Долоо хоног бүрийн Даваа гарагт УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралддаг билээ. Өнөөдөр (2024.05.13) МАН-ын бүлэг хуралдаагүй бол АН-ын бүлэг хуралдаж дуусжээ. 

Улмаар УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал “Мал аж ахуйн салбарыг сүйрүүлэх гэсэн эрх баригчдын бодлогыг Монголынхоо ард түмэнд ойлгуулах зайлшгүй шаардлага гарч байна. МАН-аас “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” гэх хөтөлбөрийг сонгуультай холбогдуулан танилцуулж, хэдэн арван тэрбумаар нь хурал цуглаан хийж, хэдэн арван төрийн албан хаагчийг хөдөө орон нутаг руу явуулж, нийгмийн сэтгэл зүйд буруу ойлголт төрүүлж байгаад гүнээ харамсаж байна. Хоршооны асуудал сүүлийн 34 жил яригдсан. Янз бүрийн хэлбэртэй хоршоо байгуулах ажил үе үеийн Засгийн газар хэрэгжүүлж байсан. Гэхдээ энэ удаагийнх шиг ямар ч эдийн засгийн тооцоололгүй, нөхцөл байдлыг бодитоор нь дүгнээгүй аян хэзээ ч хийж байгаагүй. 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн яриад байгаа загвар хоршоо өнөөдрийн нөхцөл байдалд эдийн засгийн ямар ч ашиггүй. Хэрэв малчдын амьдралыг сайжруулъя гэж бодож байгаа бол эхлээд хэд хэдэн зүйлийг хийх ёстой. 

Нэгдүгээрт, малаас гарч буй түүхий эд, бараа бүтээгдэхүүний үнийг бүрэн чөлөөлөх ёстой. 

Хоёрдугаарт, Зудын дараах нөхцөл байдлыг зөвөөр дүгнэж, малчдын зээлийг тэглэх ёстой. 

Гуравдугаарт, малжуулах төслийг хийх ёстой.

Энэ бүхний дараа хоршоожуулах асуудал яригдаж болно. Харамсалтай нь өнөөдөр эрх баригчид хамгийн буруугаас нь эхэлчихлээ. Зуднаар малчид маань нэг төлгийг дөрвөн сар тэжээсэн. Ингэхдээ сард хоёр боодол өвс, 5 кг хивэг ашигласан. Энэ нь 50 мянган төгрөг. Дөрвөн сараар тооцвол 200 мянган төгрөг болно. Гэтэл ийм үнээр тэжээсэн төлгийг төрийн буруутай үйл ажиллагаанаас болоод дээд тал нь 120 мянган төгрөгөөр зарж байна. Үндсэндээ, малчид маань 80 мянган төгрөгийн хохиролтой бизнес хийж байна.

Малчдадаа хандаж хэлэхэд, хоршооны зээлийг авахдаа эдийн засгийн үр өгөөжтэй байх боломжоо маш сайн судлаарай” хэмээлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу