Хонь бүрэн чоно цатгалан байдаг цаг ард үлдсэн. Тийм ч учраас нэг, хоёроороо бус гурав, дөрөв, таваараа бүрэн эрхээ түдгэлзүүлэх хэмжээнд парламентын үйл ажиллагаа доголдоход хүрлээ. Доголдох гэхээсээ илүү парламентын гишүүний ёс зүй, өргөсөн тангараг өнөөдөр аль хэмжээнд байгааг улстөрчдийн холбогдсон гэх хэргүүдээс харж болно. Ардчиллын амин сүнс болсон парламентын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байх ёстой. Үүний тулд парламент өөрөө чадамжтай байх ёстой болж таарна. Гэтэл парламентын чадамжийг бууруулахад үлэмж нөлөөлж байгаа хүмүүс нь түмэн олноос сонгогдсон гишүүд нь болчихоод байна.

Г.Занданшатарын тэргүүлсэн парламентаас сайнаараа бус муу талаараа нийгэмд танигдсан гишүүд маш олон. Тэднээс 10 гаруй хүн бүрэн эрхээ түдгэлзүүлэх “болзлоо” хангачихаад байгаа юм. Цаашаа нэг алхвал хуулийн хавханд орчих гээд наашаа нэг алхчихвал ард түмэндээ “алуулчих” гээд амаргүй л байгаа харагдана. Гэхдээ хуулийн хавханд орж байхаар ард түмэндээ “алуулья” гэдэг сонголтыг хийхээр зориг шулуудчихсан. Энэ долоо хоногт УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлын ард парламент гарах ёстой. Гэмт хэрэгт нэр холбогдсон гишүүдийн бүрэн эрхийн асуудал өнөөдөр л анх яригдаж байгаа юм биш. Өмнө нь ганц нэгээрээ орж ирдэг байсан бол энэ удаа ээлж дараалан орж ирэх нэрс нь парламентад бүлэг байгуулах хэмжээний суудлыг хөндөж байгаад л олны анхаарал татаж байна.

Засгийн газрын “Шүүрдэж,” “шүүрэх”-ээс авлигын хэргийн асуудлууд сөхөгдөнө. Олон ч хүн шүүрэнд туугдаж, шүгэлдүүлж, шүүрүүлэх янзтай байна. Парламент гурван гишүүнээ аваад үлдвэл гудамжны жагсаал эхлэх нь тодорхой. Түүнийг санхүүжүүлэх хүмүүсийн чиг нь ч бараг тодорсон байгаа биз. Түүнчлэн хоёр том гүрний дунд ардчиллын баянбүрд болсон монголчуудын дунд гадны тусгай албадын хүмүүс ч шургалсан байгааг мартаж болохгүй. Тиймээс элдэв жагсаал цуглааныг өдөөн турхирч улс төрийн тогтворгүй байдлыг бий болгох хүсэлтэй хүмүүсийн ятгалга гурван гишүүний бүрэн эрхээс хамаарч явчих гээд байна. Гурван гишүүний бүрэн эрхийн асуудал мэт харагдах ч цаанаа маш том асуудлуудын эхлэл тавигдаж мэдэх л юм. Энэ хаврын жагсаал илүү өргөн хүрээг хамарч мэднэ. Гадаад орнуудын улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байгаа энэ үед цөс ихт монголчуудыг өнгөт хувьсгал руу турхирсан, өдөөсөн зүйл гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс бид дор бүрнээ ухаантай байх ёстойг энэ хаврын улс төр мөн давхар сануулж байгааг бид мартах ёсгүй.

УИХ дахь АН-ын бүлэг Д.Бат-Эрдэнэ гишүүнээ хамгаалаад үлдэнэ шүү гэдгээ шууд хэлчихсэн. Дээрээ даргатай АН-ын хувьд бүлгийн гишүүдийн шийдвэр гэхээсээ илүү Л.Гантөмөрөөс чиглүүлсэн үгийг тэд дамжуулсан байж таарна. Үргэлж ард түмнийхээ талд байна гэж хэлээд байгаа түүний хувьд хаврын жагсаалыг гурван гишүүний бүрэн эрхтэй хамт хөдөлгөх сонирхол байгаа юм биш биз хардахад хүргэж байна. Парламент чадамжтай байхын тулд ард түмнээ хулгайн хардлагатай нь үлдээх үү гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Улс төрд үйлийн үр гэж байдаг бол үйлийн үрээ одоо л эдэлж байна.

Улсын ерөнхий прокурор одоо л наад хүмүүсийн чинь үнэн мөнийг тогтоогоод өгье гэхээр зарим намын бүлэг нь аварч, хамгаална гээд байх юм. Ер нь явж явж прокуроынхоо саналаар бүрэн эрхээс нь түдгэлзүүлчихвэл яасан юм бэ. Хэдхэн хоногийн өмнө хаврын чуулган нээлтээ хийхэд УИХ-ын дарга Г.Занданшатар авлигын эсрэг чуулган болно хэмээн ам дүүрэн ярьсан биз дээ. Алийн болгон ард түмнээ жагсаал цуглаанд тултал нь явуулах ёстой юм бэ, спикер ээ. 

Э.ЭНХ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу