Цагдаагийн Ерөнхий газраас өмгөөлөгч Г.Батбаяр амиа алдсан хэрэгт холбогдох мэдээллийг прокурорын зөвшөөрөлтэйгөөр өнөөдөр (2024.04.30) олон нийтэд мэдээллээ.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 5-р хороонд оршин суух иргэн Б дөрөвдүгээр сарын 21-нд гэрээсээ гараад ор сураггүй алга болсон гэх мэдээллийг 25-нд цагдаагийн байгууллагад өгсөн байдаг. Мэдээллийн дагуу эрэн сурвалжлах ажиллагааг орон даяар явуулж, Богд хан амралтын газрын автомашины гадна зогсоолоос амь хохирогчийн унаж явсан автомашин олджээ. Улмаар хэргийн газрын үзлэгийг явуулахад автомашины арын суудалд нас барсан байдалтай олдсон аж.
Хэргийн газрын үзлэгээр амь хохирогчийн нэр дээр бүртгэгдсэн галт зэвсэг, сумны хонгио, гар утас зэргийг хураан авч эд мөрийн баримт болгон авч,  шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газарт хүргүүлжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна.
Амь хохирогчийн цогцсын үзлэгийг Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газарт эрх бүхий албан хаагчдын бүрэлдэхүүнтэй буюу гурав болон түүнээс дээш бүрэлдэхүүнтэй мэргэшсэн шинжээч нар явуулсан.
Мөн амь хохирогчийн төрсөн дүү Н-ыг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон мэдүүлэг авч, хэргийн материал, мөрдөн шалгах ажлын явцыг танилцуулсан байна. 
Цаашид амь хохирогчийн нас барахын өмнөх маршрутыг илрүүлэх, мөрдөн шалгах бусад ажлуудад мэргэжлийн алба хаагчид томилогдон хууль ёсны дагуу ажиллаж байна. Мөн түүний гэрээслэл олдсон гэх мэдээлэл нь худал. Цахим орчинд тарж буй худал мэдээлэлд автахгүй, түгээхгүй байхыг иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагаас хүсэж байна хэмээн ЦЕГ-аас мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу