Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг нийслэлийн тоглоомын талбайн нөхцөл байдалтай танилцаж, холбогдох албаныханд үүрэг өгч ажилласан. Үүнтэй холбоотойгоор иргэд түүнийг шүүмжлээд буй. Харин үүнд тэрбээр байр сууриа илэрхийлжээ. 

Тодруулбал, “Намайг попорлоо, хүн загналаа, найман жил юу ч хийгээгүй байж гэнэт ухаажлаа, сонгууль дөхөнгүүт гарч ирлээ, СӨХ, хорооны даргын ажлыг хийлээ, бичлэггүй ажлаа хий… гэх мэтээр зарим хүмүүс шүүмжилж байна.

1. Би хотын даргын орлогч болоод зургаан сар болж байна. Гэнэт ухаарсан биш. Хүүхдийн тоглоомын талбай бол бид хамтдаа шийдэж чадах асуудал.

2. Гол зорилго бол хүн бүр анхаарч, шаардлага тавьдаг болж байж хүүхдэд эрсдэлтэй байдлыг өөрчилж чадна. Тийм учраас олон нийтийн сүлжээг ашиглаж уриалах нь хэрэгтэй.

3. Тодорхой үр дүнгүүд гарч байгаа. Цаашид ч энэ маягаар шаардлага тавина. Харин намайг хоосон шүүмжлэхийн оронд гадаа байгаа тоглоомын талбай аюулгүй байж чадаж байна уу гэдэгт анхаараасай гэж хүсэж байна. Зөв зүйл хийж байгаа гэдэгтээ итгэлтэй байгаа шүү” гэжээ.

Мөн тэрбээр хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлыг хангуулах, стандартад нийцүүлэхийг үүрэг болгосон албан бичгийг бүх дүүргийн Засаг дарга нарт хүргүүлсэн байна. 

Энэ тухайгаа “Улаанбаатар хотод 1553 тоглоомын талбай байгаа. Үүний 54 хувийг СӨХ, 18 хувийг ДЗДТГ, хот тохижилтын газар, 28 хувийг орон сууцны төсөл хэрэгжүүлсэн ААН хариуцан, засвар арчлалт хийж, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээж байна” хэмээн мэдээлжээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу