Оросын алдарт зохиолч Лев Николаевич Толстойн “Анна Каренина” сонгодог жүжгийг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа өчигдөр (2024.05.01) дахин амилууллаа. Бүрэн засвар хийсэн шинэхэн театр ийнхүү хэсэг хугацааны дараа үзэгчидтэйгээ Аннагийн хайрын түүхээр дахин уулзаж байна. Эрхэмсэг, гоо үзэсгэлэнгийн бэлгэдэл мэт Анна Каренина чухамдаа хайрын мөн чанарыг харуулах хамгийн гунигтай түүх юм.

Хайр угтаа хамгийн сайхан нь мэт, эсвэл харанхуйн там мэт зүйл аж. Гал шиг дүрэлзэн асаж, бүхнийг гэрэлтүүлчхээд эцэстээ хэнд ч хэрэггүй чүдэнз адил шатаж дуусдаг.

Энэ удаад Аннагийн дүрийг  залуу жүжигчин О.Хонгорзул бүтээсэн юм. Бүсгүй хүний ааль араншин хийгээд дотоод гоо үзэсгэлэнг илэрхийлэх төгс дүр гэж тодорхойлж болох биз. Нөгөөтээгүүр дурлал гээч зүйлд бүхнээ зориулж төгсгөл хүртлээ түүндээ үнэнч явсан эмэгтэй. Тэр хүртэлх хугацаанд хайрлаж, баярлаж хөөрч, харуусаж, санаж бэтгэрч, шаналж, уйлж, гутарч, доромжлуулсаар ирдэг. Энэ бүх зан төрх, хувирлыг төвөггүй бүтээж чадсан шинэхэн Аннад халуун баяр хүргэх нь зүйтэй. Түүнээс Аннагийн л мэдэрч байсан нандин бүхэн нэвт мэдрэгдэнэ.

Цочирдом эхлэл. Анна, Вронский хоёрын анхны уулзалтаар тохиолдсон олон хагацал. Ахынх нь салсан явдал, галт тэрэгт дайруулж нас барсан замчин, бэлэвсэрч үлдсэн эхнэр нь гээд л үй олон хагацал. Энэ бүгд юуг хэлэх гэсэн юм бол. Хашгиралдан гүйлдэх хүмүүс, цогцос тэврэн уйлж суух бүсгүйн хажууханд тэд анхны харцаа солилцож, ээдрээт амьдралынхаа замыг холбож буй. Магад эхлэлд гарсан энэхүү аймшигт хагацлууд хэзээ нэгэн цагт тэднийг хүлээж буй мэт хүйт оргиулна.

 

Үнэн хайр гэдэг нүгэл хилэнц юм уу, би одоо л амьдарч эхэлж байна

Хүн зарим нэг зүйлд өөрийн эрхгүй татагддаг. Аннагийн өөрийн мэдэлгүй эргэж харсан, Вронскийн гараас атгасан явдлыг буруутгах аргагүй. Бүр яагаад ч буруутгаж болохгүй. Зүрх сэтгэл хүнийг тархинаас ангид шийдвэр гаргахад хүргэдэг шиг гэсэн үг. Олны харц аймшигтайгаар түүнийг ширтэж байсан ч цор ганц чигт тэмүүлж буй сэтгэлийг хэн ч хорьж дийлсэнгүй.

Тэд учирлаа. Бүх зүйл нь зүй тогтлоороо энгийн сайхан амьдарч байсан Анна тэнгэрт анх удаа нисэж үзэж буй шувуу шиг л аз жаргалыг мэдэрнэ. Хайр гэгчийн амт нь, өнгө нь энэ биз ээ. Харанхуй өрөөнд хэн нэгэн анхилуун үнэртэй лаа асаах мэт гэрэл гэгээ, мэдрэмжүүдээр дүүрч эхэлнэ. Харин цаашид энэ өрөөнд юу өрнөхийг хэн ч төсөөлөөгүй. Төсөөлөх хүсэл хэн хэнд нь өчүүхэн ч байгаагүй юм.

Сонголт хамгийн хэцүү нь. Гэхдээ хайр түүнээс ч илүү хүчтэй

Үнэхээр үүнээс ч өөр үйлдэл хийхгүй биз. Анхны хайр, анхны дурлал биш атал хожим ирсэн энэ мэдрэмж тэдгээрийг соронз мэт л татна. Алс хол байлаа ч түүнийхээ байгаа зүгт тэмүүлж, шөнө зүүдэлж, өглөө юу ч бодолгүй түүний гэрийн зүгт гарах мэт. Яг л соронз шиг. Эсвэл сохор хүн шиг.  “Энэ л зөв зүг” гэж итгэсэн чигтээ буцахгүйгээр алхах мэт. Вронский л энэ мөчид Анна руу шийдэмгий тэмүүлсэн хэрэг биш, Анна ч  дотроо тачаадан тэмүүлж, дахиад ганцхан удаа уулзах хүслээр шатаж үхэх шахан өдөр хоногийг өнгөрөөж байсан. Тэд уулзах мөчид бишүүрхэнгүй ааль гарган Анна баахан цааргалах ч өнөөх л соронз шиг зүйл тэр хоёрыг нийлүүлж орхино. Ингээд хайрын халуун галын тухай дуу хөгжим эгшиглэнэ.

 

Би яг л хоолтой болсон гуйлгачин шиг байна

Одоо яах вэ. Замд таарсан энгийн л нэг мэдрэмж байх гэж бодоод өнгөрөх сонголт Аннад байсан. Вронскийд ч бас байсан. Гэтэл зүгээр л “энгийн” мэдрэмж биш байж. Хайр байж шүү дээ. Хэл үггүй, үйл хөдлөлгүй хүнийг сохолдог, зовоодог, эсвэл аз жаргалын туйлыг амтлуулдаг өнөөх хайр байсан аж. Тэд өөрт байгаа амьдралаасаа нүүр буруулан байж тэд учрав. Хайрлалцав.

Аннагийн нөхөр бол эрх мэдэл, нэр хүндтэй нэгэн. Тиймдээ ч юм уу эсвэл Аннад дэндүү хайртайдаа түүнийг явахыг зөвшөөрдөг. Ухаараад буцаж ирэх орон зайг нь мэдээж хадгалж байсан. Зүрх сэтгэлээ дагаад явсан түүнийгээ асарч тойлох, энхрийлэх хүсэл байгаа ч гэсэн тэр хэтэрхий тоймдуухан эр байлаа. Анна нөхрөөсөө гал халуун дур хүслийг нэгэнт мэдрэхээ больсон. Бас анх галт тэрэгний буудалд нэгэн залуутай таарсан өдрөөс хойш өөрийгөө ч мэдэхээ больсон. Тиймээс Вронскийтой арай гэж хамт байх боломж олдсонд “би яг л хоолтой болсон гуйлгачин шиг байна” хэмээнэ. Энэ нь түүнээс ямар их хайр энхрийлэл, тачаалыг хүсэж буйг илэрхийлнэ.

Гэтэл хайр гэдэг зөвхөн дур хүсэл биш

Толгой эргэм мансуурал, дур хүсэл нь хэдхэн хоногийн настай байсан юм болов уу. Энэ зүгээр л нэг залуусын насныхаа ханийг олохоос өмнөх түр зуурын учрал, үерхэл төдий зүйл биш. Энэ дурлал байсан. Анна эхэндээ огтхон ч эргэлзэлгүй шийдэж байсан ч удалгүй түүндээ эргэлзэж, орооцолдож, өөрийгөө дотроосоо хэмлэж эхэлсэн. Яагаад гэвэл Вронскийн хайр хөрсөн, эсвэл өөр зүйлд автсан.

Хайр хөрөх үед Аннагийн золиосолсон бүтэн амьдрал, нэр хүнд, байр суурь эргэж ирэхгүйгээр одно. Энэ бүхэн ч яах вэ, Аннад сонин биш. “Бузар эм, адгийн шаар” гэх мэтээр хэлүүлсээр бараг дасаж, дотроо бугласан их шаналлаа тээсээр байж болох нөмөр нөөлгийг хайж эхэлдэг. Гоо үзэсгэлэн чухамдаа гоочлуулж, ад үзэгддэг зүйл болж хувирдаг аж  Ямар их шаналал вэ, Анна. Яагаад ийм зүйл болчхов хэмээн өөрөөсөө асуудаг ч аль эрт өөрийгөө олохоо больжээ. Хайр ийм хүчтэй зүйл үү. Энэ бүхний төлөөс юу болж таарах болж байна.

Улам чимээгүй сууж үзмээр. “Цонхоо нээгээч, хэн нэгэн байна уу” гэж хашхирах Аннаг шалан дээр мөлхөж буйг хараад үнэхээр л ямар нэг цонх нээж жаахан агаар оруулахгүй бол доторх зүйл нь дэлбэрчих гээд байгаа юм шиг санагдсан. Энэ бүх үйл явдал та бидний өдөр тутамдаа шахам ярьж хэлдэг “хайр”-аас болсон шүү дээ.

 

Одоо хэн нь буруутай вэ. Төлөөсийг нь хэн төлөх болж байна

Энэ бүхнээс гарах гарц байгаа гэж үү, хэн нэгэн хэлээд өгөөч

“Өмнө нь би өвөлд их дуртай байж билээ” гэж Анна хэлээд одоо харин хаврыг тэсэж ядан хүлээж байгаа тухайгаа өөртөө хэлнэ. Нэг сэтгэл асаж дүрэлзэж байхад нөгөө нэг нь унтарч байлаа. Энэ зуурдхан тохиол яасан их өвдөлтийг мэдрүүлсэн бол. БИД ЗОВЛОНГ ТУУЛАХ ГЭЖ ИРДЭГ. Үхэл гэдэг дэндүү амархан шийдэл. Гэвч Аннад өөр сонголт үлдээгүй бололтой.

“Хожмын тавилан гэж байдаг бол
Намайг чи өөрөө олоорой
Харцны чинь өмнө хуучрахгүйн тулд
Хайрт минь би эндээс явлаа …” 

Анна Каренина” сонгодог жүжиг тавдугаар сарын 10-ныг хүртэл Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа тоглогдоно. Бид зүрх сэтгэлийнхээ гүнээс дурлан хайрлахын сайхныг, бас шаналлыг хараахан мэдрээгүй ч байж болно. Тиймээс энэхүү жүжгээс мэдрээсэй гэж хүсье. Театр бол ариун сүм, түүнд өгүүлэх бүхэн таны зүрх сэтгэлд нэн ойрхон байх болно. 

А.БАЯР

Гэрэл зургийг: \ Х.Нуржанат \

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу