Украины дайнтай холбогдуулан ОХУ-ын төр болон Оросын эсрэг АНУ-аас тавьсан хориг арга хэмжээний улмаас Хятадын олон банк ОХУ-д цэргийн бараа бүтээгдэхүүн экспортолж буй дотоодын компаниудтайгаа хамтран ажиллахаас цааргалж эхэлсэн байна гэж Ройтерс агентлаг мэдээлэв. Энэ нөхцөл байдал Хятадын жижиг экспортлогч бизнес эрхлэгчдэд улам бүр ноцтой асуудал болж байгааг тус агентлагт Хятадын долоон арилжааны банкны эх сурвалж баталжээ.
Ройтерс агентлаг “Хятадын томоохон банкууд олон улсын хоригт орохгүй гэж Оростой холбоотой гүйлгээг санхүүжүүлэхээс татгалзаж байгаа тул Хятадын зарим компаниуд хил дээрх жижиг банкууд болон мөнгө зээлдэгч санхүүгийн жижиг сувгууд руу хандаж, тэр ч байтугай криптовалютаар гүйлгээ хийхийг оролдож байна” гэж ярилцагчдынхаа хэлснийг иш татан мэдээлжээ. Хятадын банкууд барууны хориг арга хэмжээг зөрчөөгүй байгааг тогтоон ОХУ-аас төлсөн төлбөрийг шалгахад хэдэн сар шаардлагатай болж байна гэж өөрийн нэрийг нуухыг хүсээгүй нэгэн аж ахуйн нэгжийн эзэн Ван тус агентлагт гомдолложээ. Ийм нөхцөлөөс болж БНХАУ-ын зарим компаниуд Оросын зах зээлийг бүрмөсөн орхисон гэж Москвад салбар оффистой банкны нэрээ нууцлахыг хүссэн нэг төлөөлөгч мэдэгдээд одоо криптовалютаар төлбөр хийх нь хамгийн сүүлчийн боломж гэдгийг онцолсон байна.
Тэгвэл АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-тэй саяхан уулзаж АНУ-ын Төрийн департаментын тэргүүн “Хятад улс Украины эсрэг түрэмгийллийн дайнд Оросыг дэмжиж байгаа явдалд “ноцтой түгшиж” байгаагаа илэрхийлсэн. Харин Хятадын Гадаад хэргийн яам “Хятад улс хууль бус, нэг талын хориг арга хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй. Хятад, Оросын ердийн худалдааны хамтын ажиллагааг ямар ч гуравдагч этгээд тасалдуулж болохгүй” гэж мэдэгдээд байгааг Ройтерс агентлаг иш татжээ.

Г.АМАРСАНАА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу