айл удахгүй амины орон сууцтай болно.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дэмжлэгтэйгээр Дархан сумын 13, 15 дугаар багийн нутаг дэвсгэрт 10 мянган айлын орон сууц барихаар ТЭЗҮ-ийг боловсруулаад, иргэдийн хурлаар батлаад, одоо 50 гаруй тэрбум төгрөгөөр дэд бүтцийг нь хийж байна. Ингэснээр Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон нутагтаа сайхан амьдрах төсөл хөтөлбөрийн хүрээнд 10 мянган айлын орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжинэ. Ямар ч байсан манай аймагт ирэхэд орон нутгийн төрийн захиргааны байгууллагын зүгээс эхний ээлжинд иргэдийн амьдрах орчин, орон сууцны асуудлыг шийдэж байна.

Нөгөө талаас хот суурин газрын анхаарах ёстой нэг зүйл бол төрийн үйлчилгээ зайлшгүй хөнгөн шуурхай байх ёстой. ЦХХХ-ны сайд Н.Учрал бүрэн эрхийнхээ хугацаанд манай аймагт 3-4 удаа өөрийн биеэр ирж, цахимжуулахаар ажилласан. Үүний хүрээнд төрийн үйлчилгээ цахим хэлбэрээр иргэдэд хүрч байна.

-Шинэ сургууль бас нээлтээ хийж байсан. Сургуулиуд хэдэн ээлжээр хичээллэж байна вэ?

-Сургууль цэцэрлэг, ажлын байр, орон байр гурав хүнд хамгийн чухал. Бид хүний анхдагч хэрэгцээ болсон энэ гурвыг бүрэн хангахаар ажиллаж байна. Дөрөв хоногийн өмнө Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 960 хүүхдийн багтаамжтай сургууль баригдаж, нээлтээ хийлээ. Сургуулиуд бүгд хоёр ээлжээр хичээллэж байна. Мөн сүүлийн жилүүдэд манайх сургуулийн өмнөх боловсролын хамрагдалтыг 98.6 хувьд хүргэсэн. Дархан-Уул аймгийн хэмжээнд хүүхдээ цэцэрлэгт өгөхийн тулд дугаарлах асуудал байхаа больсон. Цаашдаа ч мөн бид шинээр төлөвлөж байгаа хорооллууддаа сургууль, цэцэрлэг барих газрыг нь хадгалж, үлдээд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнийхөө дагуу ажиллана.

-Бүсчилсэн хөгжлийн хүрээнд бүх зүйл Дарханд төвлөрөх юм биш биз дээ?

-Төрөөс бүсчилсэн хөгжлийн бодлогыг баталсан учир бид хаана хаанаа маш ухаалаг шийдлүүдийг гаргах шаардлагатай болж байна. Төв, Дархан, Сэлэнгэ аймгууд хөгжлийнхөө ерөнхий төлөвлөгөөг нийлүүлэх шаардлагатай болчихлоо. Тэгэхээр эдийн засгаас ирж буй орлогыг хөгжил рүү хөрөнгө болгон хийх, улмаар иргэдийнхээ ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, олборлож буй баялгаа хаана, яаж боловсруулах вэ, хаана нь ямар үйлдвэр барих вэ гэдгийг сайн бодолцох хэрэгтэй.

Дархан өнөөдөртөө төв нь байгаа гээд бүх зүйлээ Дарханд төвлөрүүлж болохгүй. Дархан өөрөө нэг бүс болчихно. 30, 40 жилийн дараа түгжрэл, төвлөрлийн асуудал Дарханд бий болно. Тиймээс үүнээс сэргийлж аль аймаг нь ямар чиглэлээр хөгжих ёстой вэ гэдгээ маш сайн судалж, тооцоолох ёстой. Жишээ нь, Манай Дархан-Уул аймагт судалчихсан, бэлэн материал их бий. Түүнийг ашиглах хэрэгтэй.

Ингээд явбал манай төвийн бүс эдийн засгийн зургаан бүс дотроо тэргүүлэх чиглэлийн, эдийн засагт хамгийн өндөр үзүүлэлт бүхий бүс болж хөгжих ирээдүй байна гэж би орон нутагт олон жил ажиллаж, амьдарч буй хүний хувьд харж байна.

-Дархан орчмын бүсэд хөнгөн үйлдвэр  хөгжих боломж илүү өндөр, дэд бүтэц суурьтай гэдэг. Таны хувьд энэ бүсэд яг ямар үйлдвэрүүд байвал зөв гэж үздэг вэ?

-Бүсчилсэн хөгжлийн төв гээд нэг аймгийг нь тодорхойлчихвол өмнөх алдаа давтагдах байх. Өмнө нь долоон аймгийг нийлүүлээд, Төвийн бүсийн хөгжлийн тулгуур төвийг нь Дархан-Уул аймаг болгочихсон юм. Тэр бол буруу.

Манай аймагт суурь нь тавигдсан зүйл бол гангийн үйлдвэрлэл. Монгол Улс Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг түшиглээд ган хийх хэрэгтэй байна. Монголд судлагдсан хоёр том орд өнөөдөр Дархан, Сэлэнгийн харьяанд байдаг. Энэ маш том боломж.

Засгийн газар алдаа оноо,  хуулийн завхарлаа цэгцэлчихсэн үед маш зоригтой хөрөнгө оруулалт хийж, ган хиймээр байна. Ингэснээр бид гаднаас хараат бус байж, барилга болон барилгын материал, машин технологийн үйлдвэр хөгжих боломж бүрдэнэ.

Хоёрдугаарт, арьс ширний цогцолбор үйлдвэр баримаар байна. Бид уг нь эхлүүлээд явж байсан юм. Үүнийг эргэлт буцалтгүйгээр Дарханд хийх боломж бүрэн бий. Газрын доорх байгалийн баялаг дуусах бол малын түүхий эд шавхагдашгүй. Тиймээс мал аж ахуйгаас гарч буй арьс шир, ноос, ноолуур гэх мэт түүхий эдийг боловсруулаад явахад бүрэн боломж байна.

Энэ хоёрыг эхний ээлжинд Дархандаа барихад манай эдийн засаг зөвхөн Дархан гэхгүйгээр бүсийн хэмжээнд өснө.

Засгийн газар бүсчилсэн хөгжлийн талаар ярьж эхлэхээс өмнө би Засаг дарга байхдаа арьс ширний цогцолборыг зоригтой эхлүүлсэн юм. Харамсалтай нь сүүлийн гурван жил зогсонги байдалд орчихоод байна.

-Дарханы иргэдийн орлого, ажил амьдрал хэр байх шиг байна. Таны хувьд иргэдтэйгээ их уулзаж, нээлттэй ажилладаг дарга нарын нэг шүү дээ?

-Эдийн засгийн хувьд манай Дархан Төв, Сэлэнгэ аймгуудтай харьцуулахад бага. Дотоодын нийт бүтээгдэхүүн 750 тэрбум төгрөг. Харин Сэлэнгэ аймгийнх нэг их наяд 250 тэрбум төгрөг. Төв аймаг нэг их наядын дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үүнээс харахад бид эдийн засгийн чадамжийн хувьд нөгөө хоёр аймгаасаа бага. Тэгсэн хэрнээ хүн ам төвлөрсөн газар учраас худалдаа эргэлт, бүтээгдэхүүнээрээ хамаагүй илүү. Үндсэндээ Сэлэнгийнхэн маань Дархандаа, Төв аймгийнхан Улаанбаатар хотод худалдаа хийдэг учраас эргэлтээрээ Дархан өндөр болчихож байгаа юм. Энэ бүхнийг бодолцож, төлөвлөгөөгөө сайн гаргаж, үйлдвэрүүдээ зөв байрлуулах хэрэгтэй. Дарханд ажиллах хүчин, тог цахилгаан, орон сууц, сургууль цэцэрлэг шийдэгдчихсэн байна гээд бүх үйлдвэрээ энд бариад байвал бүсчилсэн хөгжил бүрэн утгаараа үйлчлэхгүй болчихно.

УИХ-ын сонгуулийн дараа шинэ Засаг байгуулагдвал Хөдөөгийн хөгжлийн яам гэж байгуулах хэрэгтэй. Нийслэлийн түгжрэлийн бууруулах чиглэлээр ажиллах Түгжрэлийн сайд гэж байж болж байгаа юм бол нэгэнт бүсчилсэн хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа үедээ үүнийг урсгалаар нь хаях биш яам байгуулж, өндөр ач холбогдол өгч ажиллах нь зөв гэж харж байгаа. Эсхүл Ерөнхий сайдын дэргэд яамгүй сайд байгаад Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам зэргийг хянаж, хооронд нь уях хэрэгтэй. Ингэвэл бүсчилсэн хөгжил утгаараа хэрэгжинэ.

Өнгөрсөн хугацаанд улс төрийн сонгуулийн тогтолцоо нь буруу байсан учраас эдийн засгийн үр өгөөжтэй хөрөнгө оруулалт хараахан хийж чадаагүй. УИХ-ын гишүүд амлалтаа биелүүлэхийн тулд олсон жаахан хөрөнгө мөнгөө сонгогдсон тойрогтоо зарцуулчихдаг. Ингээд хэсэгчилж хийгээд байхаар бодлогын томоохон концепциудад нь санхүүжилт олдохгүй, дандаа гадаадын зээл хөтөлбөрөөр хэрэгжээд байгаа юм. Ийм маягаар бид хөгжлийн томоохон концепци болох экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрээ барьж чадалгүй өнөөдрийг хүрчихсэн. Гангийн үйлдвэр, шилний үйлдвэр, цементийн үйлдвэрээ сайн хөгжүүлчихвэл барилгажилт хийгээд Улаанбаатар хотын утааны асуудлыг шийдэх боломж бий.

-Засгийн газар Хөдөөгийн сэргэлт гэх хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөр Дархан-Уул аймагт биеллээ хэр олж байгаа бол?

-Хөдөөгийн сэргэлт гэхээс илүү Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах хүрээнд Засгийн газар манайд анхаарлаа хандуулж байна. Саяхан Засгийн газраас “Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад та аль бүс рүү амьдрах сонголт хийх вэ” гэсэн судалгаа явуулсан байна. Судалгаанд оролцогчдын дийлэнх хувь нь Дархан-Уул аймаг гэсэн байна лээ. Шалтгаан нь түгжрэлгүй, утаагүй, ажлын байр бий болох боломжтой, Улаанбаатар хоттой ойрхон, дэд бүтэц сайтай гэсэн байгаа юм. Тийм учраас төвлөрлийг сааруулах хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай аймаг руу илүү анхаарал хандуулж байна гэж би ойлгоод байгаа. Тийм ч учраас “Залуус хороолол”-ыг эхлүүлэхээр болж, 10 мянган айлын орон сууцны асуудлыг шийдэж өгсөн. Мөн татварын хөнгөлөлт үзүүлж байна. Ипотекийн зээлийг гурван хувь болголоо. Одоо ажлын байрыг нь нэмэгдүүлчихвэл наашаа чиглэх урсгал нь нэмэгдэнэ. Тэгэхээр бид бүсчилсэн хөгжлийн төлөвлөлтөө хурдхан хийгээд итгэл үнэмшилтэйгээр урагшлах ёстой.

-Төмөрлөгийн үйлдвэр аймаг, орон нутагтаа хэр тус дэмтэй байдаг юм бэ. Хувийн хэвшлээс төрд ирснээс хойш ахиц гарч байна уу?

-Намайг аймгийн Засаг даргаар ажиллаж байсан 2013 онд Төмөрлөгийн үйлдвэр хувьд шилжчихсэн монопол байлаа. Төр аваад, хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд байгаа бүх боломжоороо орон нутагтайгаа хамтарч ажиллаж байна.

Өмнө нь Төмөрлөгийн үйлдвэрийн хамаг мөнгийг хувийн компани нь Улаанбаатар хот руу татаад авчихдаг байсан. Орон нутагт татварын орлого бүрдүүлдэггүй, нийгмийн даатгалд асар их өртэй, ажилчдынхаа цалинг тогтмол тавьдаггүй гэх мэтчилэн асуудлууд байсан. Зөвхөн уул уурхай дээр буй хэсэг нь л ажиллаад, боловсруулах үйлдвэрийн ажилчид нь ээлжийн системтэйгээр ажиллаж, хэл ам дарсан маягтай байлаа. Орон нутагт бол хувийн хэвшил үнэндээ нэмэр нөлөө байгаагүй. Харин төрд ирснээр Г.Дугаржав захирал хуулийн хүрээнд өөрт байгаа боломжоор орон нутагтайгаа маш сайн хамтарч ажиллаж байна. Ажилчдынхаа цалинг ч нэмчихлээ. Нийгмийн даатгалын шимтгэлийн өмнөх өрийг нь сайн төлж байна. Төсөвт орлогоо төвлөрүүлж байна.

-Тэрбум мод, Хүнсний хувьсгал гэх мэт Ерөнхийлөгчийн санаачилсан хөдөлгөөнүүдэд Дархан-Уул аймаг хэр идэвхтэй оролцож байна вэ?

-Дархан-Уул аймагт 20 сая мод тарих гэрээнд манай Засаг дарга гарын үсэг зурсан. Энэ хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагууд мод тарьж байна. Мөн төсвөөсөө хашаажуулалт зэргийг нь хийж өгөөд, аянд идэвхтэй оролцоод явж байна. Шинээр баригдаж буй орон сууц, хорооллуудаа ногоон байгууламжтай байхаар төлөвлөж байгаа.

Хүнсний хувьсгалын тухайд нийтээрээ зүтгэж байна. Орон нутагт дэмжлэгүүд маш сайн ирж байна. Үр дүн ч гарсан. Гаднаас импортоор авах байсан 120 сая ам.долларын үнэ бүхий бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэсэн гэсэн тооцоо гарсан. 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо 100 хувь хангах нь эхний зорилт. Энэ зорилтыг биелүүлэхэд манайх тодорхой хэмжээнд нэмэр болж байна. Хувийн хэвшлийнхэн санаачилгатай ажиллаж байгаа. Өрхийн үйлдвэрлэгчдийн хөдөлмөрийг хөнгөвчлөх үүднээс УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр орон нутгаас дундын бааз бий болгож, хавар намрын тариалалт, хураалтын үед иргэд түр хугацаагаар түрээслүүлдэг. Мөн зөгийчдөд иж бүрэн тоног төхөөрөмж, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх хүрээнд энэ хавар 80 томоохон хүлэмжийг авч өгсөн.

Иргэд хорших ёстой. Хоршиж байж төрийн дэмжлэгийг авах ёстой гэсэн бодлогоор ажиллаж байгаа. Тэр нь ч зөв. Энд тэндгүй жижиг аж ахуй эрхэлчихээд намар болохоор хүн хүч олддоггүй, хурааж чаддаггүй. Тэгээд л төр засаг руугаа хандаж, гомдол гаргадаг. Улмаар үл ойлголцол бий болдог. Орон нутагтаа тарьсан ногоогоо хаяхгүйн тулд Засаг дарга нь захирамж гаргаж, оюутнуудаа дайчилна. Гэтэл эцэг, эхчүүд нь зөрчилдөнө. Гэхдээ ямар ч байсан хөдөлмөрийн хөлсийг нь өгөөд ногоогоо хурааж авах ёстой гээд л Засаг дарга нь уламжлалт арга ашиглаад л явж байгаа. Одоо үүнийг халж, техникжих хэрэгтэй.

Цаашдаа хөдөө аж ахуйд анхаарах ёстой хамгийн том асуудал бол төрөөс арга хэмжээ авч, газар тариалангийн бүсийн хөрсийг сайн бордох хэрэгтэй байна. Нэгэнт л газар бол төрийн өмч гээд Үндсэн хуульд тусгачихсан юм чинь газар тариалангаа хамгаалах үүднээс нэг удаа зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй. Ингэснээр газар тариалангийн үр өгөөж нэмэгдэнэ. Хэдэн тариаланчид өөрсдийнхөө боломж бололцоогоор бага хэмжээгээр бордож, олон жил явсаар газар нь үржил шимгүй болоод, ургац алдах асуудал гарч байна.

Э.БОЛД

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу