“Монголын шилдэг нийтлэл” 99 цувралын 88 дугаар боть номын нээлт өнгөрсөн Баасан гарагт (2024.05.10) боллоо.
Энэхүү ботийн ерөнхий редактораар Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Ph.D профессор Тугалхүүгийн Баасансүрэн ажиллажээ. Тэрбээр энэхүү номын өмнөтгөлийг “Монголын сэтгүүл зүйд Эргэлт авчрах залуус” гэж нэрлээд “уйлж, дуулж, уурлаж бичсэн шүүмж” хэмээн тодотгожээ. Тэр ч утгаараа “Далд мэдээллийг ил болгож, нууц үйл ажиллагааг нь нууцын зэрэглэлээс гаргаж, уншигчдын хараанд өртүүлж буй зоригт сэтгүүлчдэд, Монгол Улсын дөрөв дэх засаглалд бүх нийтээрээ талархах учиртай” хэмээгээд шинэ цагийн сэтгүүлзүйн ирээдүйг уг сайтын сэтгүүлчид өнгөлж байгааг хэллээ.
Эргэлт.мн сайтын хамт олон сүүлийн жилүүдэд, “Эргэлтийн номын сан” шилдэг бүтээлийн цуврал 10 боть сэтгүүл зүйн ном, өдөр тутмын сонины хэв маягийг шингээсэн “Эргэлт” сэтгүүл 1, 2, 3, “Эргэлт” сонин, “Дөрвөн өөр намар” яруу найргийн хамтын ном зэргийг эрхлэн гаргасан билээ.

May be an image of book and text

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар:
“Монголын сэтгүүл зүйн салбарт “түүхэн” гэж хэлж болохуйц нэгэн үйл явдал тохиож байна. Сэтгүүл зүйн салбарын сүүлийн жилүүдийн шилдгийн шилдэг хамт олон бол яах аргагүй Эргэлт.мн сайтынхан. Залуу үедээ үлгэр дуурайлал болж буй олон сайт, редакцын нэг болох Эргэлтийн хамт олонд улам их амжилтыг хүсэн ерөөе”
Э.Хүрэлбаатар: Ямар сэтгүүл зүйн бүтээлүүдийг шилдэг гэж тодорхойлж байна, түүн рүү дөхөх гэж хичээж явна
Эргэлт.мн сайтын ерөнхий эрхлэгч, Балдорж шагналт сэтгүүлч Э.Хүрэлбаатар: “Яг ямар ямар бүтээл ороод энэхүү боть номыг бий болгов гэдэг асуулт гарах байх. Бидний зүгээс эдийн засгийн гэмт хэргийн тухай түлхүү бичдэг. Үе үеийн улс төрчийн хууль бус үйлдлийг илчилж тавьсан байгаа. Мөн 12 сэтгүүлчийн хөрөг нийтлэл, улс төрийн нийтлэл, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээл, ярилцлага, сурвалжилсан тэмдэглэл зэргийг багтаасан.  Бидэнд мэдээж алдаа оноо бий. Гэхдээ дэлхийн болон монголын сэтгүүл зүйн чиг хандлага хаана явна, ямар сэтгүүл зүйн бүтээлүүдийг шилдэг гэж тодорхойлж байна, яг түүн рүү л дөхөх гэж хичээж явна”
Т.Баасансүрэн: Миний амьдралын арав хоног дэмий өнгөрсөнгүй
Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор \Ph.D\ профессор Т.Баасансүрэн: “Энэхүү номын өмнөтгөлийг бичих гэж арав гаруй хоногийг зарцуулсан. Миний амьдралын арав хоног дэмий өнгөрсөнгүй. Залуу үеийг өөртөө нээж уншлаа. Итгэж болох ирээдүй маань өсөж дэвжих, хөгжиж байгааг мэдрэх нь өвгөн сэтгүүлч надад сайхан санагдсан. Уншигчдадаа хандаж хэлэхэд энэ бол муу ном болоогүй. Монголын нийгмийн амьдралыг бүх талаас нь гаргаж бичсэн  сайхан сурвалжилгууд, гүн гүнзгий ярилцлагуудтай, аян замыг тэмдэглэлтэй, торгон мэдрэмжтэй зураглалтай бүтээл болсон”
Д.Чанцалдулам: Өнгөрсөн хугацаанд юу хийж бүтээснээ уншигчдадаа дүгнүүлж байна
Эргэлт.мн сайтын эрэн сурвалжлах албаны сэтгүүлч Д.Чанцалдулам: “Хэдий дөрвөн жилийн хугацааг туулсан залуу редакц хэдий ч Монголын шилдэг нийтлэлийн нэгэн ботийг хамт олноороо бүтээх болсондоо баяртай байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд юу хийж бүтээсэн тухайгаа уншигчдадаа дүгнүүлж байна. Миний хувьд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээл болон ярилцлагуудыг нийтлүүлсэн. Жишээлбэл, Өмнөговь аймгийн Гурван тэс сумаас бэлтгэсэн “Давс үүрсэн гучин жил” гэх сурвалжилга бий. Монголын ээрэм говьд амьдрал хэрхэн өрнөдөг вэ гэдэг өнцгөөс бэлтгэсэн. Хүнсний хэрэглээний дийлэнх болох иоджуулсан давсны нөөцийг бэлтгэдэг дөрвөн ахмад настны тухай эгэл амьдралын тухай сурвалжилга юм”
Сэтгүүлзүйн нэвтэрхий толь хэмээгдэн, сайшаагдаж буй эл номд,
  • БАЛДОРЖ ШАГНАЛТ СЭТГҮҮЛЧ Э.ХҮРЭЛБААТАРЫН Хөвчийн харыг хаа таарсан газраа бууд цуврал, “Хүүгээ тэвэрсэн ээж үхэлтэй тэмцэлдэж явсаар ОХУ-ын хил давжээ” цуврал, “Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дууслаа” тэргүүтэй цуврал сурвалжилга

  • БАЛДОРЖ ШАГНАЛТ СЭТГҮҮЛЧ Б.ЭНХМАРТЫН Нулимстай бөхөн цуврал сурвалжилга, Дарма Батбаяр: “Хүн бүр адилхан сэтгэхүйтэй болно гэдэг эвлэрч болшгүй зүйл”, “Би хойд солонгос шиг өөрийнхөөрөө”, “Мөрөөдөл биелүүлэгч цахиур”, “Дэндүү үнэнч чи минь”, “Өвөөгүй наадам, “Бид болон монголын тал нутаг чамд хайртай” тэргүүтэй цуврал нийтлэл, ярилцлагууд

  • СЭТГҮҮЛЧ Б.ЦОГТБАЯРЫН “Хотын газраар хөлжигсөд”, “Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдууд нийлж, орон сууцны хотхон барьж, 229 тэрбумаар худалджээ”, “Сэтэртнүүдэд “сэглүүлсэн” богд Хан уул буюу хууль завхруулж мөнгө угаасан эздийн хаус, хотхонууд” цуврал эрэн сурвалжлах бүтээлүүд

  • СЭТГҮҮЛЧ Б. БАДРАЛМААГИЙН Цаст уулын хяраас хоёр мянган сарлагаа дүүгүүрийн чулуу исгэрүүлэн буулгах ямар сайхан байдаг гэж санана сурвалжилга, монголын анхны театр судлаач Дашдондогийн охин Батсайхан: Аав минь зовлонгийн өмнө бөхийгөөгүй, хатуужилтай, ноён нуруутай, хүний дээд хүн байлаа тэргүүтэй ярицлагууд

  • СЭТГҮҮЛЧ Д.ЧАНЦАЛДУЛАМЫН “Давс үүрсэн 40 жил”,  Хулгайн анчид хилчдийг минь зэрэмдэглэж, нүдийг нь ухаж, шүдийг нь сугалаад хаячихсан байсан гэдэг”, “Хувьцааны гол тоглогч буюу хогийн цэгийн тэрбумтан А.Чулуун тэргүүтэй сурвалжилга, тэмдэглэлүүд

  • СЭТГҮҮЛЧ Б.ГҮНЖИДИЙН “Д.Намдагийн охин Эрдэнээ: Аав минь хүүхдүүддээ эр зориг, сэтгэлийн хат, ард түмэндээ чансаатай бүтээл үлдээж чадсанаараа агуу юм” ярилцлага,  “Хараагүй ээжийгээ хөтөлсөн өргөмөл орос хүүгийн гэрэлт түүх”, “Зүрх зүсэж, сэтгэл шимшрүүлсэн отгонтэнгэрийн осол буюу 17 зүрх зогссон нь” цуврал нийтлэлүүд

  • СЭТГҮҮЛЧ А.АЗСАЙХАНЫ “Дурдатгал: Маршал Х.Чойбалсангийн ажлын өрөө байсан 204 тоот өрөөний үүднээс…”, “Өрнөдийг зорьсон анхны 35 сурагчийн гунигт түүх” тэмдэглэл, яруу найрагч Б.Батзаяа: Намайг өвчний түүхээс минь илүү сэтгэцийн асуудлууд зовоож байна” тэргүүтэй ярилцлагууд

  • СЭТГҮҮЛЧ Х.ДОРЖПАЛАМЫН “Хөгшин хээрээ хөтөлсөн буурал чаргачин”, “Амьдралаас үнэтэй мэргэжлийн эзэн Ц.Хишигбуян эмч зэрэг ярилцлагууд

  • СЭТГҮҮЛЧ Д.БЯМБАСҮРЭНГИЙН “Уудмын цээлд Ш.Чимэдцэеэ дуулж байна”, “Гитар барих л гэж төрсөн өөжгий”, “Монголын парламентын туг” зэрэг хөрөг бүтээлүүд

  • СЭТГҮҮЛЧ О.ЭРДЭНЭТУНГАЛАГИЙН Д.Анхбаяр: Нүдэндээ шивээс хийлгэх нь эрсдэлтэй ч сэтгэл догдлуулсан сайхан үйл явдлын нэг байсан”, “Kа:Би үргэлж шатаар дээш өгсөх болно, цахилгаан шатанд суухгүй”, “Б.Ихэрсувд: Дуу хөгжим намайг анагаадаг” зэрэг сонин содон ярилцлагууд

  • СЭТГҮҮЛЧ Б.ХОНГОРЗУЛЫН “Монголын ноён оргил академичдын 70 жилийн нөхөрлөлийн гэгээн түүх”,  жүжигчин О.Энхтуул: Би бол опал” зэрэг ховор зочдын сэтгэлийг нээсэн ярилцлагууд

  • СЭТГҮҮЛЧ Н.ОТГОНБААТАРЫН Г. Мандахнаран: Риогийн олимпын дараа гундуухан явахад Б.Лхагвасүрэн ах сэтгэл сэргээсэн сайхан үг хэлсэн дээ, Д.Төмөрхүлэг: Аав минь “Миний хүү бөмбөрцгийн бөх, дэлхийн хүн болжээ” гэж байлаа, Б.Зундуй: Ах нь цанын улсын дээд амжилтыг 36 удаа шинэчлэн тогтоож явлаа шүү дээ тэргүүтэй ярилцлага, сурвалжилга, сэтгүүл зүйн бүтээлүүд багтжээ.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу