Монгол Улсын Засгийн газрууд “Шинэчлэлийн”, “Шийдлийн”, “Мэргэжлийн” гэх мэтчилэн өөрсдийн тодотголтой явж ирсэн. Харин парламентын түүхэнд онцолсон тодотгол явж ирээгүй байдаг. Дуучин, бөх, эдийн засагч, цахилгаанчин, сантехникч, малын эмчээс эхлээд янз бүрийн мэргэжилтэй хүмүүс парламентын гишүүн болж байлаа. Тэгвэл УИХ-ын 2024 оны энэ удаагийн ээлжит сонгууль хэд хэдэн онцлогтой болно. Тухайлбал, бүсчилсэн тойрогт холимог тогтолцоогоор зохион байгуулж, 126 гишүүн тангараг өргөнө. 
УИХ-ын Сонгуулийн тухай хуульд заасны дагуу 78 гишүүнийг мажоритар буюу олныг төлөөлөх, 48 гишүүнийг пропорционал буюу хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгох юм. Ингэхдээ 78 гишүүнийг 13 тойргоос тухайн тойрог тус бүрийн мандатын тоотой тэнцүү хамгийн олон санал авсан нэр дэвшигчид парламентын босго алхана.
УИХ-ын ес дэх удаагийн сонгуульд улс төрийн 23 нам, хоёр эвсэл, 77 бие даагч нэр дэвшин өрсөлдөхөөр Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлээд байна. Тэгвэл энэ удаагийн сонгуульд улс төрийн намууд тэр дундаа эрх баригч МАН-ынхан сонгуулийн гол хөзрөө мэргэжлийн залуус байна хэмээн зарласан. Өөрөөр хэлбэл, мэдлэг, боловсролтой залуучуудаа дэмжиж чадвал парламентад олон суудал авах боломжтой гэж үзэж байгаа юм. МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар “Бид анх удаа Нэр дэвшүүлэгчийг тодруулах хүртэл баримтлах зарчим гэдгийг баталсан. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид гурван шалгуур хангах ёстой. Нэгдүгээрт, хяналтын байгууллагын ёс зүйн дүгнэлт гаргана. Хоёрдугаарт, иргэд, олон нийтийн дунд явуулсан шат шатны судалгааны үр дүнг харгалзан үзнэ. Гуравдугаарт, намын гишүүдийн дунд нээлттэй хэлэлцүүлсэн хэлэлцүүлгийн саналд үндэслэнэ. Нийгмийн бүлгийн төлөөллийг бүрдүүлэх замаар тэнцвэрт байдлыг хангасан тохиолдолд зөвшилцлийн парламент үүсдэг гэж үздэг. Хууль бус, мөнгөний болон бусад төрлийн ашиг сонирхолд нэгдсэн бүлэглэл парламентад орсон тохиолдолд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд аюул учирдаг. Тиймээс хэн нэгэн тойрон хүрээлэгч, бизнесийн төлөөллөөс дэнчин хандив авч нэр дэвшүүлэх эрх олгодог зүй зохисгүй үйлдлийг таслан зогсооно” хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл энэ удаагийн сонгуульд Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж, баруун бүс буюу Увс, Завхан, Ховд, Говь-Алтай аймагт Татварын ерөнхий газрын дарга асан Б.Заяабал, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо тэргүүтэй залуусаар тэргүүн эгнээг бүрдүүлэх юм байна.
М.Тэнүүн

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу