Украины цэргүүд АНУ-аас цэргийн тусламж болгон авсан алсын тусгалын АТАКМС пуужингаар Оросын эзлэн авсан Крымд цохилт өгсөн байна. Энэ тухай Оросын Батлан хамгаалах яам “Манай агаарын довтолгооноос хамгаалах систем  нэг өдрийн дотор зургаан ATACMS пуужинг устгасан гэж” мэдэгдэв.
Мөн Оросоос томилогдсон Крымын тэргүүн Сергей Аксенов “Симферополь хотын орчимд АТАКМС пуужингуудыг устгасны дараа хэлтэрхийнүүд нь таран цацагдсан” гэж ASTRA Telegram сувагт мэдээлжээ. Харин Украины талын мэдээгээр Крымын Жанкой цэргийн нисэх онгоцны буудал руу пуужингийн цохилт өгсөн бөгөөд халдлагын улмаас Оросын таван цэрэг шархаджээ. Мөн АТАКМС нь Донское тосгон, Саки, Хар тэнгисийн бүс нутагт агаарын довтолгооноос хамгаалах Оросын гурван цэргийн ангид цохилт өгч дор хаяж дөрвөн цэргийн албан хаагч шархадсан нь тогтоогдсон” гэж мэдээлсэн байна. Энэ нь АНУ-ын алсын зайн ATACMS пуужингаар Украины арми Крым дэх Оросын агаараас хамгаалах цэгүүдэд эхлэн цохилт хийж, дараа нь Оросын “Ялалтын баяр”-аар Путинд зориулан Крымд томоохон  хэмжээний “бэлэг” бэлдэж байна  гэсэн үг юм.
Сүүлийн долоо хоногт Америкийн хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн Украинд АТАКМС нууцаар хүргэсэн тухай мэдээллийг АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Ведант Пател “Ерөнхийлөгчийн шууд тушаалаар АТАКМС алсын тусгалтай пуужингуудыг Украинд нийлүүлсэн гэдгийг би баталж чадна. Эдгээр пуужингууд нь гуравдугаар сарын Украины  тусламжийн багцын нэг хэсэг бөгөөд дөрөвдүгээр сард Украинд ирсэн” гэж сэтгүүлчдэд мэдэгдээд байгаа билээ.
Г.АМАРСАНАА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу