Энэ оны Москвагийн Ялалтын парад жилийн өмнөхөөс ч илүү даруухан болж цэргийн техник хэрэгслийн  цөөн тоогоор  Оросын түүхэнд рекорд тогтоов. Цаг агаар ч баярын арга хэмжээнд оролцогчдыг таалсангүй, сүүлийн хэдэн жилд анх удаа Москвад тавдугаар сарын 9-нд цас оров. Хамгийн сүүлд 1999 онд ийм өдөр тохиож байжээ.

Уг парадад есөн мянга гаруй хүн оролцов. Энэ нь жилийн өмнөхөөс нэг мянгаар илүү  ч 2022 оны парадад 11 мянган хүн оролцсоноос хоёр мянгаар бага юм. Мөн энэхүү парадад анх удаа Украинтай хийсэн дайнд оролцсон цэргийн албан хаагчид оролцжээ. Нийт 61 хуягт машин Улаан талбайгаар дайран өнгөрсөн нь жилийн өмнөх парадад 125 цэргийн техник хэрэгсэл оролцсоноос буурсан үзүүлэлт юм. Мөн хэл амнаас эмээсэн бололтой олноор нь үйлдвэрлэх боломжгүй орчин үеийн танк өөрөө явагч их буунуудыг огт оролцуулсангүй. Харин 15 байлдааны нисэх онгоц тэнгэрт ниссэн нь сүүлийн жилүүдэд болсон парадад хамгийн бага нисэхийн бүлэг юм. Заримдаа цаг агаарын байдлаас болж нисэх онгоцны нислэгийг цуцалдаг байсан нь үнэн, гэхдээ энэ удуу парад эхлэхээс өмнө цас орж байсан ч онгоц нисгэв.

Путин  өмнөх хоёр жилийнхтэй адил  “Аугаа эх орны дайны ялалтын тухай” төдийгүй Оросын Украины эсрэг хийсэн дайн, барууны орнуудтай сөргөлдөж байгаа тухай ярьсан. Гэхдээ энэ удаад барууны эсрэг үг хэллэг бага байв. Путин барууны “хэт их хүсэл эрмэлзэл”, ” нацизмыг дагагчдыг зөвтгөн”, “дайны тухай үнэнийг гуйвуулах оролдлого” хийдэг гэж тэдэнд гомдоллоод “Орос улс дэлхийн мөргөлдөөнөөс сэргийлэхийн тулд бүхнийг хийх болно. Гэхдээ үүнтэй зэрэгцэн хэн нэгэн биднийг заналхийлэхийг зөвшөөрөхгүй. Манай стратегийн хүчин үргэлж байлдааны бэлэн байдалд байна”  гэж мэдэгдэв. Мөн тэрбээр  “Дэлхийн II дайнд бараг бүх Европ фашистын Германы Вермахтын цэргийн хүчний төлөө ажиллаж байсан гэсэн ч  энэ  дайнд хоёрдугаар фронтын ач тусыг тэр даруй хүлээн зөвшөөрсөн үг хэлсэн байна.

Баруунд жил бүрийн тавдугаар сарын 8-н дэлхийн II дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр байдаг бол Орост 1965 оноос энэ сарын 9-нийг баяр болгон тэмдэглэх болсон билээ.

Г.АМАРСАНАА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу