Нийслэлийн газрын албанд ажиллаж байсан Э.Б, Ц.А нарын 11 холбогдогчтой эрүүгийн хэргийн талаар “Хохирогчдын холбоо”-ны тэргүүн болон хохирсон иргэд өнөдөр (2024.05.06) мэдээлэл өглөө.
Тодруулбал, иргэн н.Дамдиндорж нь 2014 онд Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах 1900 гаруй мкв газрыг зарын дагуу худалдан авахаар болжээ. Улмаар нэр бүхий иргэнтэй худалдан авах гэрээ хийж 85 сая төгрөгийг төлсөн байна. Хоёр сарын дараа гэрээ шилжүүлж үлдсэн мөнгөө төлөхөөр тохирсон боловч одоог хүртэл тухайн иргэнтэй тааралдаагүй байгаа аж.
Гэтэл удалгүй нийслэлийн захирамж гарч тухайн газрын гэрчилгээ, тоот захирамж нь хүчингүй болсон ба анхнаасаа хүчингүй болсон захирамжтай газраа иргэн н.Дамдиндоржид зарсан байгаа юм.
Уг асуудлын хүрээнд холбогдох газруудад удаа дараа хандаж, шийдүүлэхийг хүссэн бичгээ өгсөн нь шийдэгдээгүй байгаагаас гадна Нийслэлийн газрын албаны санхүүгийн хэлтсийн дарга асан Ц.А-гын төрсөн дүүгийнх нь нэр дээрх газар аж. Энэхүү газрын гэрчилгээ, захирамж удаа дараа хүчингүй болж цуцлагдсан байжээ. 
Мөн иргэн н.Дамдиндорж уг газарт ахуйн үйлдвэрлэл эрхлэн амьдарч байх явцад өөр иргэнд газрыг нь зарсан байжээ. Ингэхдээ хуурамч тоот захирамж үйлдэн иргэн н.Дамдиндоржийн 180 сая төгрөгөөр авсан газрыг 200 гаруй сая төгрөгөөр зарсан гэлээ. Одоогоор уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. 
Хэвлэлийн хурал зарласан “Хохирогчдын холбоо”-ны тэргүүн Х.Оюунцэцэг “Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан энэ мэт хэрэгт шүүх байгууллага маш удаан ажиллаж байна. Энэ урт хугацаанд иргэд эд хөрөнгө, санхүү, эрүүл мэндээрээ хохирч байна. Ажлын хэсэг байгуулж, хохирлыг нөхөн барагдуулж залилангийн сүлжээг ил болгох хэрэгтэй. Маш олон гэр бүл иймэрхүү залиланд өртсөн” хэмээн онцлоод Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт албан бичиг хүргүүлсэн тухай мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу