Энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар гаргасан Үндэсний баялгийн сангийн тухай хуультай холбоотой шийдвэрүүд олны анхаарлыг татлаа. Харин спортын салбарт Улсын арслан М.Бадарч, урлагийн ертөнцөд шинэхэн Анна Каренина онцлох дүр болов.

Өнгөрч буй долоо хоногт (2024.04.29 – 2024.05.05) болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе. 

НАЧНЫ НАЙРАА 800 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙДАГ УУ

Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын шүүхэд Улсын арслан М.Бадарчийн гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэх шүүх хуралдаан хоёр өдрийн турш боллоо. Хуралдааны хоёр дахь өдөр буюу дөрөвдүгээр сарын 30-нд Улсын арслан М.Бадарч өөрийн биеэр ирж, тайлбар өгөв. Энэ үеэрээ тэрбээр допингийн төрлийн бодис хэрэглээгүй хэмээгээд нэгэн ноцтой мэдээллийг хэлсэн. 

Тодруулбал, “Тухайн үед тавын даваанд намайг даваагаа наймаалцчих гээд 800 сая төгрөг санал болгосон. Тамирчин хүн өөртөө эргэлзээтэй байсан бол мөнгийг аваад хэвтэнэ. Тэр хүмүүсийг гэсэн хардлага байгаа. Хүмүүсийн нэр дурдмааргүй байна” гэсэн юм. 

Түүний хэлсэн дээрх үгнээс анзаарахад Улсын наадмын начин цол 800 сая төгрөгөөр үнэлэгддэг бололтой. 

Ямартай ч шүүх хуралдаан дуусаж, даргалагч шүүгч Г.Батзаяа шийдвэрээ танилцуулсан. Ингэхдээ “М.Бадарч допинг хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэсэн юм. Улмаар М.Бадарчид албан ёсны мэдэгдэл хүргүүлээд долоо хоногийн дотор эл шийдвэрээ зөвшөөрсөн тохиолдолд барилдах эрхийг нь хасах хугацаанаас нэг жилийг нь цуцлах ажээ. 

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХЭД 1.2 ИХ НАЯД ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

Засгийн газрын тогтоолоор Хуримтлалын санд чиглэсэн шийдвэр гарлаа. Эрдэнэс Монгол компанийн 2023 оны үйл ажиллагаанаас олсон 34 хувь хүртэлх ногдол ашиг болох 500 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд төвлөрүүлж, орон сууцны хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулахаар шийдвэрлэв.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж хэлж болохуйц тогтоол батлагдлаа. Өөрөөр хэлбэл, Монголын ард түмэн баялагтаа эзэн болох цаг мөч өнөөдрийн Засгийн газрын тогтоол батлагдсанаар хэрэгжиж эхэлж байна. 

Саяхан УИХ-аар Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсан. Үүнтэй холбогдуулж, хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг эцэслэн баталлаа. Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн гурван сангаас бүрдэж буй. Үүнээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хуримтлалын сангийн талаар тогтоол гаргалаа.

“Эрдэнэс Монгол” компанид 2023 оны төрийн өмчит компаниудын 34 хувийн ногдол ашиг болох 500 хүртэлх тэрбум төгрөг бий. Үүнийг Хуримтлалын санд хуримтлуулж, орон сууцны хөтөлбөрийг санхүүжүүлэхээр боллоо.

Монгол Улс 2021, 2022 онуудад хамгийн их буюу 750 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд зарцуулж байсан. Энэ жилийн тооцооллоор Төв банк 500 хүртэлх тэрбум төгрөгийн, зээлийн эргэн төлөлтөөс буюу банкууд 200 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргана. Үүн дээр нэмээд Хуримтлалын санд оруулж буй 500 тэрбум төгрөгийг зээлд зарцуулахаар боллоо. Ингээд нийт 1.2 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн эргэлтийн эх үүсвэртэй болж байна. Энэ бол өмнө нь хэзээ ч гаргаж байгаагүй өндөр дүн. 

Банкуудаас судалгаа авахад одоогоор 17 мянган иргэний хүсэлт банкуудад ирчихсэн, судлагдаж байгаа юм билээ. Өмнө нь 500-700 мянган төгрөгийн эх үүсвэртэй байхад жилд 5000-6000 иргэний зээлийг гаргаж өгдөг байсан. Харин одоо эх үүсвэр 1.2 их наяд болж нэмэгдсэн учраас 17 мянган иргэнээс банкныхаа шалгуурыг давсан 10 орчим мянган иргэний зээлийг шийдэх боломж бүрдэж байна. Тогтоол өнөөдөр батлагдаж, хэрэгжиж эхэлж байна. Ирэх Даваа гарагт эхний гүйлгээнүүд хийгдэнэ” хэмээн хэллээ. 

ИМПОРТЫН ЦЕМЕНТИЙН ТАТВАРЫГ ТАВАН ХУВЬ БОЛГОН БУУРУУЛЛАА

Засгийн газрын хуралдаанаар Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолд өөрчлөлт орууллаа.

Цементийн үйлдвэрүүд түүхий эдийн болон түлшний нөөцөө хангалтгүй бүрдүүлсэн тул энэ оны бүтээн байгуулалтын ажилд шаардагдах цементийн хомсдол үүсэх нөхцөл бүрдсэн байна. Иймд Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж, импортын цементийн гаалийн албан татварыг 20 хувиас 5 хувь болгон бууруулжээ. 

ЧИНГИСИЙН ХӨШӨӨНӨӨС ЧИНГИС ХААН НИСЭХ БУУДАЛ ХҮРЭХЭД 20 МИНУТ ЗАРЦУУЛНА

Засгийн газраас Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон холбогдох төслүүдийг өргөн мэдүүлснийг УИХ-ын чуулган Баасан /2024.05.03/ гаригт хэлэлцэн дэмжлээ.

УИХ-д энэхүү хуулийн төслийн танилцуулгыг хийх үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Их тойруу доторх эрх мэдлийн төвлөрлийг сааруулах хүрээнд Засгийн газар болон харьяа байгууллагыг Номтын ам руу нүүлгэнэ. Чингис хааны хөшөөнөөс Чингис хааны олон улсын нисэх буудал хүрэхэд 20 минут зарцуулах бөгөөд тунель болон дүүжин гүүрээр холбоно” гэж мэдэгдлээ.

Мөн Засгийн газраас өргөн барьж буй 20 минутын хот эрхзүйн цогц реформ нь Улаанбаатар хотоос гадна Хөшигийн хөндий буюу Шинэ зуун мод хот, Шинэ Хархорум, Дархан, Эрдэнэт, Багануур, Налайхыг улсын зэрэглэлтэй хот болгон хөгжүүлэх, цаашид бүс бүхэн, боомт бүр улсын зэрэглэлтэй хоттой болох эрхзүйн боломж нээнэ гэж үзэж байна.

Нийслэл Улаанбаатар хотыг дараах 14 хотод хуваан бие даан хөгжүүлнэ. Үүнд:
-Хан-Уул хот
-Яармаг хот
-Буянт-Ухаа хот
-Сонгинохайрхан хот
-Толгойт хот
-Баянхошуу хот
-Өнөр хот
-Баянгол хот
-Чингэлтэй хот
-Сэлбэ хот
-Сүхбаатар хот
-Дарь-Эх хот
-Баянзүрх хот
-Амгалан хот,
Эдгээр хотод иргэн бүр төрийн үйлчилгээг 20 минут дотор авахаар их өгөгдөлд тулгуурласан цахим төлөвлөлт бүхий нэгдсэн стандарт тогтоох юм.

Нийслэлийн 204 хороог 42 нэгж болгон орон нутгийн хотын статустай томсгох, ингэснээр хороодын удирдлагууд шууд төсөв захиран зарцуулах эрх мэдэлтэй болно. Эрүүл мэнд, боловсрол, онцгой, цагдаа, нийтийн тээвэр, нийгмийн хөгжил, соёлын цогц үйлчилгээнд явган, дугуйн зам, усан бассейн, фитнесс клубээс эхлээд амьдралын чанарын бүх үйлчилгээ 20 минутын дотор очих байдлаар шинэчлэн зохион байгуулах, шаардлагатай хөрөнгийг улсын төсвөөс шийдвэрлэх, мөн төр хувийн хэвшлийн түншлэлийн эрхзүйн орчныг хангаж өгөхөд чиглэнэ гэж үзэж байна.

ДРАМЫН ТЕАТРЫН ИХ ЗАСВАР ДУУСАЖ, “АННА КАРЕНИНА” ЖҮЖГЭЭР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Оросын алдарт зохиолч Лев Николаевич Толстойн “Анна Каренина” сонгодог жүжгийг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа өчигдөр (2024.05.01) дахин амилууллаа. Бүрэн засвар хийсэн шинэхэн театр ийнхүү хэсэг хугацааны дараа үзэгчидтэйгээ Аннагийн хайрын түүхээр дахин уулзаж байна.

Жүжгийн талаарх “REVIEW: Ямар их шаналал вэ, Анна” нийтлэлийг ЭНД дарж уншина уу. 

СЕХ-НООС УИХ-ЫН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХ НАМ, ЭВСЛҮҮДЭД БАТЛАМЖ ОЛГОЛОО

Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд хуралдаж, нам, эвслүүдээс ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд гурван намын УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох хүсэлтээс татгалзсан бол 25 нам, эвслийн хүсэлтийг хүлээн авав. Тодруулбал, СЕХ-ноос дараах нам, эвсэл 2024 оны ээлжит сонгуульд оролцох боломжтой болж, батламжаа гардав.

  1. Эх орончдын нэгдсэн нам
  2. Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам
  3. Үндэсний эвсэл
  4. Иргэний зориг ногоон нам
  5. Ард түмний олонхийн засаглал нам
  6. Бүгд найрамдах нам
  7. ХҮН нам
  8. Монголын Либерал нам
  9. Монголын Либерал Ардчилсан нам
  10. Иргэний хөдөлгөөний нам
  11. Ардчилал шинэчлэлийн нам
  12. Гэр хороолол хөгжлийн нам
  13. Эрхчөлөөг хэрэгжүүлэгч нам
  14. Үнэн ба Зөв нам
  15. Ардчилсан нам
  16. Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам
  17. Монгол Консерватив нам
  18. ШИНЭ НЭГДСЭН ЭВСЭЛ /МУНН-ШН/
  19. Монголын Социал Демократ Нам
  20. Монголын хүний төлөө нам
  21. Дэлхийн монголчууд нам
  22. Ард түмний хүч нам
  23. Эх Орон нам
  24. Монгол Ардын нам
  25. Эрх Чөлөөний Эвсэл нам

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу