Нүүрсний гэх хэрэгт яллагдагчаар татагдсан Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын ерөнхий прокуророос УИХ-ын даргад хүргүүлээд буй.

Тэгвэл уг асуудалд УИХ-ын гишүүн Н.Наранбаатар дараах байр суурийг илэрхийлж байна. 

Тэрбээр “Гурван гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэхтэй холбоотой Прокуророос ирсэн бичгийн талаар нарийн мэдээлэлгүй байна. Өглөөний МАН-ын бүлгийн хурал дээр бүлгийн дарга прокуророос бичиг орж ирсэн л гэж хэлсэн. Өмнө нь АТГ-аас мэдээлэл хийж байхыг харсан. Энэ хүрээнд л мэдээлэлтэй байгаа. АТГ-аас бидний нэрийг зарласны дараа надаас хоёр удаа мэдүүлэг авсан. Цагаан сарын дараа яллагдагчаар татсан прокурорын тогтоол танилцуулсан. Тогтоол дээр байгаа үндэслэлийг нь хараад би гайхсан. Тэр үндэслэлийг нь мөрдөн шалгах ажиллагааны нууц учраас олон нийтэд зарлаж болохгүй юм билээ.

Би нүүрсний хулгайд оролцоогүй, оролцох боломж ч байхгүй. Нэг аймгийн Засаг дарга мафи үүсгээд нүүрс хулгайлаад байна гэж байхгүй. Аймгийн Засаг дарга бол төр засгийг төлөөлөөд мөрийн хөтөлбөрөө аймагтаа хэрэгжүүлээд л явж байдаг. 

Би харин ч Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудыг шүүмжилдэг байсан. 

Бүрэн эрх түдгэлзүүлэх асуудалд би өөрийн байр суурийг илэрхийлье гэж бодож байгаа. 

Намайг дуудаж мэдүүлэг авах үед нь би хоцорч байгаагүй, харин ч шаардлагатай гэсэн бүх материалаа бэлдээд дуудсан цагаас нь түрүүлж очиж мэдүүлэг өгч байгаа. Тийм учраас бүрэн эрхийг минь түдгэлзүүлж шалгах зайлшгүй шаардлага байхгүй гэж бодож байна. Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон дөрвөн гишүүн ажлаа хийгээд л шалгуулж байгаа.

Хамгийн ноцтой асуудал бол Өмнөговь аймгаас сонгогдсон хоёр гишүүнийг хоёуланг нь УИХ-ын гишүүнээс чөлөөлөх эсэх асуудал яригдаж байна. 

Д.Бат-Эрдэнэ гишүүн бид хоёрыг хоёуланг нь чөлөөллөө гэж бодоход аймгийн оршин суугч 72 мянган иргэн, нэмээд манай аймагтай амьдралаа холбосон олон асуудал орхигдоно. Төлөөлөлгүй бол хэцүү шүү дээ. Аймагтаа хийхээр эхлүүлсэн ажил их байна. Энийг хэн үргэлжлүүлэх юм. 

Өмнөговийн ард түмний Үндсэн хуульд заасан эрхээрээ сонгосон төлөөллийг нь дундаас нь гаргаад, эрхийг нь зөрчиж болохгүй. Ард нь бүхэл бүтэн тойрог хохирч үлдэнэ гэдэг тэр хүмүүсийн үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхэд нь халдаж байгаа хэрэг.

Бусдаар бол бүрэн эрхээсээ түдгэлзэхэд айгаад байх зүйл алга. Тойргийнхоо иргэдэд нүүр бардам хэлэхэд би нүүрсний хулгай хийгээгүй. 

Би 2016-2020 онд Өмнөговь аймгийн Засаг дарга хийхдээ гурван жилд нь улсын тэргүүний аймаг болгосон. Манай аймаг өрсөлдөх чадварын бүх үзүүлэлтээрээ улсдаа тэргүүлж байсан. Юун нүүрс хулгайлах. Тэр үед би өглөө 7 цагт гэрээсээ гараад шөнийн 2 цагт гэртээ харьдаг байлаа. Өглөө ажилдаа очиход доод тал нь 10 хүн үүдэнд уулзах гээд хүлээж байдаг. Тэр хүмүүсийн асуудлыг аль болох шийдээд, тус болчих юмсан л гэж зүтгэж ирсэн. 

Хэрвээ намайг шалгахад миний бүрэн эрх саад болж байгаа гэвэл би хамаагүй дагуулаад гэртээ очъё. Гэр нэгжих гэж байгаа бол нэгжүүлж болж байна. Утсыг чинь үзье гэж байгаа бол утсаа өгөөд шалгуулъя. 

Хүмүүс намайг Ж.Мөнхбат гишүүн шиг өөрөө хүсэлтээ өгөөд чөлөөлөгдөж байгаад шалгуулж болдоггүй юм уу л гэж байна. Гэхдээ 44 мянган сонгогчийн даалгавраар энд хүрч ирчихээд тэднийхээ итгэлийг хөсөрдүүлмээргүй байна” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу