“Залуу нас” дугуйлангийн тухай богинохон тэмдэглэл
Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит “Залуу нас” утга зохиолын дугуйлан 2015 оны дөрөвдүгээр сарын 26-нд нээлтээ хийж байв. Залуусын хүсэл тэмүүлэл оргилон байдаг тэдний бүтээсэн түүх нь арвин. Эл дугуйлангийнхан олон бүтээл туурвиж, олон ч наадмын тэргүүн, шагналт байрыг хүртсэн. Аргагүй л залуу насны хүсэл, гал цог гэлтэй.
No photo description available.
Хэсэг хугацаанд завсарлаад байсан “Залуу нас” дугуйлан өнгөрөгч Баасан гарагт дахин нээлтээ хийлээ. Эрх чөлөөний өчүүхэн хэсгийг ч эрхэмлэсэн яруу найрагчийг цагаатгасан өдөр буюу дөрөвдүгээр сарын 26-нд болсон юм. Шинэ өнгө төрхтэй, шинэ дүр дүрслэлтэй залуусын нэгдэл дахин бий боллоо. Үйл ажиллагаа нь зогсох хүртэл уг дугуйланг МЗЭ-ийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Н.Минжинсайхан удирдан явуулдаг байсан. Харин энэ удаад залуу яруу найрагч, “717” номын зохиогч Жаргалсайханы Эдмон үргэлжлүүлэн чиглүүлэхээр болсон юм. 
May be an illustration of text
Нээлтийн өдөр Улаанбаатар хотын төв номын сангийн нэг давхарт хэсэг залуус цугларчээ. Анх дугуйлан нээгдэж байх цагаас эхлэн шүлэг ярилцдаг байсан нөхөд бие биетэйгээ уулзаж, анхлан шүлэгт татагдаж буй залуус мөн сонирхож, яруу найргийн бүлгэм болон нөхөрлөж яваа найрагчид дурсамжаа хуваалцсан өдөр байлаа.
Тэд бадрангуй, омголон байснаа ярилцана, шүлгээ дуудна. Утга зохиолын дугуйлангийн сайхан тал нь адил нөхрөө олдог явдал гэлтэй. Нээлтийн индрээс үг хэлэх хүн бүр л энэ тухай хөндөнө. “Бидний шүлэг уншиж, уулзаж явсан цаг мөч шиг нандин зүйл дахин олдохгүй юм” гэнэ. Тиймдээ ч хэсэг хугацаанд завсарлаад байсан дугуйлан эргэн ажиллах болсонд олзуурхан хөөрч, сүүлд бичсэн хэдэн шүлгээ өвөртлөөд ирсэн хүн олон.
Р.Чойномын дуулан шүлэглэж байсан эрх чөлөө, хайр, амьдрал цөм хэлбэртээгүй эрх чөлөөт, эрэмгий шүлгүүд болон бидний цээжинд үлджээ. Гар бичмэл нь л гэхэд хэд хэд хуулбарлагдаж гар дамжуулан түгээж, ам дамжуулан цээжилдэг байсан гэдэг. Тийм цаг үеийн үнэн шүлгүүдийг чангаар унших шүлэгч залуус орчин цагт олон болж буйд бахархам. Их хотын үйл явдлын дунд дуулах шахам дуртай шүлгээ уншиж сууна гэдэг сайхан зүйл. Их найрагчийн он оныг дамжин хэлэгдсэн хэлбэртээгүй үнэн яруу найраг, үнэн шүлгийнх нь мөрүүд өнөөдөр ч бидний дунд уншигдсаар.
Залуу нас дугуйланд бусдын сайхан шүлгийг дуулж, өөрийнхөө доторхыг нээж, бусдыг алдаанаас зүлгэлцсэн өдөр хоногууд өнгөрдөг шиг санагддаг. Дугуйлангийн  үүдээр уншсан ном, бичсэн шүлэгтэй орох яасан бахархалтай вэ. Хаврын урин цагийг угтаж дотроо тээж буй гунигаа үүрсээр хэчнээн удаа тэр босгыг давж, өөртэйгөө ижил хүмүүстэй дугуйрч суусныг намар л гэрчлэх байх. Хэн нэгний зурвасхан дуудаад өнгөрсөн мөртүүд дараа долоо хоног хүртэл сэтгэлд тодхон. Магадгүй дугуйлангийн утга ч эндээ байж болно.
Хэнд нь ч сайн найрагч болно гэх хүсэлгүй өөрийн ертөнцөө хуваалцаж, мэрэх гэж цуглардаг найрагч залуусын цуваа тасрахгүй биз, нээлтийн өдөр ч тийм байлаа. Мэдээж үүнийг бас л намар, хавар дөрвөн улирлын сайхан гэрчилнэ шүү дээ. Амьдралын гашууныг залуухан хөвгүүд, охид яруу найргаар зөөллөж, үсэрсэн цог шиг залуу насаараа гоёх нь нэн таатай аж. 
Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сvvдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину! Р.Чойном
Өнөөдөр ч залуу насны гал цогийг магтан дуулж яваа найрагч хүүхдүүд, Р.Чойномын үзэл санааг түгээн яваа найрагчид тасраагүй байгаа. Гагцхүү эдгээр хүмүүсийн цуглах газар, шүлэг найргаа бүтээх орчин нь “Залуу нас” дугуйлан гэхэд болно. Энд шүлэг төрж, шүлэг түгж, бодол эхэлж, борооны сайхныг хамтдаа мэдэрдэг юм.  Залуу нас дугуйлан цаашид туулж ирсэн түүхээсээ ч урт удаан үргэлжилнэ гэдэгт итгэнэм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу