Засгийн газрын өнөөдрийн (2024.05.01) хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Сангийн сайд Б.Жавхлан “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж хэлж болохуйц тогтоол батлагдлаа. Өөрөөр хэлбэл, Монголын ард түмэн баялагтаа эзэн болох цаг мөч өнөөдрийн Засгийн газрын тогтоол батлагдсанаар хэрэгжиж эхэлж байна. 

Саяхан УИХ-аар Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсан. Үүнтэй холбогдуулж, хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг эцэслэн баталлаа. Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн гурван сангаас бүрдэж буй. Үүнээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хуримтлалын сангийн талаар тогтоол гаргалаа.

“Эрдэнэс Монгол” компанид 2023 оны төрийн өмчит компаниудын 34 хувийн ногдол ашиг болох 500 хүртэлх тэрбум төгрөг бий. Үүнийг Хуримтлалын санд хуримтлуулж, орон сууцны хөтөлбөрийг санхүүжүүлэхээр боллоо.

Монгол Улс 2021, 2022 онуудад хамгийн их буюу 750 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд зарцуулж байсан. Энэ жилийн тооцооллоор Төв банк 500 хүртэлх тэрбум төгрөгийн, зээлийн эргэн төлөлтөөс буюу банкууд 200 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргана. Үүн дээр нэмээд Хуримтлалын санд оруулж буй 500 тэрбум төгрөгийг зээлд зарцуулахаар боллоо. Ингээд нийт 1.2 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн эргэлтийн эх үүсвэртэй болж байна. Энэ бол өмнө нь хэзээ ч гаргаж байгаагүй өндөр дүн. 

Банкуудаас судалгаа авахад одоогоор 17 мянган иргэний хүсэлт банкуудад ирчихсэн, судлагдаж байгаа юм билээ. Өмнө нь 500-700 мянган төгрөгийн эх үүсвэртэй байхад жилд 5000-6000 иргэний зээлийг гаргаж өгдөг байсан. Харин одоо эх үүсвэр 1.2 их наяд болж нэмэгдсэн учраас 17 мянган иргэнээс банкныхаа шалгуурыг давсан 10 орчим мянган иргэний зээлийг шийдэх боломж бүрдэж байна. Тогтоол өнөөдөр батлагдаж, хэрэгжиж эхэлж байна. 

Ирэх Даваа гарагт эхний гүйлгээнүүд хийгдэнэ” хэмээн хэллээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу