Цасан шамарга хаялсан зуны эхэн сар. Өнгөрөгч Баасан гарагт зарим их, дээд сургуулиудын төгсөлтийн баяр болж өнгөрлөө. Хаврын ааш аяг олдох нь тун хэцүү ч цаг агаарыг нэг их хүндээр хүлээн авч байгаа хүн тун цөөн байх юм. Талбайн зүүн талаас цэцэг тэвэрсэн, монгол дээлтэй оюутнууд алхана. Тэнгэр бүрхэг саарал байсан ч тэд яг л саяхан дэлгэрсэн цэцэг мэт харагдаж байлаа. Дээлийнхээ энгэрийг ромбоор чимсэн нь бахархал төрүүлэм.

 

Их сургуулийн ширээнээс амьдралынхаа найз нөхдийг олоод амьдралд хөл тавих мөч бол хамгийн тод дурсамж байдаг. Дөрвөн жил дуусахгүй юм шиг урт эхэлдэг ч нэг л мэдэхэд хавар ирчихдэг нь гайхам. Хамаатан садан, найз нөхөд гээд баяр хүргэхээр ирсэн бүхэн амьдралын гараа, шинэ бүхнийг бэлгэдэх мэт гартаа цэцэгтэй байлаа. 

Орон нутгаас хүүхдийнхээ төгсөлтийн баярыг зорин ирсэн хүмүүс бушуухан гараад ирээсэй гэсэн шиг дороо тогтож ядан холхино. Аавууд шинэ дээлээр гоёж байсхийгээд л энгэрээ засаж, гутлынхаа тоосыг арчиж харагдана. Ийм их хүлээлт, догдлол шингэсэн газраар алхах нь ч баяр баясал юм. 

Цөөн хэдэн оюутнаас товчхон сэтгэгдлийг нь сонслоо. Юуны өмнө олны хөл бужигнасан газарт ойртож чадаагүйдээ бус тун чиг завгүй байгаа тэдэнд дараа болоод яах вэ хэмээн бодсоных. Тэвэрсэн цэцэг нь улам нэмэгдэж уулзах хүмүүс ч ихсэж байгаа бололтой нэг нэг рүүгээ гүйлдэж харагдана. Жил жилийн хаварт төв талбай ингэж цэцэгсээр дүүрдэг нь сайхан. Амьдралд тэмүүлсэн, алдаж оноход бэлэн гэх сэтгэл нь оргилсон ийм л гэгээлэг өдрүүд үргэлжилж байна.
МУБИС, НХУС-ийн Монгол хэл, Уран зохиолын багшийн ангийн төгсөгч н.Чинхүслэн
Юуны өмнө төгсөлтийн баярын мэнд хүргэе, өөрийнхөө сэтгэгдлийг хуваалцана уу?
-Анх ийм мэдрэмжийг арван жилийн сургуулиа төгсөхдөө авч байсан. Яг тэр мэдрэмжээ өнөөдөр илүү гүнзгийгээр оюутан цагийн найз нөхдийнхөө хамт мэдэрнэ гэдэг үгээр хэлэмгүй сайхан байна. Тэнгэр жаахан бүүдгэр байлаа, гэхдээ үүнийг үл тоож бидний сэтгэл, үүрээ орхиод нисэж буй үйл явдал үнэхээр халуун дулааныг бий болгосон. Анх их сургуулийн босгоор юу ч мэдэхгүй л сурагч орж байлаа. Тийм сурагчийг дөрвөн жилийн хугацаанд боловсруулж багш болгож төгсгөсөн багш нартаа үнэхээр их баярлаж явдаг аа илэрхийлмээр байна. Тусалж дэмжиж,  энэ хүртэл хамт явж ирсэн ангийнхандаа үнэхээр их баярлалаа гэж хэлье.
Ажлын байранд гарахад бэлэн үү?
-Бэлэн байлгүй яах вэ. Одоо бол хийж бүтээе гэсэн зориг ундарч байна.

 

Монгол Улсын Боловсролын их сургуулийн төгсөгч:
Юуны өмнө төгсөлтийн баярын мэнд хүргэе, өөрийнхөө сэтгэгдлийг хуваалцана уу?
-Амжилттай төгсөхөд минь тусалж дэмжиж байсан ангийнхандаа, гэр бүлийнхэндээ, багшдаа бүх зүйлд талархаж байна. Дөрвөн жилийн хугацаанд сурсан мэдсэнээ бататгаад эрдмийн баяр тэмдэглэнэ гэдэг бол оюутан хүний хувьд хамгийн бахархалтай сайхан мөч байдаг юм байна.
Ажлын байранд гарахад бэлэн үү? 
-Бэлэн. Суралцах хугацаандаа мэргэжлээрээ ажилладаг байсан учраас нэг их зовох зүйлгүй санагдаж байна.
МУБИС, НХУС-ийн Монгол хэл, Уран зохиолын багшийн ангийн төгсөгч Б.Наранхүү
Юуны өмнө төгсөлтийн баярын мэнд хүргэе, өөрийнхөө сэтгэгдлийг хуваалцана уу?
-Маш их догдлолтой байна. Нулимс их ойрхон байлаа, асгарах шахсан, барьж ядсан л өдөр байлаа. Энэ өдөр цас нэлээн орж байна. Үүнийг цагаанаар нь бэлгэшээж ирээдүйн амьдралын минь зам цас шиг, сүү шиг цагаан байх нь гэж бодсон. Ерөнхий боловсролын сургуульд би 12 жил ангийнхантайгаа хамт байж, төгссөн нь надад дотно байдаг.  Гэхдээ дөрвөн жил хамт байсан багш нар, ангийнхан маань магадгүй арван жилийн дурсамжаас ч илүү тод дурсамж болон үлдсэн байж болох юм. Оюутны дөрвөн жил алдаа оноотой, инээд хөөртэй үнэхээр дүүрэн сайхан дурсамж байлаа.
МУБИС-ийн төгсөгч: Дөрвөн жилийн хугацаанд их л олон зүйл тохиолоо. Их сургуульд суралцсанаараа маш их төлөвшлийг өөртөө бий болгодог юм байна. Миний хувьд Монгол Улсын Боловсролын Их сургуулийг төгссөндөө маш их баяртай байна. Ангийнхандаа болон дөрвөн жилийн турш хамт байсан найзууддаа хандаж хэлэхэд энэ хугацаанд зөндөө олон зүйл болсон. Энэ бүх хугацаанд хамт байсанд, маш их туршлагыг өгсөнд баярлалаа.

 

Тэд товчхон яриад цааш яарна. Амьдрал руу, найз нөхөд рүүгээ яарна. “Бүхний эхлэл гэдэг утгаар нь энэ цас шиг цагаахан байх болов уу гэж бэлгэшээж байна” хэмээн ярьсан залуугийн яриа мартагдахгүй байлаа. Цэцэг тэвэрсэн залуусын хөлд дарагдсан Сүхбаатарын талбай орчимд цасан шамарга хаялсаар.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу