Гүржийн парламент өчигдөр “Гадаадын нөлөөллийн ил тод байдлын тухай” хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж ердийн олонхийн саналаар дэмжжээ. Өмнөх өдөр нь уг хуулийг эсэргүүцэж парламентын ордны гадаа мөргөлдөөн, баривчилгаагаар тарсан жагсаалд иргэд дахин ирж нэгдэж эхлэв.
Уг хуулийн төсөлд 150 депутатаас 83 нь дэмжсэн саналаа өгсөн бөгөөд эдгээр нь бүгд эрх баригч “Гүржийн мөрөөдөл нам” болон тэдний дагуул болох “Ардын хүч нам”-ын депутатууд юм. Эхний хэлэлцүүлгээр дээрх төсөлд мөн тооны санал өгсөн байна. Харин 23 депутат эсрэг санал өгсөн бөгөөд сөрөг хүчний ихэнх нь депутатууд санал хураалтад оролцоогүй ажээ.
Санал хураалт болсны дараа Гүржийн Дотоод хэргийн яам “Жагсагчид өөрт тохирсон газар жагсаал хийх боломжтой. Улс төрийн намуудын удирдлагууд, жагсаалыг зохион байгуулагчид болон оролцогчдод хууль зөрчихгүй байх, тайван жагсаал хийх, хүчирхийлэл үйлдэхгүй байхыг уриалж байна” гэж мэдэгджээ. Харин сурвалжлагчид “Гүржийн парламентын ойролцоо цагдаа нар үнэхээр цөөхөн болсон бол өмнөх өдрөөсөө илүү олон жагсагчид цугларч, олон хүн цагдаа нартай мөргөлдөхөд бэлтгэн маск, нүдний шил бүхий дуулга өмссөн байна” гэж мэдээлсэн байна. Уг хуулийг эсэргүүцэгчид энэ сарын 17-ноос хойш жагсаж байгаа юм.
Г.АМАРСАНАА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу