“Гацуурт” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат Дорнод аймгаас гарал үүслийн гэрчилгээгүй олон тооны адууг тууж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд оруулахыг завдсан. Үүнийг нь нутгийн малчид эсэргүүцэхэд Л.Чинбат “Ланд круйзер” маркийн машинаараа тэднийг дайрч, амь насанд нь заналхийлсэн билээ. Энэ тухай бичлэг өнгөрөгч оны зургаадугаар сарын 15-нд цахим орчинд тархаж, олны бухимдлыг хүргэж байв. 

Л.Чинбатын эл үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-1 дэх хэсгийн журамлан тусгай ангийн 10.1-д заасан хүний амийг хөнөөхөөр завдсан, 10.1, 13.14, 20.16 зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, яллагдагчаар татсан.

Гэвч түүний хүний амийг хөнөөхөөр завдсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож, гэм буруугүйд тооцжээ. 

Улмаар прокурорын газраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14-1 дэх хэсгийн “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг цахим орчинд тараасан” гэх гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдсэн байна. Уг хэргийг шүүх хурал өнөөдөр (2024.05.01) 14.30 цагт Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу