УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өнөөдөр (2024.05.02) өргөн барилаа.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэхдээ, 
“Цар тахлаас хойших жилүүдэд манай улсын үйлдвэрлэлийн салбарын өсөлт сайжрахгүй байна. Уул уурхай, нүүрсний экспортын хүчээр л жаахан дээшилж байгаа. Үүнд дотоодын компаниуд дэмжлэг үзүүлж чадахгүй байна. Чадахгүй байгаа шалтгаан нь аж ахуй нэгжүүд хөрөнгийн хомсдолд орсон. Цар тахлын үед буюу сул зогсолтын үед зээлийн хүүд, цалингийн зээлд бүх эд хөрөнгөө гөвчихсөн. Дэлхийн бусад орнуудын жишгээр манай улс аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг сэргээх, дэмжих чиглэлийн үйл ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай.  
Үйлдвэрлэлийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд томоохон үнийн дүн бүхий тоног төхөөрөмж оруулж ирээд гаалийн татвар төлөх болохоор маш их мөнгөний эрэлд гардаг. Байгаа үлдсэн хөрөнгөө банк бусд өндөр хүүтэй өгдөг. 
Тийм учраас ажлын байраа хадгалж, өнөөдрийг хүртэл тэмцэж ирсэн аж ахуй нэгжүүдээ дэмжих зайлшгүй шаардлага байна. Энэ хүрээнд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн барьж байна. 
Жишээлбэл, 100 мянган доллароос дээш үнийн дүн бүхий тоног төхөөрөмж оруулж ирсэн тохиолдолд таван жилийн хугацаанд 20 хувиар хувааж татвараа нөхөн төлөх боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр аж ахуй нэгжүүд ямар нэгэн татварт хүлэгдэхгүйгээр шууд үйлдвэрлэлийн ажилдаа орох боломж бүрдэнэ” гэсэн юм. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу