Гүржийн нийслэл Тбилисид парламентын ордны ойролцоо болж буй “гадаадын агентуудын тухай” хуулийн төслийг эсэргүүцсэн олон мянган хүний ​​жагсаалын үеэр жагсагчид цагдаа нартай мөргөлджээ. Тбилисийн төвд болсон бас нэгэн томоохон жагсаалд оролцогчид “Гадаад улсын нөлөөллийн ил тод байдлын тухай” хуулийн төслөөс татгалзахыг парламентаас шаардсан бөгөөд сөрөг хүчнийхний үзэж байгаагаар “гадаадын агентуудын тухай” хууль нь Оросын хуулиас хуулбарласан хувилбар юм байна.
Парламентын ордны ойролцоох талбайг Гүрж болон Европын холбооны далбаа барьсан жагсагчид дүүргэжээ. Тэд төв өргөн чөлөөний автомашины хөдөлгөөнийг хаажээ. Франс Пресс агентлагийн тооцоолсноор жагсаалд 20 мянга орчим хүн оролцсон байна. Гүржийн Дотоод хэргийн яам өөрийн цахим хуудсаараа дамжуулан ард иргэдийг хуулиар зөвшөөрсөн жагсаал цуглаан хийх эрх чөлөөний хязгаараас хэтрэхгүй байхыг, парламентын өмнө босгосон тайзыг эвдэхгүй байхыг уриалаад “Хууль зөрчсөн аливаа үйлдлийг цагдаа нар даруй таслан зогсоох болно” гэсэн мэдэгдэл нийтэлжээ.
Харин Европын холбоо Гүржийн эрх баригчдыг “Гадаадын нөлөөллийн ил тод байдлын тухай” хуулийн төслийг эргүүлэн татахыг уриалсан байна. Мөн Европын парламентын Хямралын удирдлагын асуудал хариуцсан Европын комиссар Янез Ленарчич “Энэ хуулийн төсөл нь Европын хэм хэмжээ, үнэт зүйлстэй нийцэхгүй байгаа нь тодорхой байна. Хэрэв энэ хууль батлагдвал Гүржийн Европын Холбоонд элсэх замд аюул учруулах болно” гэж мэдэгдэв. Гүржийн парламент уг хуулийн төслийг энэ сарын 17-нд анхны хэлэлцүүлгээр нь баталсан бөгөөд үүнээс хойш Гүржийн иргэд уг хуулийг эсэргүүцэн олон өдөр жагсаж байгаа юм.

Г.АМАРСАНАА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу