2024 оны тавдугаар сарын 01. Өдрийн 13 цаг. Чингэлтэй дүүрэг, Долоон буудал. Энд хөл хөдөлгөөн ихтэй. Зах, худалдааны төвүүд шил шилээ даран байх хэдий ч хорвоогийн бор хоногийг хоолтой давах гэсэн хүмүүс гудамжинд суун наймаа хийцгээнэ. Хөнжил даавуу, оймс гутал, нойлын цаас, чанасан толгой гээд зарахгүй юм үгүй.

УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирээд буй энэ үед бид иргэдийн амьдрал ямар байгаа талаар болон тэднийг улс төрчдөд ямар дүн тавьж буйг сурвалжлахаар очсон нь энэ юм. Иргэд улс төрийн намуудад итгэхээ больж, МАН төрийн эрхийг барьсан найман жилд иргэдийн амьдрал дээшлэх биш улам доройтсон хэмээж, архичид нэмэгдсэн талаар хэлж байлаа. 

-ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХҮМҮҮСИЙГ ДАХИЖ СОНГОХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ДААНЧ МАНАЙ МОНГОЛЧУУД ТЭНЭГ ДЭЭ

Машины арын хаалгаа онгойлгон цөөн төрлийн бараа зарж буй 60 орчим насны эрэгтэй рүү (өөрийнх нь хүсэлтээр нэрийг нь нууцлав) дөхлөө. Тэрбээр сард 650 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг ажээ. Энэ мөнгө амьдралд нь хүрэлцдэггүй учраас өдөр бүр Долоон буудлын талбайд хүүхдийн памперс, нойлын давс, салфетка зэргийг зарж хоолны мөнгөө олдог байна. Энэ тухай тэрбээр “Хоосон хонохгүйн тулд захаас бөөний үнээр нь хэдэн бараа авч ирээд зараад сууж байна. Би өглөө 10 цагаас орой 18 цаг хүртэл зогсдог юм. Өдөржин зогсоход хоногийн хоол, тамхины мөнгөтэйгөө олчихдог. 

Манай Монголд гуйлгачин их болчихсон байна. Гудамжинд суучихсан мөнгө гуйж байгаа хүн зөндөө байна. Ажил хийж байгаа хүн ховор байна. Нарантуул, Хархорин, Бөмбөгөр гээд зах, худалдааны төвүүдэд очоод хараарай. Сайхан охид, залуучууд архинд орчихсон байна. Энэ хавиар 30 минут зогсоод ажиглахад л  согтуу хүн их бий. Ард түмний амьдрал ийм болтлоо дор орсон байна. Гэхдээ энэ дан ганц төрийн буруу биш. Иргэдийн ухамсар дорой, төр нь иргэдээ харж хандахгүй байгаагийн шинж шүү дээ” хэмээн хэллээ.

Харин сонгуулийн тухай дурдахад тэрбээр “МАН төрийн эрхийг найман жил барьсан. Гэтэл иргэдийн амьдрал сайжруулсан зүйл огт алга. Тэд “идэж, ууж” баяжаад, иргэд нь ядуугийн туйлд хүрсэн. Шинэ залуу хүмүүсийг төрд гаргаж байж л энэ байдлыг өөрчилнө. ЖДҮ, Боловсролын зээл гэх мэт зээлүүдийг дандаа УИХ-ын гишүүд, сайд нар авчихсан байна. Томчууд авсан өрөө төллөө л гэж байсан. Төлөөгүй л байх. 

Нүүрсний хэрэгт холбогдсон хүмүүс сонгуульд өрсөлдөх гээд явж байна. Иймэрхүү хэрэгт холбогдсон хүмүүсийг дахиж сонгохгүй байх хэрэгтэй. Даанч манай монголчууд тэнэг дээ. Би сонгуулиар ямар нам сонгохоо шийдээгүй байгаа. МАН, АН, ХҮН гурвын алийг нь ч сонгох бодол алга” гэв. 

-ГЭНЭТ БАЯЖВАЛ НАСАНД ЦӨВТЭЙ ГЭЖ ҮГ БИЙ. ИДЭЖ, УУСАН ХҮМҮҮС НЬ УХАМСРААРАА БОЛЧИХМООР ЮМ-

Ц.Галбадрах мөн л тэтгэврийн мөнгө нь амьдралд хүрэлцдэггүй иргэдийн нэг. Тэр гэргийтэйгээ хамт энд хонины толгой чанаж, зардаг ажээ. Чанасан толгойгоо хийсэн бололтой дунд оврын цаасан хайрцаг шиг хэмжээтэй савыг бор даавуугаар бүрхжээ. Даавуу нь толгойг халуун байлгах “үүрэг хүлээнэ”. Харин тэр гэргийн хамт хажууд нь сандал тавин суужээ. 

Тэр ярихдаа “Би сард 540 мянган төгрөг авдаг юм. Гэргий маань мөн л ялгаагүй. Барааны үнэ өндөр байгаа энэ үед тэтгэврийн мөнгө хаанаа ч хүрэхгүй болохоор хонины толгой чанаж, зардаг болсон. Бэлэн хуйхалсан толгойноос өдөрт 40 ширхгийг худалдаж аваад, чанадаг. Монголчууд маань толгой шийр идэх дуртай шүү дээ. Хүнээс илүү гарахгүй, хоосон хонохгүй л амьдарч байна” гэлээ. 

Харин сонгуулийн тухай түүний бодлыг сонсоход “МАН ажил хийсэн эсэхийг мэдэхгүй юм. Улс төрчдийн “идэж, уусан” тухай мэдээ л зурагтаар гарч байна. Томчууд асар их мөнгө авсан байна л гэж ярих юм. Тэгсэн хэрнээ нэг ч хүнд хариуцлага хүлээлгээгүй. Тэгээд л нөгөө хэд нь улам даварч байна. 

Ирэх сонгуулийн сайхан явуулах хэрэгтэй. Шударга хүмүүсийг нь гаргамаар байгаа юм. Гэнэт баяжвал насанд цөвтэй гэж үг бий. Идэж, уусан хүмүүс нь ухамсраараа болих хэрэгтэй” хэмээв. Тэр ирэх сонгуулиар саналаа аль ч намд өгөхгүй, бие даагчид дундаас сонгох бодолтой байгаа ажээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу