“Дайн гэдэг хүсэх юм биш. Тулаад ирвэл зугтах зүйл биш” хэмээн БНМАУ-ын гарамгай баатар Л.Дандарын хэлсэн үг бий. Нийгэмд өрнөж буй үйл явдлуудыг харахад “Сонгууль гэдэг хүсэх юм биш. Тулаад ирвэл зугтах зүйл биш” гэж хөрвүүлэн хэлж болмоор байна. Л.Дандар баатарын хөлс, цус, эр зоригоороо хамгаалж үлдсэн Монгол Улс өнөөдөр алга дарам цаасан дээр хэний нэрийг дугуйлахаас шалтгаалан үлдэх, эс үлдэхийн зааг дээр ирчихээд байгаа юм.
Авлигын хэрэгтнүүд, нүүрсний хулгайч нартаа хариуцлага тооцож чадаагүй Ардын намынхан найман жил тасралтгүй төрийн эрх барьчихаад одоо л бид шударга ёс тогтоох гэж байна хэмээн сонгуулийн өмнө иргэдийн тархийг угаасан “Улаанбаатараас ярьж байна” тэргүүт цуврал сериалуудаа цацаж эхэллээ. Сонгууль бүрийн өмнө хөдөлгөдөг С.Зориг агсны амиа алдсан хэргийг сөхөж, Ц.Элбэгдоржийн холбоотнууд байж болох хүмүүсийг хэрэгт татах гэсэн олон янзын зохиолтой олон өрнөл болж байна.
Ямартай ч Монгол Улсад нүүрс гэх асар том бүлэглэлийн эрх ашиг хамгийн түрүүнд тавигддаг гэдгийг улсаараа харлаа. Хар алтыг эзэмших “дайнд” нам харгалзахгүй нэгдэн сүлбэлддэг болох нь нүүрсний сонсголоор ил болсон. Тэгвэл нүүрс, алт, төмрийн хүдрийн гол бүс болох Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгуудад хэн ноёрхолоо тогтоох вэ гэдэг марафон ил болж эхлэв. Аль намын хэний бүлэглэл хамгийн их суудал авна тэр нь үндсэндээ ноёрхолоо тогтооно гэсэн үг.
Өмнөх сонгуулиудаар Дундговь, Говьсүмбэр аймгууд нийлээд хоёр, Дорноговь хоёр, Өмнөговь хоёр нийт зургаан мандаттай байсан. Энэ удаагийн сонгууль бүсчилсэн хэлбэрээр явагдаж, нэг мандат нэмэгдсэнээр Говийн бүсийн нэр дэвшигчид долоон мандатын төлөө өрсөлдөх нь.
Нүүрсний хамгийн том эрх ашиг зангидагддаг тус бүсэд хэн нэр дэвшихээс үл хамааран нүүрсний эзэд шинээр тодрох юм. МАН-аас тус бүсэд Догшин хутагтын нутгаас “Дорноговийн баян хутагт” хэмээгддэг “Түгжрэлийн сайд” Б.Дэлгэрсайхан түгжилдэж яваа гэх. Мөнгө асуудал биш болсон цагаас эхлэн тэрбээр байгалийн сортой бүхнийг хамаарал бүхий компаниудаараа дамжуулан түүж яваа. “Дорнын говь” хэмээх мах бэлтгэдэг компаниас өөр овоглох зүйлгүй байсан тэрбээр нүүрс, төмрийн хүдрээс эхлээд сортой бүхэнд хуруу гараа дүрж яваа нэгэн. Бүх зүйлд гар хуруу, хошуу амаа дүрж байж санаа амардаг нэг тийм зүдэргээтэй өрхийн тэргүүн олон байдаг даа. Тэдний нэг гээд ойлгочиход ч болохгүй зүйл алга. Аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргаас эхлээд арай ч цэвэрлэгчийн томилгоонд оролцдоггүй гэх юм билээ. “Баян хүн гурван төрд нүүртэй” гэдэг бол үнэн гэдгийг харуулж яваа улс төрч. Энэ удаагийн сонгуульд Говийн бүсээс нэр дэвших мандатаа хамгийн түрүүнд өвөртөлсөн горилогчийн нэг. Сү.Батболдтойгоо бүсээ толгойлж сонгуульд орж, хураасан хөрөнгөө улам арвидуулахаас биш улс орныхоо төлөө юу ч хийхгүй гэдгийг нь Түгжрэлийн сайдын сэнтийд заларсан байдлаас нь харж болно. За даа, мөнгөтэй хүн луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү маньд падлий байх биш гэж бодох ч нүүрс гэх асар том эрх ашгийн төлөөх тэмцэл улам хурцдах нь гарцаагүй юм.
Дараагийн хүн нь мэдээж Төмөртогоогийн Энхтүвшин. Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад азаар Б.Дэлгэрсайханы хараанд өртөж сонгуулийн мандатаа олж авсан нэгэн. Сайн, муу бүхэнд нэр холбогддоггүй байдаг л нэг парламентын суудал “халаагч”. Б.Дэлгэрсайханы заасан замаар урагшилж байгаа нэгэн гэж ойлгоход хол зөрчихгүй байх. Т.Энхтүвшин хэзээ жигүүр нь ургаж гүйцээд өөрийн үүрээ засахыг тэнгэр л мэдэх байх.
Харин Дундговийн гол төлөөлөл бол мэдээж “Женко” Х.Баттулгын мөнхийн дайсан Сү.Батболд нэр дэвшинэ. Түүнийг горилогч гэж хэлэх нь илүүц. Горилсон, горилоогүй дэвшинэ. Тэгээд ялна. Сү гэж овгоороо л сүрхий явж байгаагаас биш сүртэй улс төр хийж, улс орныг хөгжүүлэх зүйлд гар бие оролцоод байсан зүйл байхгүй. Гадаад улсуудад байгаа гэх хэдэн тэрбумаар үнэлэгдэх хауснуудын зургууд сошиалыг дүүргэж, парламентад 10 гаруй суудал эзэмшдэг томоохон бүлэглэлийн толгойлогч. Түүнд айдас бий. Дундговиос бусад аймгуудад түүний тараах мөнгө багадвал унах эрсдэлтэй. Говийн бүсийн хамгийн цөөн сонгогчтой Дундговьдоо цацаад гарчихаж болдог бол Дорноговь, Өмнөговийнхон түүний халаасыг ихээр тэмтэрч таарна. Одоо хэл ам болоод буй Эрдэнэс Таван толгой өмнө нь түүний мэдэлд байсан юм билээ. Түүнийгээ харин улсад өгсөн гэх юм билээ. Түүнээс өөрөөр гийж гялтайх гавьяа үгүй ч парламентад бүдүүн фракцыг бүрдүүлж чадсан гэхээр барьцаа хэр сайн авсан улс төрч вэ гэдэг нь харагдана.
Мөн Баянзүрх дүүргээ хаячихаад Дундговь руу харайлгаж байгаа нэг эмэгтэй бий. Тэр нь Батсүхийн Саранчимэг. Боловсролын зээлийн сангаар сурсан хэмээн баалуулж байгаа түүний хувьд нийслэлд МАН эвгүй болсон тул Баянзүрхийн тойргоо үлдээчихээд Дундговь руу жирийлгэчихсэн. Нутгийнхаа тооны аварга болж явсан тэрбээр парламентын шилдэг шатарчдын нэг болсон. “Мон Уран”-ы Б.Наранхүү бол түүний дүү. Дундговьдоо бүү хэл монголдоо зартай мөнгөний “хүүдий” гэх болсон тэрбээр эгчийнхээ хөрсийг өмнө нь сайн бэлдээд өгчихсөн. Эгч, дүү хоёр өөр нам хэдий ч элэг нь өөр нам болчихоогүйгээс хойш Б.Наранхүүгийн дэмжлэг эгчдээ маш том өгөөжөө өгөх байх.
Говийн бүсэд горилж буй дараагийн хүн нь Гомпилдоогийн Мөнхцэцэг. Дорноговь, Говьсүмбэрийг нэг тойрог байхад анх УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан бол Дундговь, Говьсүмбэрийг нэгтгэн тойрог болгоход дахин сонгогдсон цорын ганц эмэгтэй. Говийн бүсэд хоёр удаа ялна гэдэг эмэгтэй нэр дэвшигчийн хувьд амар биш ч тэр чадсан. Хулгай, луйвар, тендер цавчаатай нэр холбогдоогүй цөөн улстөрчийн нэг. Говь нутгийнхан түүнийг улс төрч гэдгээс илүүтэй “Болор цом”-ын эзэн яруу найрагч гэдгээр нь илүү талтай ханддаг байж магадгүй юм.
Дараагийн горилогч нь УИХ-ын гишүүн асан Л.Энхболд. Өмнөговийн хоёр мандат дээр горилж байгаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Х.Нямбаатар нартай анх шударга ёсны тэмцлийг эхлүүлж, “Шударга тав”-ыг үүсгэн байгуулж байсан гэдэг. Нүүрсний хулгайн талаар 2017 онд анх удаа парламентад шүгэл үлээж, Эрдэнэс таван толгойн талбайгаас 270 орчим мянган тонн нүүрс бүртгэлгүй гарсан талаар ярьж байсан нэгэн. Өнөөдөр нүүрсний хулгайн талаарх мэдээлэл олон нийтэд ил болсон гавьяа магадгүй түүнийх. Өмнөговийн “Ажнай” хэмээх мангасын гарт орсныг нийгэмд шүгэлдсэн ч араас нь ЖДҮ-гийн хулгайд нэр холбогдсон. 2020 оны сонгуульд ЖДҮ-д нэр холбогдсон хэмээн нэр дэвшээгүй ч хэргийг нь шалгаад 2021 оны үед прокуророос хэрэгсэхгүй болгосон бичиг албан ёсоор өгсөн гэх юм билээ. Нэрээ цэвэрлэж аваад энэ удаа горилж байж магадгүй юм. Гэхдээ нүүрсний асар том бүлэглэлтэй хүч тэнцвэргүй тулаанд горилж яваа нэгэн. Нүүрсний хулгайг илчилсэнийхээ шанд тэр нэр дэвших эрхээ авч чадахгүй байж магадгүй. “Нүүрсний хулгай” нам дамнасан том бүлэглэл тул ганц Л.Энхболдыг хөнгөхөн дөнгөж чадах биз.
Өмнөговь аймагт нэр дэвших дараагийн хүн нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Өлзийбаярын Золбаяр. Сэтгүүл зүйн салбараас улс төрд хөл тавьж байгаа залуу. Ямар ч хулгай, тендер цаваанд нэр холбогдоогүй цагаан цаас шиг хүн гэхэд болно. У.Хүрэлсүхийн улс төрд сойж буй залуу үеийн төлөөлөл, нууц хөзөр.
Говийн бүсэд МАН-аас дэвших сүүлчийн хүн нь Аудитын дарга асан Д.Занданбат. УИХ-ын сонгуульд нэр дэвшихийн тулд оны өмнө ажлаа өгсөн. Хэдийгээр нэр цэвэр шинэ хүн мэт харагдах ч түүнтэй холбоотой саар зүйлс маш их. Жил гаруйн өмнө ард түмэн төв талбайдаа нүүрсний хулгайчдыг өчиггүй яллах хэрэгтэйг сануулж байсан. Гэтэл нэр дэвшихээр горилж яваа цагаан цамцтай, цэмцгэр залуугийн гар нүүрсэнд хутгалдсан гэдгийг нутгийнхан нь ярьдаг.
Д.Занданбатын төрсөн ахыг Доржсүрэнгийн Занахүү гэдэг. Хот хүрээгээр л цууд гараагүй болохоос Өмнөговь аймагтаа зартай нүүрсчин байдаг. 2010 оноос нүүрстэй нягт холбогдож, “Дээдийн говь” компаниараа дамжуулан, орон нутгийн “Тавантолгой” ХК-тай №24 тоот дугаар гэрээ байгуулж, 500.000 тонн нүүрс Худалдах, худалдан авах гэрээ байгуулж байжээ. Мөн 2011 оны гуравдугаар сарын 17-ны өдөр хуралдсан “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр нэг сая тонн нүүрсний гэрээ хийх эрхээ авч байсан нэгэн. Энэ үед УИХ-ын гишүүн асан “Ажнай” хэмээх Д.Бат-Эрдэнэ “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан юм. Д.Бат-Эрдэнийн компанийн татварын асуудлыг цэгцлэх замаар тэднийг ойртох болсон талаар нутгийнхан нь ярьдаг. Нүүрсний хулгайчдаасаа салах гэж Л.Оюун-Эрдэнэ үйлээ үзэж байхад нэг нүүрсчин нөхөр өөрөөс нь нэр дэвших мандат авахаар горилж байгаа юм.
Говийн бүсэд нэр дэвших АН-ынхан бас олуулаа байна. Энэ удаагийн сонгуульд Өмнөговийн ганц том улс төрч болох “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нэр дэвшихгүй өнжих юм байна. Гэхдээ өөрийн төлөөний хүмүүсээ нэр дэвшүүлэхээр горилогчдын тоонд оруулаад байгаа юм. Түүний хамгийн ойрын хүн Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нэр дэвшихээр горилж байгаа ч үүнийгээ тас нууцалж байгаа гэх. Учир нь нүүрсний хулгайтай холбогдуулан түүнийг шалгаж, яллагдагчаар татсан талаар АТГ-аас зарлаж байсан. Улс төрийн маш том тохироо л хийхгүй бол нэр дэвшигчээр орж ирэх ямар ч боломжгүй. Хэрэг нь боогдоод шүүх рүү явахын өмнө ийнхүү УИХ-д горилж байгаа нь гишүүний бүрэн эрхээр өөрийнхөө хэргийг хаацайлах ганц зам гэж харахаар байна. Түүний баруун, зүүн аль ч гар нь нүүрстэй хутгалдаж “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэтэвчийг заадаг. Дараагийн хүн нь мөн л “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат юм. Мөн Өмнөговийн АН-ын дэд даргаар ажиллаж байсан, одоо УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга Б.Энхмөнх. “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хаяанд гэрээ барихгүй гэж мөнчгөрөөрөө зүтгэж яваа залуу хэмээн нутгийнхан нь ам сайтай байх юм билээ. Гэхдээ энэ удаа түүнд мандат олдохгүй байх магадлал маш өндөрб байгаа. Нүүрсчин ах нар нь түүнд мандат өгнө гэдэгт найдах хэрэггүй болов уу.
Дорноговь аймгаас Л.Алтангэрэл гэж залуу нэр дэвшихээр горилж байна. Танигдалт Дорноговьдоо л юу юм гэхээс говийн бусад аймгууддаа бараа нь бүү хэл тоос нь ч үзэгдэхгүй байгаа нөхөр. “Алдарт” Д.Сүндийгийн ах гэх юм билээ. Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшингийнхээ Дорноговийн саналаас гайгүй зулгаачихвал бусад аймгууддаа ажиллаж чадвал гарчихна гэж бодож яваа байх. Дорноговио төлөөлж аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Г.Ганбаатар горилж байна. Орон нутгийн шилдэг удирдагч болж байснаас өөрөөр түүний талаарх мэдээлэл тун хомс байдаг.
Мөн Говьсүмбэр аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Л.Одсэр нэр дэвшихээр горилж байна. Түүний хувьд Засаг даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт холбогдон АТГ-аар шалгуулж байсан. Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү, Р.Эрдэнэбүрэн, Дундговь аймгийн ИТХ-ын дарга асан С.Од-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан Ө.Шижир нар нэр дэвшихээр горилж байна. Сүүлийн үед Х.Баттулгын квотоор сэтгүүлч Л.Мөнхбаясгалан нэр дэвшинэ гэх таамаг явах болов. Л.Мөнхбаясгалангийн хувьд АН-ын жагсаалтад орохоор яригдаж байсан ч Говийн бүсэд нэр дэвшихээр болсон байна. Тэрбээр Сү.Батболдыг үүрэнд нь нам дарах ганцхан зорилготой нэр дэвшиж байгаа юм.
Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн Говийн бүсэд МАН нүүрсний эрхээ олж авахын тулд бяр зааж, АН-ынхан сульдаж сонгуульд орох дүр зурагтай байна. МАН-ын горилогч нар нь бүгд эрх мэдэл албан тушаалтай хүмүүс байгаа бол Ардчилсан намын горилогч нар гудамжнаас бүгд сонгуульд орох гэж байгаа юм.
Р.ЖАРГАЛ

1 сэтгэгдэл

  1. Говийн бүсэд МАН-аас дэвших сүүлчийн хүн нь Аудитын дарга асан Д.Занданбат. УИХ-ын сонгуульд нэр дэвшихийн тулд оны өмнө ажлаа өгсөн. Хэдийгээр нэр цэвэр шинэ хүн мэт харагдах ч түүнтэй холбоотой саар зүйлс маш их. Жил гаруйн өмнө ард түмэн төв талбайдаа нүүрсний хулгайчдыг өчиггүй яллах хэрэгтэйг сануулж байсан. Гэтэл нэр дэвшихээр горилж яваа цагаан цамцтай, цэмцгэр залуугийн гар нүүрсэнд хутгалдсан гэдгийг нутгийнхан нь ярьдаг.
    Д.Занданбатын төрсөн ахыг Доржсүрэнгийн Занахүү гэдэг. Хот хүрээгээр л цууд гараагүй болохоос Өмнөговь аймагтаа зартай нүүрсчин байдаг. 2010 оноос нүүрстэй нягт холбогдож, “Дээдийн говь” компаниараа дамжуулан, орон нутгийн “Тавантолгой” ХК-тай №24 тоот дугаар гэрээ байгуулж, 500.000 тонн нүүрс Худалдах, худалдан авах гэрээ байгуулж байжээ. Мөн 2011 оны гуравдугаар сарын 17-ны өдөр хуралдсан “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр нэг сая тонн нүүрсний гэрээ хийх эрхээ авч байсан нэгэн. Энэ үед УИХ-ын гишүүн асан “Ажнай” хэмээх Д.Бат-Эрдэнэ “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан юм. Д.Бат-Эрдэнийн компанийн татварын асуудлыг цэгцлэх замаар тэднийг ойртох болсон талаар нутгийнхан нь ярьдаг. Нүүрсний хулгайчдаасаа салах гэж Л.Оюун-Эрдэнэ үйлээ үзэж байхад нэг нүүрсчин нөхөр өөрөөс нь нэр дэвших мандат авахаар горилж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу