Дөрөвхөн жилийн өмнө “Хүчээ нэгтгэе” уриатайгаар УИХ-ын сонгуульд орж, үнэмлэхүй ялалт байгуулсан Монгол Ардын Намынхан өнөөдөр хүчээ нэгтгэж болдоггүй гэдгийг бодитоор харуулж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тухайн үед МАН-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа нэр дэвшигчдийнхээ штаб бүрээр өөрийн биеэр очиж, сурталчилгааг нь хийж өгч товчхондоо улаан нүүрээрээ энэ хэдэн гишүүдээ чирж гаргаж ирж байсан юм. Эрх баригчид сүүлийн найман жил засаглаж байгаа ч гэрэлтэй гэхээсээ илүү сүүдэр болсон мэдээллүүд нь ил болж иргэдийн итгэл улам бүр алдарсаар байна.

Социологийн судалгаануудаас харахад МАН, АН-д итгэх иргэдийн хувь нийлээд 30 хувь байна. 2016 онд МАН, АН-д итгэх иргэдийн хүлээлт 70 хувь байсан. Үүнээс үзэхэд улс төрийн намуудад итгэх иргэдийн итгэл алдарч жижиг гэгдэх намууд 70 хувьд нь тоглолт хийх боломж бүрдчихлээ. Ардчилсан нам сүүлийн найман жил сөрөг хүчин хийхдээ гудамжнаас ганц дуу ган хийлгэсэнгүй. Ганц удаагийн акц зохион байгуулсангүй. Сул гэхэд дэндүү үлбэгэр найман жилийг тууллаа. Хүчтэй сөрөг хүчин байхгүй тул МАН сүүлдээ дотооддоо сөрөг хүчин бий болгож хоорондоо тэмцэлдэж эхлэв. Энэ нь МАН доторх үл ойлголцол, зодоон мэт харагдах ч эрх мэдлийн түлхүүрийг атгах том тэмцэл явж байгаа гэдэг нь улам бүр харагдаж байгаа юм.

Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн галтай мэдэгдлүүд намаа хуваахад хүргэсэн нь үнэн. Өрөм, сүү, хусам хуваах зарчмаар явж ирсэн нүүрсний хулгай, Хөгжлийн банкны зээлүүдээс эхлээд Б.Энхбаяраар Л.Оюун-Эрдэнэ гал атгуулан нээлттэй сонгол хийлгэчихэв. “Хүний өөрийн нам хамаагүй илчилнэ” гэсэн Хуулийн сайдын үг биеллээ олж оргилдоо тулсан нь Д.Амарбаясгаланг Админерал компаниар дамжуулан Таван толгойн бүлэг ордын Бортээгийн ордыг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан авсан гэдэг баримтыг ил болгосон. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлснээр “Хуулийн зүйн сайд Энхбаяр намайг гүтгэсэн болохыг шүүхээр тогтоолгож, бичгээ авсан” хэмээн мэдэгдсэн.

Энэ бүгдийн цаана Д.Амарбаясгалан дараагийн Ерөнхий сайд болох, У.Хүрэлсүх өөрийн эрх мэдлийг парламентад хадгалж үлдэх нүүдлийн өмнөөс Л.Оюун-Эрдэнэ зогсож байгаа гэх. Эхлүүлсэн хулгайнуудаа нэг талд нь гаргаж цэгцлэхгүй бол махны машин өөрийг нь эргэж ороох эрсдэл маш өндөр гэдгийг МАН-ын дарга мэдэж байгаа.

Сонгууль бүрийн өмнө эв нэгдлээ хангаж, хадгалж шатрын хөлгөнд нэг нүүдлээр нүүдэг байсан МАН-ынхан энэ удаа хар, цагаан тал болон сонгуульд орох нь нэгэнт тодорхой болжээ. Үүнийг Нийслэлийн Монгол Ардын Намын дарга Д.Сумъяабазар өчигдөр баталж “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлээд амжив. Ногоон автобусны захиалга, тендер, санхүүжилтын эрхээс эхлээд “Тэнүүн огоо” ХХК давуу эрхтэй орж ирсэн, эрх шилжиж ирэхээс өмнө “Тэнүүн огоо” ХХК-ийнхан БНСУ-ын компанитай худалдан авах гэрээгээ хийсэн байсан гэдгийг Хотын экс дарга хэлж байна лээ. Тус компанийн Гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат Говь-Алтай аймгийн харьяат хүн. Тэгэхээр ногоон автобус аль чигийнх вэ гэдгийг хөөгөөд бодоод үзээрэй гэсэн юм. Нэр заагаагүй ч хүн бүр Д.Амарбаясгалан руу зааж байна. Түүнчлэн улсын төсвийг задалж, Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн төсвийг улсын төсөвт татах ажлыг Д.Амарбаясгалан, Ч.Хүрэлбаатар нар хийсэн хэмээн шууд хэлж байна. Д.Амарбаясгалан, Ч.Хүрэлбаатар нар нэг тал гэдэг ойлголтыг шууд өгчихөв. Д.Амарбаясгалан сайд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ойр байгаа талаар намынхан нь ярьж байгаа. Тэгэхээр У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Ч.Хүрэлбаатар нар нэг тал болсон гэж уншигдаж байна.

Хотын экс даргын хэлснээр Д.Сумъяабазарыг огцруулах асуудлын ард том улс төр явж байсан. Хүчтэй акцын нөлөөгөөр Засгийн газар, Ерөнхий сайд огцрох гэж байсан тул төр засгийн тогтвортой байдлыг хангахын тулд Хотын даргаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, гал намжаасан гэж Л.Оюун-Эрдэнэтэй хамт ярьсан хөшигний арын ярианаасаа ил болгож байна лээ. Улс төрийн хүрээнд Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Х.Нямбаатар, Б.Энхбаяр нар нэг тал болсон гэдгийг бүгд ярих болсон.

Сонгуулийн өмнө, ийм эгзэгтэй цаг үед Хотын намын дарга ийм зүйл яриад сууж байна гэдэг санаандгүй зүйл яавч биш. Тиймээс парламент дахь кнопоо баталгаажуулах У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын марафон хүрээгээ тэлж, улсаа хорлож байгаа юм биш үү хэмээн халаглахад хүргэж байна.

Р.ЖАРГАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу