Монголын их, дээд сургуулиудын дунд зохион байгуулагддаг хамгийн нэр хүндтэй тэмцээн болох сагсан бөмбөгийн “ОЮУТНЫ ЛИГ”-ийн тэмцээнд 55 их, дээд сургуулийн 1000 гаруй оюутан тамирчид оролцсон. Тус тэмцээний үеэр зохиогдсон драфтаар Төмөр замын дээд сургуулийн “Жигүүртэн” шигшээ багийн хоёр тамирчин Үндэсний дээд лигт сонгогдон тоглох болсон юм.

Анх удаа зохиогдсон Үндэсний дээд лигийн драфтаар “Жигүүртэн” шигшээ багийн ахлагч Б.Хурцбаатар “Сэлэнгэ Бодонгууд” багт, “Жигүүртэн” шигшээ багийн тамирчин Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэтийн уурхайчид” багт сонгогдон шууд гэрээ хийж тоглохоор болсон. Энэхүү үйл явдал нь замчин тамирчдын амжилтын цувааг үргэлжлүүлэн сагсан бөмбөгийн шигшээ багийн шинэ түүхийг бүтээсэн юм.

Үндэсний дээд лигийн драфтын нэгдүгээр тойргийн дөрөв дэх сонголтоор сонгогдсон Төмөр замын дээд сургуулийн Жигүүртэн шигшээ багын ахлагч Б. Хурцбаатар нь Төмөр замын дээд сургуулийн “Автоматик телемеханик ба холбоо” ангийн 4-р курсийн оюутан. Бага наснаасаа эхлэн сагсан бөмбөг сонирхон тоглож эхэлсэн тэрбээр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын харьяат.  2022-2023 оны улиралд анх удаа нэгдүгээр дивизонд дэвшсэн багаа удирдаж Лигийн хүрэл медаль хүртэж  байсан. Тиймээс ч сагсан бөмбөг сонирхогчдын дунд “Жигүүртэн” багийг Үнсгэлжингийн үлгэрийн баатрууд хэмээн нэрлэх болсон гэдэг. Санаанд оромгүй амжилтаар олны гайхшралыг төрүүлснээс ч бас болсон биз.

Тус багийг УБТЗ-ын Замчин спорт хорооны дарга, Аймгийн арслан С.Ерөөлт дасгалжуулж бэлтгэдэг. Тэрбээр бөхийн спортоор хичээллэдэг байсан бөгөөд сагсан бөмбөгийн спортод ч нэлээдгүй дуртай байж. Тийм ч учраас оюутан залуусаа тамирчны хувиар бэлтгэж дадлагажуулж иржээ. 2007 онд Жигүүртэн багийг анх байгуулж өнөөдрийг хүртэлх хугацаанд нэлээдгүй амжилтыг үзүүлсэн байна. Энэ бүх амжилт бол итгэлцэл, дэг журам, зорилго дээр тогтдог хэмээн ярьсан юм.   

С.Ерөөлт: Жигүүртэн багийг шимтэн үздэг замчид маш олон болсон   

Дээд лигт сонгогдсон хоёр тамирчин маань анх орж ирэхдээ л сагсан бөмбөгийн суурьтай байсан. Аль аль нь нутгийнхаа шигшээд тоглодог байсан. мөн сагсан бөмбөгийн спортод сэтгэлээ зориулж чаддаг. Манай багийг машинтай зүйрлэвэл хөдөлгөдөг мотор нь гэж хэлэхүйц хоёр тамирчин юм.

Манай багийн тамирчид нэг сайхан авах чанартай. Бүгд хүмүүжил, харилцаа хандлага, сахилга бат сайтай. Одоо ер нь их төлөвшиж тогтсон гэж болно. Өнөөдрийг хүртэлх хугацаанд оюутнуудыг маань дэмжиж ажиллаж байсан бүх хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Жигүүртэн багийг шимтэн үздэг замчид маш олон болсон. Дээд лигт Өлзий-Орших, Мэндбаяр, Базаргүр гэх замчдаа хардаг байсан бол хоёроор нэмэгдэж байна. Энэ бол үнэхээр бахархууштай сайхан үйл явдал. Замын захиргаа, ТЗДС-ийн захиргаа , замчин спорт хороо бид бүгд хамтдаа ийм сайхан түүхийг бүтээлээ. Цаашид ч оюутан залуусаа дэмжсээр байвал амжилтын маань түүчээ тасрахгүй ээ гэж бодож байна.

Б.Бат-Эрдэнэ: Зааланд хамаг гунигтай бодлоо орхиод орж ирдэг

Намайг Баянмөнхийн Бат-Эрдэнэ гэдэг.  Багадаа сагсан бөмбөг гэхээсээ илүү хөл бөмбөг тоглох дуртай байсан. Үеэлийнхээ хоёр хүүхдийг дагаж анх тоглож үзээд маш их таалагдаж байсан. Бөмбөг тоглох дуртай байсан болоод ч тэр үү жаахан эвсэлтэй байсан юм болов уу гэж боддог. Энэ бол сайхан спорт. Сагсан бөмбөгийн момент болгонд нь дуртай. Хүчтэй хамгаалалт, тэсэрсэн довтолгоо гэх мэт. Хүчтэй алдаа нь хүртэл эргээд сайн довтолгоо, оноо авалтын суурь болдог. Энэ бүхнээс эрч хүчийг мэдэрдэг. Зааланд орж ирэхдээ ямар ч гунигтай үйл явдал болсон мартаад орж ирдэг. Зааланд хэзээ ч ядарч болохгүй, эхнээс нь дуусах хүртэл эрч хүчтэй байж л бэлтгэлээ дуусгадаг. Өөрийгөө нөөж, удаашрах дургүй. Аль болох л бүрэн дайчлахыг хичээдэг. Нэлээн хүндхэн тоглолт байгаад ядарч эхлэх үед гоол оруулах үед үзэгчдийн алга ташилтаас урам авдаг. Ядралт байхгүй болчихдог гэж болно.

Цаашид Жигүүртэн гэдэг багаас гарч ирсэн, С.Ерөөлт гэдэг багшийн бэлтгэсэн шавь гэдэг нэр хүндээ алдахгүй явахыг хичээх болно. Өнөөдрийг хүртэл бэлдэж, зөвлөж дэмждэг байсан багшдаа болон багийнхаа залууст, сургуулийн захиргаанд талархаж явдаг аа хэлмээр байна. Дээд лигт нэг их айхтар үүрэг хариуцлага өөртөө өгөхгүйгээр өөрийнхөө чадах зүйлийг харуулаад л явна гэж бодож байгаа.

Б.Хурцбаатар: Нутгийнхаа нэрийг, сургуулийнхаа нэрийг илүү өндөрт гаргах болно

Намайг Баяраагийн Хурцбаатар гэдэг. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын харьяат. Би өсвөр үедээ Сэлэнгэ аймгийн шигшээ багт тоглодог байсан. Ер нь багаасаа л сагсан бөмбөг тоглож өссөн. Улмаар ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд Төмөр замын дээд сургуулийг сонгосон. Сургуульдаа анх орж ирээд С.Ерөөлт багштайгаа танилцаж, Жигүүртэн багтаа орж байсан. Анх орж ирээд бусад оюутанд өөрийгөө харуулна, ур чадвараа ч илүү сайжруулна гэж бодож байсан. Тэр ч утгаараа анх орж ирснээсээ илүү өөрийгөө хөгжүүлж чадсан байх. Гэхдээ С.Ерөөлт багш маань биднээс нэг их зүйл шаарддаггүй. Өөрийнхөө чадах тоглолтоо гарга, нэгэндээ итгэ, багаараа ажилла л гэж захидаг.

Заал бол хоёр дахь гэр маань гэж хэлж болно. Орж ирэхэд л эрч хүч мэдрэгддэг. Дээд лигт өөрийгөө бүхий л чадлаараа дайчлах болно. Мэргэжлийн түвшинд тоглохоор болж байгаа учраас ур чадвар, тэсвэр хатуужил гээд бүх л зүйлдээ анхаарах болно. Маш олон хүний итгэлийг хүлээж, маш өндөр хариуцлага ирж байгаа учраас тэр бүхний итгэлийг алдахгүйг хичээнэ. Нутгийнхаа нэрийг, сургуулийнхаа нэрийг илүү өндөрт гаргах болно.

Эрч хүч, тэмүүллээр дүүрэн залууст спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу