УИХ-ын сонгууль ганцхан сарын дараа болно. Энэ удаагийн сонгуульд улс төрийн 23 нам, хоёр эвсэл, 77 бие даагч нэр дэвшихээр хүсэлтээ өгөөд байна. Тавдугаар сарын 20-ны дотор намууд нэр дэвшигчдээ эцсийн байдлаар тодруулж Сонгуулийн ерөнхий хороонд нэрсээ өргөн барих учиртай. Сонгууль улс төрийн намууд тэр дундаа намын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын шатрын өрөг дэх нүүдэл юм.

Намын Ерөнхий нарийн бичгийн дарга нар улс төрийн нүүдлийн тооцоо, судалгаанаас эхлээд санхүүжилт босгох гал тогооны гол хүн. Тиймээс энэ удаагийн УИХ-ын сонгууль ч мөн адил генсекүүдийн халз нүүдэл болох нь дамжиггүй.

УИХ-ын ес дэх удаагийн сонгуульд МАН Дашзэгвийн Амарбаясгалангаар бодлогоо зангидуулна. Найман жил тасралтгүй засагласан намын хувьд иргэдийн залхалт, иргэдийн хүлээлтэд нийцээгүй шийдвэрүүд, цас зудаас эхлээд Улаанбаатарт замын түгжрэл, утаа, нийтийн тээврийн хүрэлцээ хангамжаар үргэлжилэх мянган бэрхшээлээ үүрч орно. Сонгуулийн стратеги боловсруулахдаа гарамгай гэгддэг Д.Амарбаясгалангийн хувьд энэ удаа ямар үүц задлах нь тун сонин байгаа юм. Намын гал тогоог хариуцах болсон цагаас хойш ялагдаж үзээгүй яваа түүний хувьд ялалтын буухиагаа үргэлжлүүлэх үү, ялагдлын цагаан туг өргөх үү гэдэг түүний цаашдын улс төрийн карьерт эрс өөрчлөлт авч ирнэ. Өнгөрөгч жилээс эхлэн иргэдийн шударга ёсны төлөөх тэмцэлд таацуулан “5Ш ажиллагаа”, цас зудын ард хүндхэн байгаа малчдад чиглэсэн “Шинэ хоршоо хөдөлгөөн” юугаар үргэлжлэх нь тунчиг сонирхолтой. Засгийн газрын зүгээс хямд үнэтэй орон сууцны хөтөлбөр зэрэг бодлого дэвшүүлсэн ч Д.Амарбаясгалангийн бодлого юу байх бол.

Түүний хувьд баруун бүс буюу Ховд, Завхан, Говь-Алтай, Увс аймагт нэр дэвшинэ. Нэр дэвшигчийн хувиар сонгуульдаа бэлдэх, бүтэн ялалт авахын тулд намаа бэлдэх том хариуцлага түүний өмнө байна. Өөрийн бодож явдаг зүйлсээ Засгийн газрын хөтөлбөр болгон батлуулж, эхнээсээ ажил болж эхэлж байх аж. Гурил, хивэгний гаалийн албан татварыг тэглүүлнэ гэсээр байгаад тэглүүлж, хууль батлуулж байгаа хүн бяраа харуулж байнаа л гэсэн үг. “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг хөлөлгөнө гэж байгаад ганц сарын дотор бүгдийг нь бужигнуулчихаад мушилзаж сууна. Жижиг биедээ байхгүй том нүүдэл түүнээс гарч мэднэ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг танихгүй хүн байхгүй. Харин бусад намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг таних хүн байхгүй. Тэр ганцаараа бодлого ярьж, бусад нь бодлогоо танилцуулах уу, өөрийгөө танилцуулах уу гэдэг сонголтын өмнө ирж байна.

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр дэргэдийн хүнээрээ Э.Одбаяр гэж залууг томилсон. Монголчууд бүү хэл намынхандаа танигдаагүй бондгор нөхөр тооноор орж ирсэнд битүүхэн дургүйцэх хүмүүс олон байсан. Нэгэн цагт тус намын дарга С.Эрдэнийн дэргэд шадарлаж яваад даргынхаа нэрээр хүмүүсээс зээл авч мурьж одсон гэх хар түүх түүнийг дагадаг. Намынхан нь ч түүнийг ярьдаг. Сүүлд сонсох нь ээ намд нь өгсөн байранд өөрөө нүүж орсон ч гэх шиг ядруухан бодолтой нэгэн хэмээн намынхан нь дүгнэж байх юм. Эрх баригч МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн өөдөөс АН нэг Амарбаясгаланг сойх ёстой атал тэгсэнгүй. Уг нь нэг зэвүүн залуу сөргүүлээд тавьчихсан бол өнөөдөр АН ингэж унтаа байдалтай сонгуулийн өмнө зүүрмэглэж суухгүй байсан. Нэр нь Одбаяр болохоос Ардчилсан намд од харвуулж баяр болгох зүйл одоохондоо хийж амжаагүй явна. Тийм ч хугацаа үлдсэнгүй. Намынхан нь Б.Хурцын хэлснээр “Дон Корлеоне” буюу Х.Баттулгын хүн гэдэг.

АН-ын дарга асан С.Эрдэнийн хүүтэй андуурагдах энэ нөхөр улс төрийн хол замд дөрөө даах хүн мөн үү, биш үү гэдэгт ихээхэн учир бий. Ямартай ч түүнд ажил албаны дадлага туршлага, эзэмшиж мэргэшсэн боловсрол мэдлэгийн намтар гэж алга. Үл бүтэх намтартай бол ямар ч хүн зарлан тунхаглаж, энд тэнд бичиж сийлээд байхгүй л дээ. Улс төрийн хүрээнд шүүрдээд байхаар Э.Одбаярыг С.Эрдэнийн хүү Э.Одбаяр аавыгаа хүчтэй байхад анх улс төрд хөтлөн оруулсан гэх. Тиймдээ ч намтарт нь алба хашсан ганцхан мөр байгаа нь С.Эрдэнэ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа хүүгийнхээ найз Э.Одбаярыг Хүүхдийн төлөө газрын даргаар томилж, унасныхаа дараа буюу 2017 онд намын удирдлагын багт оруулсан төдийгүй Хэрэг эрхлэх газрын дарга болгосон гэдэг. Гэтэл Э.Одбаяр нь МАН-ын удирдлагуудын өрөөний үүдэнд суудаг нөхөр хэмээн намынхан нь ярьдаг. Үүнээс үзэхэд АН-ын бодлогыг МАН тодорхойлдог болж таарах нь.

Үзсэн, туулсан улс төрийн намтар нимгэн түүний хувьд 2016 оноос ялагдаж яваа намаа аварч чадах эсэх нь тун эргэлзээтэй. Эхний ээлжинд намынхан нь түүнийг дэмжиж, ойлгодог баймаар байна. Үүний араас ард түмнээ дагуулдаг баймаар байна. Гудамжинд байгаа намаа ямар бодлогоор сонгуульд оруулах вэ гэдгээ бодож хөдөлмөөр байна. Одоогоор үнэхээр шаварт суусан машин шиг дороо л эргэж байна. Журмын нөхөд нь ч түүнд бүтэн итгэл үзүүлж чадахгүй байгаа тул ихээхэн тамир шаардаж байгаа юм билээ. Тамир нь барагдаж байгаа гэх.

Ганцхан сарын дараа хэн нь ялалтын оргилуун дарс буудуулж, хэн нь ялагдлын хүйтэн дарс залгилах бол…

Р.ЖАРГАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу